Үнэт зүйлдээ өөдгүй ханддаг МОНГОЛЧУУД

397

Үнэт зүйлдээ өөдгүй ханддаг МОНГОЛЧУУД

 

Улс орон даяар “Музейн нээлттэй өдөр”-ийг гуравдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу төрийн болон орон нутгийн өмчит музей үндэсний түүх соёл, өв уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргаж, иргэдэд үнэ төлбөргүй нээлттэй үйлчилдэг.

Тэгвэл яг эдгээр өдрүүдэд музейн ачаалал таазандаа тулж, нэг дор хэт олон хүн цугларсны балгаар үнэ цэнтэй бүтээлүүд үнэгүйдэж, эвдэрч сүйдэх эрсдэл үүсдэг. Хатуухан хэлэхэд Соёлын яам энэ өдрүүдэд соёл сурталчлах нэрийдлээр үнэт олдворууддаа хайргүй ханддаг.

Уг нь Соёлын яам олон жил хадгалагдсан монголчуудын түүхт олдворуудад хамгийн их анхаарал хандуулж, хамгаалах бодлогыг гаргаж байх ёстой газар. Гэтэл цөөхөн хэдэн ажилчдад давчуу хугацаанд дааж, даваашгүй их ачаалал үүрүүлж, үнэт зүйлсээ эрсдэлд оруулах нөхцөлийг бүрдүүлж өгч байх жишээтэй.

Нөгөө талдаа үнэгүйд дуртай зарим иргэд музейд мөнгө төлж үзэхээс илүүтэй үнэгүй гэх сургаар нь шуурах хандлага гаргадаг. Уг нь ийм зүйлсэд хөрөнгө оруулж байж энэ төрлийн соёл суудаг жамтай.

Гэтэл  өнгөрсөн жилийн жишгээс харахад музейн нээлттэй өдрүүдэд 8500 гаруй хүн музей үзэж жилийн хугацаанд үйлчлүүлдэг хүмүүсийн тоог хэдхэн хоногт бүрдүүлсэн юм. Энэ нь тийм ч бахархууштай тоо биш бөгөөд олон хүмүүс музейд цугларснаар эмх замбараагүй байдал ч үүсэх эрсдэлтэй байсныг тухайн үед мэргэжилтнүүд шүүмжилж байв.

Уг асуудлаар Үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмаа “Иймэрхүү үйл ажиллагаа гэнэт хийснээр музейд ажиллаж буй боловсон хүчний тоо цөөн учир хүн хүчний тоо дутсан хүндрэлүүд гарсан. Дээр үеийн картын барааны үед бий болдог байсан урт дараалал, шахцалдаан шиг л зүйл болсон. Мөн манай үзэгчдийн соёл маш тааруу байгаа нь харагдлаа” хэмээн ярьж байв.

Харин Монголын Үндэсний музейн Бодлого төлөвлөлт удирдлагын хэлтсийн дарга И.Будбаяр энэ тухай 2019 онд ийн шүүмжилж байв.

Тэрээр“Музейн нээлттэй өдөрлөгийн үеэр өдөрт 13-14 мянган хүн ирсэн нь музейн ажиллах ачааллыг мэдээж давсан. Үзэгчдийн хувьд ч мөн ая тухтай үйлчлүүлэх бололцоог хангах боломжгүй болсон. Насны ангиллаар өдөр өдөрт нь хуваасан бол илүү замбараатай байх байсан болов уу” хэмээн шүүмжилж байсан юм.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ихэнх музей жилийн дөрвөн улиралд тогтмол үйл ажиллагаа явуулж долоо хоногт нэг удаа амарч, өглөөний 09:00 цагаас оройн 17:00 цаг хүртэл ажилладаг. Эдгээр өдрүүдэд тоотой хэдэн үйлчлүүлэгчид музейгээр үйлчлүүлж соёлын боловсролд хамрагдаж, хөрөнгө оруулдаг аж. Түүнчлэн хуулиараа манай улс 0-16 насны бүх хүүхдэд төрийн болон орон нутгийн музейг үнэгүй үзүүлдэг. Гэтэл нээлттэй өдрүүдэд хүүхэд олон ирсэн нь энэ талаарх мэдээлэл иргэдэд дутуу, дулимаг хүрсэн нь харагдаж буй.

Музей гэдэг бусад үзвэр, үйлчилгээний байгууллагаас тэс өөр зүйл. Тэнд соёлын өв, улсын түүхэн, дурсгалт эд өлгийн зүйл хадгалагдаж байдаг. Түүнчлэн үзмэр бүхэн нь давтагдашгүй, орлуулшгүй үнэ цэн, утга учиртай. Тиймээс музей нь тухайн үзэгчээс зайлшгүй соёл, ухамсар шаарддаг. Аягатай ундаа, амттан шимттэн идэнгээ эсвэл зураг, бичлэг хийж, цахим орчинд цацах зорилгоор музей үзнэ гэдэг яав ч зүйд нийцэхгүй. Үүнийг музейн ажилчид, урлаг судлаач, мэргэжилтнүүд ч хэлдэг.

Гэтэл манайд энэ төрлийн соёлд суралцаагүй үйлчлүүлэгчид нээлттэй гэх өдөрлөгөөр музейг дүүргэж, цугларсан нь соёлын өвд халдах, гэмтээх эрсдэлтэй байгааг эдгээр өдрүүдээс харж болно.

Олон улсад иргэддээ энэ төрлийн мэдлэг мэдээллийг байнгын өгч, үнэ цэнтэй бүхэндээ хариуцлагатай ханддаг. Үндэсний гэх музейгээ иргэд нь хүртэл хайрлаж, хүндэтгэдэг. Хэрэв нээлттэй өдөрлөг зарласан бол маш нарийн дэг журмаар үйлчлүүлэгчдээ оруулдаг. Зарим нь энэ төрлийн боловсролыг түгээх зорилгоор жилд нэг удаа нээлттэй өдөрлөг зарлах бус насны ангиллаар жилд олон давтамжтайгаар энэ төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Гэтэл манайд үнэ цэнтэй бүхнээ үнэгүйдүүлж, үнэтэй бүхэндээ өөдгүй ханддаг зан гаргасаар даджээ. 

 

https://eagle.mn/r/124193

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>