Д.Доржсүрэн: Хүүхэд бат бөх шүдтэй байх эсэх нь ээжээс ихээхэн хамааралтай

344

Д.Доржсүрэн: Хүүхэд бат бөх шүдтэй байх эсэх нь ээжээс ихээхэн хамааралтай

 

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр Монголд 10 хүүхэд тутмын 4-6 нь шүдээ эмчлүүлэх шаардлагатай байна. Үүнээс 6-12 настай хүүхдүүдийн 74 хувь нь шүд цоорох өвчөлтэй байна. Иймд шүд цоорол хэрхэн үүсдэг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх хэрэгтэй талаар "Ач" АУИС-ийн багш АУ-ны магистр, Тэргүүлэх зэргийн эмч Д.Доржсүрэнтэй ярилцлаа.
-Шүд цоорол яагаад үүсдэг вэ?
-Шүд цоорол үүсэхэд нөлөөлдөг гадаад болон дотоод хүчин зүйлүүд гэж байдаг. Гадаад хүчин зүйлүүдэд нь нийгмийн байдал, эрүүл мэндийн боловсролыг түгээж буй хэлбэрүүд, амны хөндийн эрүүл мэндийн талаар түгээх зарчим зэрэг багтдаг. Дотоод хүчин зүйлүүдэд нь жирэмсэн болсон ээжүүд ургийн шүд шүдлэх үйл явцын үед шүдний цооролгүй, амны хөндийн эрүүл мэнд хэвийн байх, хүүхдийн шүд эрдэсжилтэд хэрэгтэй хоол хүнсийг идсэнээр тухайн хүүхэд ээжээсээ төрөхдөө шүдний бат бөх чанартай төрнө. Бат бөх чанартай шүдтэй хүүхэд шүдний цооролд өртөх нь бага байдаг. Шүд ургаад гараад ирсний дараа шүд угаалт, амны хөндийн арчилгаа, амны хөндийн эрүүл мэндийн мэдээлэл дутмаг учраас шүд цоорол их үүсдэг.
-Шүд цооролт ханиад шиг халдварладаг уу?
-Тийм ээ. Шүд цооролт бол халдварт өвчин. Амны хөндийд нэг шүд цоорсон байлаа гэхэд цаашаа даамжирч олон шүдэнд цоорол үүсгэх эрсдэлтэй. Тэгэхээр эхнэр нөхөр байлаа гэхэд эхнэр нь цооролтой шүдтэй бол нөхрийнх шүдэнд цоорол үүсгэж, халдварладаг.
-Шүдний цоорол нь бусад эрхтнүүдээ гэмтээдэг үү. Хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?
-Шүдний цооролтой бол цооруулаад байгаа нян бактериуд хүний биед оршиж байна гэсэн үг. Тэдгээр нян бактериуд нь үржиж, хоол хүнс идэх болгонд хүний биед орсноор бусад эрхтэн тогтолцоонуудад эргэшгүй гэмтлүүдийг үзүүлж байдаг.
-Цооролтой шүдтэй удаан хугацаанд байх нь ямар сөрөг нөлөөтэй вэ. Хүмүүс өвдөхгүй л бол эмнэлэгт очдоггүй шүү дээ?
-Шүдний цооролд нөлөөлж буй нян бактериуд хүний амны хөндийд тэр дундаа хатуу эд шүдэнд сууснаар цаашаагаа цоорол, цоорлын хүндрэл, тулгуур эдийн өвчлөл, ясны үрэвсэл, ясны хальсны үрэвсэл, нэвчээс, буглаа гэх мэтчилэн улам илүү цааш хүндэрч, хүндрэлүүдийг өгдөг.
-Шүдний цоорол ямар үе шатуудаар явдаг вэ?
-Шүдний цоорол дотроо дөрвөн үе шаттай явагддаг. Үүнд, толбын үе, өнгөц, дунд, гүн цоорол зэрэг багтана. Гүн цоорлоос цаашаа зөөлцийн үрэвсэл, холбоосны үрэвсэл хэлбэрт шилждэг. Тиймд эдгээр үрэвсэлд шилжүүлэхгүйн тулд шүдний цоорлыг бага байхад нь эмчилгээ хийлгүүлбэл цааш гарах хүндрэл багасна.
-Монголд шүдний цоорол яагаад эрчимтэй тархаад байна вэ?
-Монголчууд нийгмийн байдал, ажил, санхүүгийн байдал ч гэдэг юм уу гадаад хүчин зүйлүүдийн нөлөөнөөс болоод шүдний эмнэлэгт гурван сар тутам очиж чаддаггүй. Заавал өвдсөн үедээ эмнэлэгт очдог болохоор энэ өвчлөл буурахгүйгээр өндөр түвшинд байгаа.
-Шүдний цооролтой холбоотой монголчуудын нийтлэг буруу ойлголт байдаг уу?
- Бид хүүхдүүддээ хорхой шүдэнд чинь байна. Чихэр идэхээр шүдэнд чинь хорхой орно гэдэг юм уу. Шүдний эмнэлэг, эмчийн талаар буруу ойлголт төрүүлдэг. “Хүүхдүүдийг эмчид үзүүлнэ, тариа хийлгэнэ шүү” гэх мэтээр айлгадаг. Тэрнээс болоод хүүхдүүдэд шүдний эмнэлэгт ирэх дадалгүй байна. Шүдний эмнэлэгт өвдөхөөр нь л хүүхдүүдээ авчирдаг болохоор шүдний эмнэлэгт очихоор миний шүд өвдөөд байна гэдэг ойлголтыг хүүхдүүд авчихдаг.
Хүүхдийн амны хөндийг эрүүл байлгахын тулд хүүхдийн шүдний эрүүл ахуйч дээр аваачих хэрэгтэй. Тэгээд шүдийг нь угаалгах дадал суулгах, шүд нь одоо ийм байдалтай байна. Эрүү нүүрнийх нь хөгжлийн систем энэ түвшинд явж байна. Одоо ийм шүднүүд ургах гэж байна. Энэ шүднүүдийг ургах үед нь ингэж хамгаална гэдэг ч юм уу эдгээр зүйлийг цэгцтэйгээр ойлгуулж, системтэйгээр явж чадах юм бол шүдний эмнэлгээс айх айдасгүй болно. Шууд өвдсөн хойно нь аваад ирэхээр айдастай болчихдог. Эмч нарт ч эмчилгээ хийхэд хүндрэлтэй, эмчилгээний явцад гаргах алдаа ч өндөр болдог.
-Амны хөндийн эрүүл мэндэд юу чухал вэ. Бид юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Амны хөндийн эрүүл мэндийн мэдээллийг цаг тухайн үед нь авснаараа цоорол гэдэг зүйлээс бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой. Цоорсон хойно нь эмчилгээ хийх биш цоорлыг урьдчилан хянаж чадах бол шүдний цоорол заавал байх ёстой өвчин биш.
-Шүдний цоорол үүсэхгүй байх боломжтой юу. Эмчлүүлэхдээ гаргадаг бидний алдаа юу вэ?
-Магадгүй та амны хөндийг сайн сахидаг, шүдний оо, сойзтойгоо сайн найзалдаг байх юм бол шүд цоорол заавал үүсэх ёстой биш. Энгийн үгээр тайлбарлавал нэг сайхан лагерийн байшинд өвөл очоод амьдаръя гэсэн пааргүй байх юм бол амьдарч чадахгүйтэй адилхан. Монголчууд мэдрэл тастуулах эмчилгээ буюу сувгийн эмчилгээ их хийлгэдэг. Гэвч сувгийн эмчилгээ хийлгэсэн шүд бол цусан хангамжгүй, даралтыг даах чадваргүй, нөхөн төлжүүлэх үйлчилгээ байхгүй. Нэг ёсондоо сувгийн эмчилгээ гэдэг судас мэдрэлийн багц зөөлцийг тастаад хаячиж байгаа учраас тухайн зөөлцийн шүдэнд үзүүлэх үүрэг, нөлөө нь алдагдчихдаг. Ингэхээр сувгийн эмчилгээ хийлгэсэн шүд зөвхөн байрлалаа хадгалж үлдээд, олон жил болсны даруу хатуу юм хазахад хугардаг. Тухайлбал, “Ааруул хазаад миний шүд хугарчихлаа” гэдэг ч юм уу иймэрхүү тохиолдол олон  гардаг.
-Тэгвэл нэгэнт сувгийн эмчилгээ хийлгүүлсэн бол яах ёстой вэ. Ер нь эрүүл амны хөндийтэй болох боломжтой юу?
-Монгол Улсад нүүр, амны эмчилгээ харьцангуй өндөр түвшинд явагдаж байгаатай холбоотойгоор сувгийн эмчилгээ хийлгэсэн шүд байх юм бол согог заслын аргаар бүрээсэлж, шүдийг байрлалд нь авч үлдэх аргыг өргөнөөр хэрэглэж байгаа. Тэгэхээр гурван сар тутамд нэг удаа шүдний эмнэлэгт үзүүлж, өөрийнхөө амны хөндийн эрүүл мэндэд ямар эрүүл мэндийн хэрэгцээ байгаа юм, энэ хэрэгцээндээ тохирсон эмчилгээг төлөвлүүлээд хийлгэж чадах юм бол эрүүл амны хөндийтэй байх бүрэн боломжтой.
-Сүүлийн үед шүдийг авахгүйгээр аль болох эмчилгээ хийх тал дээр анхаардаг болоод байгаа. Үүний ач холбогдол нь юу вэ?
-Шүдийг авахаас илүү тухайн хүнд нь таарсан эмчилгээг хийх зорилгыг тавьж ажиллаж байна. Мэдээж цоорлын хүндрэл болсон авах заалтад орж байгаа шүднүүд гэж байна. Шүд авах заалт гэж байна. Заалтад ороогүй л бол аль болох өөрийнх нь унаган шүдийг авч үлдэх арга зарчмуудыг эмчилгээний төлөвлөгөөндөө оруулдаг.
-Хүний унаган шүдийг яагаад авч үлдэх хэрэгтэй вэ?
-Хүмүүс цаг завгүй, санхүүгийн байдал нөхцөл, шүдний эмнэлэгт олон дахин ирүүлдэг гэдэг ойлголтоос болоод шүдийг шууд авхуулчхаад явчих сонирхолтой байдаг. Хүний өөрийн шүдийг авснаар буцаагаад согог заслын эмчилгээгээр шүдийг нөхөхөд өөрийнх нь шүдтэй 100 хувь ижилхэн байлгаж чадахгүй. Тийм учраас хүний унаган шүд бол тухайн хүний бие организмд нь тохирсон, өөрийнх нь эд эсийн нэг учраас өөрт нь л байх нь зөв.
-Чихэрлэг бүтээгдэхүүний их хэрэглээ шүдний цоорлыг нэмэгдэхэд нөлөөлж байгаа юу?
-Шүд цооролд нүүрс усны агууламж шууд нөлөөлнө. Нийгэм талаасаа хүнсний дэлгүүр байр, гудамж болгонд байна. Хүнсний дэлгүүр болгонд эрээн алаг хүүхдүүдийн сэдлийг татсан чихэр, нүүрс усны агууламжтай бүтээгдэхүүн их байгаа. Түүнээс гадна эрүүл хүнсний сонголт бага байгаатай холбоотой. Эцэг, эх болгон л хүүхдээ баяртай байлгахыг хүснэ. Тэгэхээр баяртай байлгахын тулд хор авч өгөөд энэ нь тухайн хүүхдийн шүд болон биеийн өсөлт хөгжил бүх л зүйл нөлөөлдөг. Нүүрс усны агууламж ихсэх тусам шүд цооролд илүү их өртөнө.
-Чихрийн хэрэглээг хэрхэн хянах вэ?
-Хөгжингүй орнуудын туршлагаас харахад хүүхдэд долоо хоногт нэг удаа л чихэр өгдөг. Чихэр идүүлэхдээ аманд байх хугацааг нь хянадаг. Нүүрс устай хоол хүнс удаан хугацаанд аманд байх тусам амны хөндийн ph орчныг өөрчлөөд ингэснээр илүү цооролд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тэгэхээр чихэр идсэн ч учиртай идэх хэрэгтэй байх нь. Чихрээ идчихээд шүдээ угаадаг зуршлыг бий болгох хэрэгтэй. Хүүхдэдээ өдөрт нэг удаа чихэр өглөө гэхэд чихрийн давтамжийг багасгах шаардлагатай. Сатааруулах зүйл үзэж байхад аманд хүлхэгдэх хугацаа нь уртасна. Тиймээсээ чихэр аманд байх хугацааг нь хянах хэрэгтэй.
-Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг?
-Эрүүл шүдээр зажлагдсан хоол хүнс цааш дамжигдвал таны бие эрүүл байна. Тэгэлгүй яах вэ. Гурван сар тутам шүдээ эмнэлэгт үзүүлснээр таны шүд эрүүл байх боломжтой.
-Ярилцсанд баярлалаа.
https://itoim.mn/a/2024/08/16/healthy-mongolia/nob?0f2f751e4ff7f76885d07d57deccc397

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>