Дэлхий нийтийн анхаарлыг татсан В.Путины Монгол Улс дахь айлчлалын үр дүн юу байв?
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчилсан нь өнгөрсөн өдрүүдэд дэлхий нийтийн анхаарлыг татав. Монгол Улсын мөнхийн хөрш ОХУ-ын ерөнхийлөгчийн 5 дахь айлчлал ямар үр дүнтэй болж өнгөрсөн талаар тоймлон хүргэж байна.
Өнөөх "ДЦС 3"-ыг өргөтгөх 1.3 тэрбум еврогийн олон улсын төслийн эхлэл тавигдлаа
Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав.
Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг хангадаг Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийг 50 МВт-ын блок станцаар өргөтгөх, дунд даралтын хэсгийн 48 МВт-ын блок станцыг буулгаж суурин дээр нь 250 МВт-ын блок станц шинээр барих зураг төсөл боловсруулж, инженерийн судалгаа хийхээр болов.
Шатахуун, түлш тасарна гэж айлтгүй боллоо
Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав.
Хэлэлцээр байгуулснаар Монгол Улс, ОХУ-ын газрын тосны салбарын хамтын ажиллагаа гүнзгийрч, ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн саадгүй, тогтвортой нийлүүлэх боломж бүрдлээ. Манай улс газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор, үүнээс 95 орчим хувийг ОХУ-аас авдаг. ОХУ газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийнхээ нөхцөл байдалтай холбоотойгоор 2023 онд шатахууны экспортод хязгаарлалт тавьж, газрын тосны бүтээгдэхүүний худалдааны хамтын ажиллагааны хэлэлцээртэй улс орнууд болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд энэ хязгаарлалтад хамаарахгүй байхаар зохицуулсан юм.
Олон жил яригдсан Эгийн голын УЦС урагшилна
“Эгийн голын усан цахилгаан станц”-ыг барих төсөлд онцгойлон анхаарч, байгаль орчны үнэлгээний асуудлыг цогцоор нь авч үзэхийн тулд хоёр талын ажлын хэсгийг байгуулахаар тохиролцож, Санамж бичиг байгуулав.
Тарваган тахал өвчний чиглэлээр хамтран ажиллана
Тарваган тахал өвчний тархвар судлалын чигэлэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын ЭМЯ болон ОХУ-ын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрхийг хамгаалах холбооны хяналтын газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав.
Талууд 2018 онд хамтран ажиллах хэлэлцээр байгуулж, хоёр улсын хилийн дагуух бүс нутагт зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр хамтран ажилласан.
Хэлэлцээрийг шинэчлэн байгуулснаар хамтран тандалт судалгаа хийх, мэдээлэл солилцох, тархвар судлал, нян судлалын чиглэлээр монголын мэргэжилтнүүд мэргэжил дээшлүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний ажил хийх, тархвар судлалын хүндрэл үүссэн тохиолдолд шуурхай хариу арга хэмжээ авах зэрэг өргөн боломж бий боллоо.