ДОХ-д сөхрөх үү, сөрөх үү!

13

ДОХ-д сөхрөх үү, сөрөх үү!

 

ДОХ-д сөхрөх үү, сөрөх үү гэдэг таны, миний ухамсрын л хэрэг. Монголчууд даанч цөөхөн, энэ тахал хүрснээ авч одохоос нааш салахгүй аюултай. Сүүлийн үед Монголд ДОХ-ын халдварын тохиолдол улам бүр нэмэгдэж байгаа нь аюулын харанга дэлдэж байна. Шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлэх бүрт дотор нэг юм тогхийж, сэтгэл зовнидог. Аймшигтай хар мэдээллийн мөрөөр 2010 оны яг өдийд орж явчихаж байснаа үргэлж санадаг. Хэдийгээр олон нийт нэг мэдээлэл сонсчихоод дараагийнх гарахаар түрүүчийнхийг нь ор тас мартчихдаг ч гэлээ нийгмийн ойн санамжид байгаасай гэхдээ ахин дахин сануулмаар байдаг. Гэхдээ үүнийг уншиж буй та санаж байж юуны магад, 2010 оны намар өдөр тутмын  сонины хуудаснаа “ДОХ-той донорын цусыг 14 хүнд сэлбэснийг ЭМЯ нууж байна” гэсэн шуугиантайхан мэдээлэл бичиж байсныг уншаагүй, сонсоогүй хүн цөөхөн болов уу.

“Тэдний олонх нь хүүхэд, эцэг эхчүүд энэ тухай огт мэдээгүй” гэж тэр нийтлэл эхэлдэг юм. Тэр донор бол ХДХВ-ийн халдварын 81 дэх тохиолдол байсан... Тэгвэл түүнээс хойш халдварын тоо гэрлийн хурдаар нэмэгдсэн...Өнгөрсөн онд ДОХ-ын тохиолдол 346 болсон тухай мэдээлж байв. Гэтэл энэ оны эхний найман сард 16 хүн ДОХ-оор өвчилснийг тогтоожээ. Тэр дундаа өнгөрсөн сард нэг хүн ХДХВ-ийн халдвар авсан нь батлагдаж. Бүх тохиолдлыг Улаанбаатарт илрүүлсэн гэхээр улсын маань нийслэл ДОХ-той хот болсон нь  төвөггүй ойлгогдож байна.

ДОХ-ын тохиолдлын албан бус тоогоор бол 650 орчим хүн ДОХ-ын вирус тээж яваа гэсэн  мэдээлэл бий. Дээр нь БЗДХӨ-ий 6899 тохиолдол бүртгэгдсэн байдаг юм байна. Халдвар авсан иргэдийн 62 хувийг 25-34 насны залуус, 80 хувийг нь эрэгтэйчүүд эзэлдэг. Бүртгэгдсэн тохиолдлуудын 99 хувь нь бэлгийн замаар дамжсан гэсэн судалгаа байдаг ч хардалт, эргэлзээ одоо ч байсаар... ДОХ-той донорын цусыг 14 хүнд сэлбэсэн гэж бодохоор... Гэхдээ одоо нөхцөл байдал нэгэнт ийм болсон тохиолдолд иргэдийнхээ ухамсартай л тулж ажиллахаас өөр гарц алга. Сошиалд хэрэлдэж талцаж байхаар үр хүүхдийнхээ гэр бүл, эрүүл мэндийн  боловсрол, бэлгийн боловсролд анхаармаар байна. Энэ тахалд эзлэгдвэл цөөхөн монголчуудаас хэд нь үлдэх билээ. Тэгэхээр үндэстнээрээ, ухамсрын давшилт хийх үү,  эсвэл тахалд эзлэгдэж мөхөх үү гэдэг асуултыг өөртөө, найз нөхөддөө, ойр тойрныхондоо, хүүхэд залуустаа тавиад үзээрэй.

Эх сурвалж "Өглөөний сонин"

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>