“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав

27

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.04.25/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар арван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

    Хуралдаан “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.  

         Тогтоолын төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин танилцуулав.

 

 

        Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна.” гэсэн заалт нь 2021 онд шинэчлэн найруулж баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусгалаа олж, уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсэгт “Шүүх эрх мэдэл хөгжлийн бодлоготой байх бөгөөд түүнийг Ерөнхий зөвлөл хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, Улсын дээд шүүх, Засгийн газартай зөвшилцөн Улсын Их Хуралд уламжилна.” гэж тогтоосон. Дээрх зорилтын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бүх шатны шүүх, Шүүхийн сахилгын хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын төлөөллийг оролцуулан “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-д тусгах саналыг боловсруулж, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Их Хуралд уламжилсан гэж байлаа.

        Мөн Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн саналыг үндэслэн “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Тогтоолын төслийг 10 жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг байх нь зүйтэй гэж үзээд нийт 766.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 7 зорилго, 16 зорилт, 79 арга хэмжээ, 103 шалгуур үзүүлэлт бүхий урт хугацааны хөгжлийн баримт бичиг байхаар боловсруулсан.

 

 

        Тухайлбал, Шүүхэд мэдүүлэх иргэний эрхийн баталгааг хангаж, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг дээшлүүлэх; Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэх; Шүүх эрх мэдлийн байгууллагын захиргааны менежментийг хөгжүүлэх; Шүүхийн хүний нөөцийн чадавхыг хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тасралтгүй хөгжүүлэх; Шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх; Шүүхийн үйлчилгээний дэд бүтцийг хөгжүүлэх; Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тохирсон, тогтвортой, урьдчилан тооцоолсон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх зэрэг асуудлыг цогцоор нь тусгасан гэв.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

          Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, үг хэллээ. Гишүүд Монгол Улсын хөгжлийн дүр төрхийг шүүхийн байдлаас харагдана гэдгийг тодотгоод шүүхийн ачаалал, ажиллах орчин нөхцөл, хуульчид бэлтгэж байгаа их, дээд сургуулийн чанарын талаар төсөлд тусгасан зохицуулалтын талаар тодруулав.

             Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг хариултдаа, сүүлийн 10 жил хөрөнгө оруулалт огт байхгүй. Үүнтэй холбоотойгоор ажиллах нөхцөл байдал, байр байхгүйгээс нэг хуралдаан сараар хойшилж байгааг дурдаад хөгжлийн бодлогоор энэ асуудлыг засч иргэн төвтэй шүүх болохын төлөө зорьж ажиллана гэв. Мөн тэрбээр "Монгол Улсад 526 шүүгч шүүн таслах үйл ажиллагаа явуулж, нийт 1400 орчим захиргааны албан хаагчидтай. Нийслэлд гэхэд нэг шүүхийн байранд гурван шүүх байрлаж, үйл ажиллагаа явуулж байна. 2023 оны мэдээллээр бид 106 мянган хэрэг шийдвэрлэсэн бөгөөд үүнийг 2014 онтой харьцуулахад жил тутам 1.6 дахин хэргийн тоо өсөж байна" гэж байлаа.

           Ажлын хэсгээс Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын 3.2.3 заалтад эрх зүйч болон хуульч бэлтгэх тогтолцооны эрх зүйн орчныг боловсронгуй болгож, сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэхэд холбогдох байгууллагатай хамтран ажиллана гээд 284 сая төгрөгийг 10 жилийн хугацаанд төлөвлөсөн гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.

          Байнгын хорооны саналаар “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.1 хувь нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдлаа.

 

 

        Тогтоол батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар үг хэлсэн. Тэрбээр, Сүүлийн жилүүдэд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах бодлогын эрх зүйн үндсийг энэ удаагийн УИХ хийснийг дурдаад энэхүү бодлогын баримт бичгийн зорилт хараат бус, шударга мэдлэгтэй, ур чадвартай, иргэдийн итгэлийг хүлээсэн, нээлттэй шүүх, шүүгчтэй байхад чиглэж байгааг онцлон тэмдэглэв.

          Мөн өнгөрсөн 30 жилийн хугацаанд шүүх эрх мэдлийн хууль эрх зүйн орчин, шүүхийн тогтолцоо зохион байгуулалт, шинэчлэгдэн өөрчлөгдөж ирсэн боловч шүүхийн бие даасан хараат бус байдлын суурь нөхцөл болсон шүүхийн эдийн засгийн баталгааг хангах ажил үндсэндээ орхигдож ирснийг Улсын Их Хурлын дэд дарга тодотгоод анхан болон давж заалдах шатны 116 шүүх зориулалтын бус байранд үйл ажиллагаагаа явуулж, энэ хэрээр иргэд шүүхийн үйлчилгээг шуурхай чанартай авах эрх хөндөгдөж, цаашлаад шүүх хуралдааны танхимын хүрэлцээгүй байдлаас хамааран хуралдаан хойшлох үндсэн шалтгааны нэг болж байна. Энэ нь хэрэг маргааныг цаг хугацаанд нь шийдвэрлэхэд зарим талаар сөргөөр нөлөөлж байна гэлээ.   

        Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд, шүүхийн байгууллагад учирч байгаа эдийн засгийн баталгааны асуудал болон шүүгч хариуцлагатай, мэргэшсэн, чадварлаг байх, шүүхийн нээлттэй, ил тод байдлыг сайжруулах зэрэг асуудлыг цогцоор нь авч үзэх, шүүх эрх мэдлийн цаашдын 10 жилийн хугацааны хөгжлийн бодлогыг баталснаар шүүхийн үйлчилгээний чанар, шуурхай байдалд ахиц дэвшил гарах ёстойг онцлон тэмдэглэсэн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>