Архангайн засаг “ноён” Д.Бат-Эрдэнэ хууль зөрчив

840
Аль ч газар зарчим алдагдахын хэрээр эмх замбараагүй байдал даамжирч, цөөн хэдэн хүний хувийн явцуу сонирхол ноёлдог.  Зарчим гэдгийг  хууль, эрх зүйн  талаас нь хэлээд байгаа юм.  Төрийн албанд ч, хувийн хэвшилд ч  ёс зүй, хууль тогтоомжоо барьж ажиллаагүй бол "будаа” болоод  дуусна. Төр төмбөгөр, ёс ёмбогор гэдгийн наад захын ухагдахуун ийм л байдаг. Гэтэл намын нэрээр гул барьж төр засгийн том, бага алба залгуулж яваа зарим нөхөд дэндүү зарчимгүй аашилж, олны дургүйцлыг өдөөн дэвэргэсээр  байна. Жирийн иргэдийн хувьд шударга ёсны харилцааг хоол унднаас өөрцгүй чухал хэрэгцээ хэмээн ухаардаг тул зарчимгүй дарга нарыг сүүлдээ үзэн ядах хандлагатай болжээ. Энэ тухай бодит жишээ, баримт цуглуулаад явбал хэдэн арван вагон дүүрэх биз.  

Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ намынхаа  харъяаллаар  олон хүнийг хууль бусаар ажилд томилжээ. Тухайлбал, аймгийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлогын хэлстийн даргын албан тушаалд  Д.Оюунчимэгийг, Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргаар Ч.Баасанжавыг тус тус томилохдоо ашиг сонирхолын талаарх мэдүүлгийг нь гаргуулаагүй байна. Нэгэнт  хуулиар заагаад өгсөн зарчим, хэм хэмжээг  ийнхүү зөрчсөн нь илт байсаар байтал  Д.Бат-Эрдэнэ дарга энэ алдаагаа засахыг хүсэхгүй байгаа бололтой. 

Түүний дураар аашлах явдал өөр албан тушаалтнуудын томилгоон дээр ч бас илэрхий харагдаж буй ажээ.  АН-аас нэр дэвшиж  сонгогдсон иргэдийн  хурлын төлөөлөгчдөөс нь  Аймгийн Татварын хэлтсийн даргаар Р.Цэрэннадмид , Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар Ж.Вандансүрэн, Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн даргаар Ц.Гантөмөр, Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар Б.Батцэцэг  нар ажиллаж байна. 

Эдгээр хүмүүс Төрийн албаны тухай хууль болон Улс төрийн намын тухай хуулийг   зөрчсөн тул "Хариуцлагын тогтолцоо”  төрийн бус байгууллагын салбар зөвлөлөөс  шаардлага хүргүүлсэн байна.  Тэдний шаардлагын  дагуу Төрийн албаны зөвлөл дээрх бүх томилгоог хянаж үзээд  хууль бус  гэдгийг  хүлээн зөвшөөрч, яаралтай засахыг Д.Бат-Эрдэнэд даалгажээ.

Ер нь иргэний байгууллагын зүй ёсны  шаардлагыг  төрийн байгууллагууд  хүлээн авч,  хуульд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулбал  илүү соёлтой харагддаг учиртай. Төрийг засахад иргэдийн зүгээс оролцох хэлбэр, арга замуудын нэг нь хөндлөнгийн хяналт, шүүмж, зөвлөмжүүд байдаг  гэдгийг Бат-Эрдэнэ дарга эс ойлговоос олон нийтийн өмнө жинхэнэ "мулгуу амьтан” гэдгээ  харуулна.

Олон нийтийн хяналтаас илүү  ухаалаг, хүчтэй  нь одоогоор тодорч гарч ирээгүй  байгаа юм л даа.

Б.Отгонбаяр 

Эх сурвалж: Tumen.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>