Хурдан морины унаач хотын жаалууд

758

Б.СОЛОНГО, С.УЯНГА

 

Сурв: Эрдэмтэн болохын тулд математикийн хичээлдээ сайн байх хэрэгтэй дээ?

Б.Амарбаясгалан: Аанхаан. Би монгол хэлний хичээлдээ илүү сайн. Гэхдээ л эрдэмтэн болно.

 

Хүчит бөхчүүд эр бяраа гайхуулж, хүүхдийн гийнгоон дуу дэнж хотойтол цуурайтаж, эрхийн мэргэн харваачид нум сумаа эвшээлгэсэн эрийн гурван наадам айсуй. Хацар нь нар салхинд холцруутаж, хотоос ирсэн чамин зурагтай сэтгүүлийг булаалдан сонирхох том, жижиг унаач жаалууд морины уяа хавьцаа бөөгнөрөн сууна. Бас хэд нь морио услахаар мордож харагдана. Уяачид мориныхоо хөлс, тоосыг хусан уяан дээр эргэлдэнэ. Хол, ойрын хурдан морины уяачид наадам дөхөхөөр цугладаг Хүй долоо худгийн ойролцоо энэ жил тун гандуухан байна. Багахан ногоорсон хөндийд хурдан морины 30 гаруй гал бөөндөө буужээ. Ихэнх уяач өвс ногоо муу байгаа учраас  морьдоо аваад Архангай, Өвөрхангай руу нүүсэн сурагтай. Өдөртөө шороогоор шуурч, шөнөдөө бүгчим хонож байгаа учраас морьдынхоо чадал тэнхээг гамнаж, хэдэн өдөр алгасаж хөлсөлж байгаа тухай ярьсаар уяач Ч.Энхбаатар биднийг угтсан  юм. Тэрээр арав гаруй жил морь уяж байна. Энэ жилийн хувьд Булган аймгийн Тэшиг сумын харьяат Д.Жамьяансүрэн, Дэлгэрхааны уяач Равдандорж нарын хурдан хүлгүүдийг улс, аймаг, сумын наадамд сойхоор Төв аймгийн Алтанбулаг сумаас ирж галаа ахлан ийнхүү уламжлал ёсоороо хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж яваа нь энэ. Үүрээс үдшийн бүрий хүртэл амсхийх завгүй морьтойгоо "ноцолддог” ч морины хэдэн хүүхэдтэйгээ хамаг юмаа болгоод л байна гэж хэнэггүй хариулах. Энэ галынхан зургаан насны морьдынхоо зургааг нь улсад сойж байгаа бол үлдсэн арваадыг нь Алтанбулаг сумынхаа наадамд уралдуулахаар зэхжээ. 

Бид энэ удаа уяачдын гал дээр саатахдаа хэн бүхний хийморийг сэргээдэг хурдан морины уралдаанд уухайн дуугаар түрлэг нэмж, гийнгоо хадаадаг унаач хүүхдийг "Амьдралын тойрог” буландаа онцлохоор зорьсон билээ. Уяач Ч.Энхбаатарын найз Батбаатарын том хүү 14 настай Б.Амарсанаа. Долоон настайгаасаа хурдан морины нуруун дээр гарч, морины талаар томчуудтай ам уралдан ярих хэрсүү жаал. Түүнийг харин Улаанбаатарын уугуул хүү гэж анх харсан хэн ч хэлэхээргүй. Зун, өвлийн амралтаараа Төв аймгийн Алтанбулаг суманд байх эмээгийндээ очиж мал маллах ажилд нь тусалсаар багаасаа моринд хорхойсч өсчээ. "Морь унахаар хийморь сэргээд л, толгой өвдөхөө больчихдог” гэж хэвлүүлэн ярих энэ хүү Нийслэлийн 68 дугаар дунд сургуулийн долдугаар ангийн сурагч. Хурдлуулсан морьд нь айраг, түрүү авч үзээгүй ч сумынхаа наадамд байнга 10-20 дугаар байранд ирдэг гэж тэр ярина. Энэ жил Б.Амарсанаа хүүгийн хувьд анхны улсын наадам. Бас  хурдан морины нуруун дээр гийнгоо хадаан давхих сүүлийн наадам. Учир нь их нас, соёолонгоос бусад насанд жин нь хүнддэхээр болсон тул ирэх жилээс морь унах албанаас "халагдах” гэнэ. Гэхдээ морь унаж уралдаж чадахгүй ч, ирэх жилийн наадамд өөрийн уясан хурдан морьдыг уралдуулна гэж ярьж байв. Энэ жилийн унаач хүү ирэх жил хурдан морины уяач болно гэсэн. 

Б.Батбаатарын гэр бүл, Уяач Ч.Энхбаатар. Амарсанаа, Амарбаясгалан хоёрын аав, ээж хотоос хүүхдүүдээ эргэхээр иржээ.

 

Б.Амарсанаагийн бас нэгэн хобби нь хөлбөмбөг. Тэрээр хөлбөмбөгийн "Энх” клубын тамирчин. Баг нь "Дуулиан” тэмцээний хоёр ч удаагийн аварга гэсэн шүү. Сургуулиа төгсөөд Батлан хамгаалахын их сургуульд элсэн орж, өвөөгийнхөө мэргэжлийг өвлөн цэргийн хүн болно гэж тэр шийджээ. Одооноос сургуулиа судалж, бэлтгэлээ хангаж байгаа гэсэн. "Хэрэв хүссэн сургуульдаа орж чадвал аав, ээжийнхээ ачийг хариуллаа л гэсэн үг” хэмээн ярих ухаалаг хүү байна лээ.

Б.Амарсанаа ганцаараа моринд хайртай болоогүй. Хоёр жилийн өмнөөс дүүгээ дагуулаад морины гал хэсдэг болж. Дүү Б.Амарбаясгалан нь одоо найман настай. Мөн л энэ жил анхныхаа улсын наадамд орох гэж байгаа. Ахтайгаа зэрэгцэн даага, шүдлэн хөлсөлж, зургаан насны морь унаж байгаа дүү нь 68 дугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч. Ангийнхаа онц сурлагатан, тэргүүний сурагч, "Алтан сарнай” цомын эзэн гэсэн. Б.Амарбаясгалангаас ингэж асуусан юм.

-Морь унахын юу нь сайхан юм?

-Гоё шүү дээ. Хавар болохоор хурдхан шиг л хичээл тараасай гэж боддог.

-Чи том болоод ямар мэргэжилтэй болох вэ?

-Эрдэмтэн!!!

Хэвлүүхэн, хэрэндээ л том яриатай энэ нөхөр дандаа л "Эрдэмтэн болно” гэж ярьдаг гэсэн. Ах, дүү хоёр хоёулаа хичээлдээ мундаг гэж аав, ээж нь магтаж байв.  Аав, ээж нь хотоос хоёр хүүгээ эргэхээр ирчихсэн байсан юм. Даага сургаж байгаад унаад шалбалчихсан хацрыг нь илэнгээ ээж нь том хүүгээ "Миний хүү чинь мундаг” гэж магтана. "Амралт дуусах дөхөхөөр гэрт нь аваачиж, хоёр хүүгээ өнгө зүсэнд нь оруулна даа” гээд хөхрөв. Б.Батбаатар өөрөө морь уядаг, энэ жилээс суурин ажилтай тул түр хойшлуулж, хоёр хүүгээ найзынхаа морийг унуулахаар өгсөн хэрэг. "Хүүхдүүдээ мориноос уначих вий гэж айдаггүй юу” гэж асуухад  "Ойчих вий, уначих болов уу, гэмтэнэ дээ  гэж бодох юм бол хурдан морь унуулсны хэрэг юу байна. Харин ч миний хүүхдүүд морио сайн унаад, айраг түрүү аваасай гэж боддог. Манай хоёр амралтаараа бол олдохгүй шүү дээ. Бушуухан л хөдөө гарахын түүс болно. Уг нь энэ насан дээрээ бусад хүүхдүүд шиг компьютер, гар утастай нөхөрлөхгүй морь малтай дотносч сурсанд нь баярлаад л байдаг юм. Том хүү маань уяач болно гэсэн. Энэ хүслийг нь ч бид тууштай дэмжиж байгаа. Гол нь сургуулиа төгсөөд зорьсон мэргэжлээ заавал эзэмшээрэй гэж захидаг.  Хичээл, сургууль, хүсэл сонирхлыг нь бүх талаар дэмжихийг л боддог юм. Гэрт нь хориод зурагт үзүүлж, компьютер тоглуулаад байхыг хүсдэггүй” гэж ярив. Хүүхдүүдээ морины гал дээр орхиод, дуртай юмыг нь хийлгэн, бие даалгаж сургах зоригтой аав, ээж тийм ч олон биш болов уу. Ялангуяа хотын айлуудад.

Сурв: Танай гэр бүлийнхэн ер нь их завгүй хүмүүс бололтой. Хүүхдүүдээ багаас нь моринд хайртай болгосон нь хүмүүжилд нь ч сайнаар нөлөөлөх байх?

Б.Батбаатар: Манай том хүү нэг настай байхаасаа л хөдөө гарсан. Манай ээж Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул. Ядаж л ханиад хүрэхгүй, өвчин ороохгүй шүү дээ. Манай хоёрт ер нь чөлөөт цаг байхгүй дээ. Өвөл, зуныхаа амралтаар морь, мал гээд олдохгүй. Намар хотод гэртээ харихаараа дугуйлан секц, хөлбөмбөг гээд завгүй. Сургуульдаа ч идэвх сайтай.  

 

Унаач хүүхдүүд наадамдаа бэлтгээд уяачдаасаа дутахгүй хүлээлттэй байна. Өдөртөө морины уяанаас холдоно гэж үгүй. Морио усална, хөлсөлнө, хусна гээд өдөржин ажил ихтэй. Бугуйнаасаа ташуураа сураар бэхэлж, булцгар хоёр хацар нь нар салхинд борлосон унаач хүүхдүүдийн нэг өдрийн амьдрал ихэнхдээ морины дэргэд л өнгөрнө. Том нь жижгээ харна, хоолоо бас хийнэ, зав гарвал тоглоно.

Наадам дөхөхөөр сэтгэл догдлоод, нойр хүрдэггүй хэмээн хүүхдийн ариун цагаан сэтгэлээр өгүүлэх унаач жаалуудын хурдан хүлэг нь түмэн агтыг манлайлан түрүүлж, унасан хүүхэд, уясан эзнээ баярлуулах болтугай.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

"Энэ жил улсын наадамд анх удаагаа уралдана. Бас хурдан морь унах сүүлийн наадам. Ирэх жилээс уяач болно оо”

Сурв: Морь хурдлаад ирэхээр зам харагдахгүй хэцүү биз. Уяачид нь ямар зөвлөгөө өгч байна?

Б.Амарсанаа: Мориныхоо амыг сайн татаарай л гэж захидаг. Зурхайд хүрэхээсээ өмнө газраа сайн нүдэлж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол олон морины тоосонд юу ч харагдахгүй болох нь бий. Сумын наадамд уралдаж байхдаа мориноосоо унаж байсан. Гэхдээ сүртэй гэмтээгүй. Ер нь уралдаж байхдаа уначих вий гэж боддоггүй.

Зууны мэдээ сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>