М.Энхболд: УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр манай намын бүлэг дээр сайхан зүйл зөндөө л ярьсан

1079
 

Улс төрд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д суудалтай намуудын дарга болон УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Намуудын гаргаж байгаа шийдвэртэй холбоотойгоор Ерөнхийлөгч ярьж байгаа болохоор би хэдэн үг хэлье. Та сүүлийн хоёр гурван өдрийн үйл явдлыг ажиглаж байгаа байх. Энэ үйл явдал бол сүүлийн нэг хоёр сард эхлэл нь тавигдажбайгаа асуудал юм. Манай нам бол хоёр л зүйлийг ярьж байгаа. Нэгдүгээрт, хамтарсан Засгийн газар байгуулахад хоёр талаас зөвшилцөж гэрээ байгуулсан. Энэ гэрээг бодитой дүгнэе. Хэн нь юугаа хийж чадсан юм, хэн нь юугаа хийж чадаагүй юм, хийж чадаагүй алдагдсан ажил хэний буруугаас болсон юм бэ гэдгийг бодитой дүгнэе. Гэрээг дүгнэсэн гээд байгаа. Гэвч нэг талын давуу байдлаар гэрээг дүгнэчихсэн.

Тухайлбал, Ө.Энхтүвшин, А.Тлейхан нарын ахалсан ажлын хэсгүүд хуралдаад хуулиа УИХ-д өргөн барьж батлуулж болоод байдаг. Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг нарын ажлын хэсэг огт хуралддаг ч үгүй, хуулийн төсөл нь ч орж ирдэгггүй. Гэтэл зөвхөн МАН-ын буруугаас болж УИХ дээр ажил зогсоод байгаа юм шиг ярьж байгааг бодитой дүгнэе. Гэрээний бодитой дүгнэлтийг олон түмэнд ил болгоё, тэгээд гэрээг цуцалъя гэсэн байр суурьтай байна.

Хоёрдугаарт, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын дарга З.Энхболд нар манай намын бүлэг дээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард орж ирээд долоон цагийн турш ярьсан. Сайхан зүйл зөндөө л ярьсан. Ерөнхий сайд өөрөө УИХ-д зургаан сайдын асуудлыг оруулж ирээрэй гэж бид хэлж байгаа. МАН энэ байр суурин дээрээ хэвээр байна" гэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>