Ерөнхий сайд “Чингис хаан” нисэх буудлын үйл ажиллагаатай танилцав

940

Ерөнхий сайд “Чингис хаан” нисэх буудлын үйл ажиллагаатай танилцав

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  "Чингис хаан” олон улсын нисэх буудлын өдөр тутмын үйл ажиллагаа болон транзит заал байгуулах, зорчигчдын танхимыг өртгөтгөх барилгын ажлын явцтай танилцлаа. Энэ танилцах үйл явц нь урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт хийгдсэн бөгөөд Сөүл-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэг тус буудалд буух үетэй давхацсан юм.

Ерөнхий сайдтай хамт "Найрсаг Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ажиллалаа. Нийслэлийн нэг томоохон үүд хаалга болсон "Чингис хаан” олон улсын нисэх буудлаар өнгөрөгч онд 1.1 сая зорчигч үйлчлүүлсэн бол зуны ид оргил ачааллын үеэр өдөрт гадаад, дотоодын 50 гаруй нислэг хийгдэж байна. Аялал жуулчлал, хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр эдгээр тоо ч цаашид нэмэгдэх дүр зураг харагдаж байгааг тус газрынхан онцолсон. Гэсэн хэдий ч нисэх буудал дээр онгоц газардсаны дараа угтах хоолойд хил, гааль, мэргэжлийн хяналт гээд төрийн байгууллагын дүрэмт хувцастай хэд хэдэн ажилтан зорчигчдыг тосч байгаа нь зохистой зүйл биш, ингэж  гадаад, дотоодын жуулчдын тав тухыг алдагдуулж, хүнд суртал үүсгэх шаардлагагүй учраас нэг ажилтанд хариуцуулан, гүйцэтгүүлэхийг Ерөнхий сайд даалгалаа.
 
 
Мөн иргэд онгоцноос буугаад хилийн зурвасаар нэвтрэхдээ заавал гар тээшээ рентгэн төхөөрөмжөөр дахин шалгуулж байгаа нь олон улсын жишигт нийцэхгүй байгааг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэллээ. Тодруулбал, зорчигч манай улсыг зорихоор онгоцонд суухдаа тухайн орны хил, гаалийн байгууллагын ажилтнаар өөрийн гар тээшинд зохих аюулгүйн үзлэг хийлгэж, төхөөрөмжөөр шалгуулдаг. Иймд онгоцноос буугаад Монгол Улсын хилээр нэвтрэхдээ ахин гар тээшээ шалгуулж байгааг зогсоож, ногоон гарцыг ашиглан, зорчигчдод ямар нэг хүндрэл саад учруулалгүйгээр хилээр нэвтрүүлж байхыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг холбогдох байгууллагуудад онцгой анхааруулж, хугацаатай үүрэг даалгавар өглөө.
 
Ирэх онд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт манай улсад зохион байгуулагдана. Түүнчлэн ойрын жилүүдэд болох томоохон арга хэмжээнүүдэд оролцох олон орны зочид, төлөөлөгчдийг нэгэн зэрэг хүлээн авах шаардлагатай учраас "Чингис хаан” олон улсын нисэх буудалд онгоц хөөрөх, буух зурвасыг өргөтгөх, транзит заал байгуулах, зорчигчдын танхимыг өргөтгөх ажлууд хийгдэж байна. Энэ ажлын гүйцэтгэл ямар байгаатай Ерөнхий сайд танилцсан. Нийтдээ 20.7 тэрбум төгрөгийн засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа бөгөөд есдүгээр сарын 30-нд бүрэн дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>