Б.Бядаа: Хүүтэй хүн алздаггүй юм гэсээн
Эрээн бараантай хорвоогийн замд бүдчиж явахдаа
Эрдэнэс олсон би азтай хүн
Энгэрт минь зүүгдэх нэг насны гоёлоо
Энэ орчлонгоос хүртсэн би жаргалтай хүн
Хэвлийдээ тээсэн арван сарын минь хугацааг
Хир удаан амьдрахаар биш хэн болсноороо нөхөж төлөөрэй миний хүү
Хэлж жишээлж зүйрлэмгүй төрөлтийн их өвдөлтийг
Хэнгэргийг минь цоортол дуулгах сайн мэдээгээр шагнаарай миний хүү
Даргын ширээнд сууж баяжаарай гэхгүй ээ ээж нь
Дорд үзэгдэж гудайхгүй л яваарай миний хүү
Мөнхийн ус , ач тус нэхэхгүй ээ ээж нь
Мөрөөдөлтэй, зорилготой л амьдраарай миний хүү
Сөхөрмөөр өдөр байхад бахархмаар өдрүүд түүнээс ч олон байдаг юм
Сүү амлаж өссөн болохоор шантрахгүй зүтгээрэй үр минь
Сөгдөж гуйсан мөртлөө ширвээд хаядаг хүн ч байдаг юм
Сайн муу бүхнийг ялгаж амьдраарай хүү минь
Эр өсч эсгий сунадаг жамтай хойно
Ээжийн хүү томоо эр болно
Эхнэр авч аав ч болно
Ээ дээ хүү минь хариуцлагатай л байдаг юм шүү
Аавынх нь гэрээс инээмсэглэл тодруулж авчихаад
Ад үзэж гомдоож л болдоггүй юм шүү
Арван сар ижий нь чамайг тээж өсгөсөн шиг
Алдрайхан үрийг чинь төрүүлэх гэргий түүнийгээ дээдлээрэй
Хүүтэй хүн алздаггүй юм гэсээн
Хөл нь дөрөөнд гар нь ганзганд хүрэхийн цагт
Хүүгээрээ бахархаж баярын нулимс унагах өдрүүдэд
Хүрэхэд тун ч ойрхон байна даа ижий нь
Эх хүн гэдэг чинь өвдөх бас үхэх эрхгүй байдаг юм
Ээжээ гэж дуудах үрсийнхээ төлөө л залбирдаг юм
Сайн явахад нь ил магтаж
Саар амьдрахад нь дотроо зэмлэж
Сайхан гэж муухай үед нь ч хэлдэг
Сайн дурын баатар юм шүү дээ
Тиймээс үр минь зөв л амьдраарай
Тээглэсэн чулууг түлхэх хүчтэй байгаарай
Тэвчишгүй хэцүүд ч нулимс бүү унагаарай
Тэгж байж л зорьсондоо хүрдэг хорвоо юм шүү дээ хүү минь
Б.Бядаа
20151006