Хакүхо аварга "Муур хуурах" мэхээр Точиозаныг молигодов
Японы мэргэжлийн сүмогийн холбооны арваннэгдүгээр сарын башё буюу Кюүшюү башёгийн аравдахь өдрийн барилдаанууд өндөрлөлөө.
Өнөөдрийн хамгийн сонирхолтой барилдааныг Мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал хйилээ. Хакүхо аварга өрсөлдөгч бөх сэкиваке Точиозаныг "өөртэй нь барилдуулав" Тэрбээр өмнөөсөө босож ирсэн өрсөлдөгчөө нэг алгадаад гараа өргөөд бага зэрэг хажуу тийшээ болсон юм. Өмнөх учраагаа харалгүй боссон Точиозан чигээрээ дэвжээний захад очиход нь Хакүхо аварга ямар ч боломж олголгүй дэвжээний захад түлхэн гаргалаа. Сүмо тайлбарлагч, Япон судлаач Д.Төмөрбаатарын тайлбарласанаар энэ мэх, техник нь "Муур хууралт" хэмээн нэрийддэг юм байна. Аваргын маргаашийн учраа нь озеки Кисеносато. Энэ барилдаан маргаашийн гол барилдаан болно.
харин 71 дахь ёкозүна Какүрюү М.Ананд өнөөдөр озеки Гойёдотой барилдаж, дөрөв дэх ялагдалаа хүлээв. Урьд нь 22 давж байсан бөхөө тэрбээр энэ удаа аргалж чадсангүй. Түүний хувьд барилдаан нь сүүлийн хоёр өдөр болж өгөхгүй байгаа юм. Маргааш тэрбээр озеки Котошёогикүтэй хүч үзнэ.
Харин 70 дахь Ёкозүна Харүмафүжи озеки Котошёогикүтэй өнөөдөр хүч үзлээ. Аварга бага зэрэг тойрч барьц аван, хурдаар илүүрхэн ээлжит даваагаа авлаа. Харүмафүжигийн дараагийн учраа нь сэкиваке Точиозан.
Мөн шинэ озеки Тэрүнофүжи өнөөдөр сэкиваке Мёогирюүтай барилдаж ээлжит даваагаа авав. Тэрбээр хөл нь гэмтэлтэй ч хурдтай барилдан өрсөлдөгчөө дэвжээний гадна гаргаж чадав. Маргааш тэрбээр комүсүби Ёшиказетай барилдах бөгөөд хоёр даваа авч тавин хувийн амжилтаа үзүүлэх нь гол зорилт болоод байна.
Маэгаширагийн нэгт бичигдсэн манай Ичиножёо А.Ичинноров өнөөдөр комүсүби Точинишин барилдав. Тэрбээр эвгүй өрсөлдөгчөө хүчийг нь тогтоон барьцнаас илүүрхэн ёрикири мэхээр давсан. Ичиножёо үлдсэн барилдаануудаас дөрөв давж гэмээнэ цол ахих боломжтой. Маргааш түүний учраа озеки Гойёдо.
Мөн манай маэгашира цолтонууд болох Кёкүшюүхо Эрдэнэбаатар өнөөдөр давсан бол, Тамаваши Мөнх-Оргил, Асасекирюү Б.Дашням нар өрсөлдөгч бөхчүүддээ өвдөг шороодов. Асасекирюү өнөөдөр унасанаар дара сард доод зиндаанд буурахаар болсон байна.
Энэ сарын башёг Хакүхо аварга ганцаараа уналгүй тэргүүлж байна. Түүний араас Харүмафүжи, гуравдугаар эгнээнд Кисеносато, Шохозан, Такаясу нар удаалж байгаа юм.
Ч.Амартүвшин