Ерөнхий сайд Г.Занданшатар өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлд дараах үүрэг даалгаврыг өглөө
-
Бүх шатны дарга нарт хариуцсан ажилдаа ахиц гаргаж, бодит нөхцөл байдлыг үнэлэхийн тулд явж ажиллахыг үүрэг болгов, -
Булганы цахилгаан станцын асуудлыг газар дээр нь ажиллаж шийд. -
10 аймгийн цахилгаан дулаан станц барих асуудал яригдаад 10 жил, тендер нь шалгараад 5 жил боллоо. Цэвэр зохион байгуулалт, менежментийн асуудлаас болж гацаанд орж, одоо өр зээлийн асуудал яригдаж байна. Хувийн хэвшлийн хөрөнгөөр барьсан станцууд ажиллаад болж л байна. Тиймээс Эрчим хүчний сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, аймгууд дээр үүссэн асуудлыг шийднэ. Үүнийг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулж ирж, танилцуулахыг үүрэг болгож байна.
-
Уурхай болон цахилгаан станцууд дээр үүссэн өр төлбөрийн асуудлыг танилцуулахыг Сангийн яам, Эрчим хүчний яаманд даалгаж байна. -
Эрчим хүчний салбарын үйлдвэрлэл, компаниудын өвөлжилтийн бэлтгэлийг хангах, их засвар, техник, зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, өвөлжилтийн бэлтгэлийг төлөвлөсөн хугацаанд дуусгах, ажлын явцад хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг зохицуулж, үр дүнг танилцуулж явахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгож байна. -
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулж, эрчим хүчний салбарын найдвартай байдлыг хангаж ажиллахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгаж байна. -
Нийслэл болон аймгуудын дулаан хангамж, ус, цахилгаанаар найдвартай, тасралтгүй хангах, нийтийн орон сууцны дулаан хангамж, түлш, агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах ажлыг төлөвлөсөн хугацаанд нь чанартай хийж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон аймгийн Засаг дарга нарт үүрэг болгож байна. -
Түгжрэлийг бууруулах чиглэлд есдүгээр сарын 1-нд сургуулиудын нээлтийн ёслолын арга хэмжээг зөв зохицуулах. Хиймэл оюун ухаанаар ажиллаж байгаа камержуулалтын ажил дээрээ бодитой дүн шинжилгээ хийж, нэг ч хүүхдийг зам тээврийн аюул осолд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгож байна. -
Хүн амын гол нэрийн хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарах. Мах, төмс, хүнсний ногооны дотоодын нөөц бүрдүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хяналт тавьж ажиллахыг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярт үүрэг болгож байна. -
Хотуудын зоорины хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарч ажилла. Банкнуудын өрөнд хураагдсан объектуудад дүн шинжилгээ хийх. Хөрөнгө хураах ажлыг ирэх долоо хоногт зохион байгуулна. Авлигал болон албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдээс хөрөнгө хураах ажлыг АТГ-тай хамтран зохион байгуулна. -
Өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа тул зуншлага, намаржилтийн байдалтай уялдуулан мал нүүдэллэх, оторлох газрын зураглал гаргаж, цагийн байдал хүндэрсэн үед хэрэгжүүлэх арга хэмжээний урьдчилсан төлөвлөгөөг гаргаж ажиллахыг бүх аймаг, сумдын Засаг дарга, мөн бүсийн хэмжээнд зохион байгуулж ажиллахыг үүрэг болгож байна. -
Ган зудын зураглал, үнэлгээ хийх аргачлалаа уур амьсгалын өөрчлөлт, цагийн байдалтай уялдуулан шинэчлэх хэрэгтэй байна. Зураглалд ороогүй аймгуудад байдал хүндэрч магадгүй байна. Тиймээс энэ чиглэлд одооноос анхаарч ажиллах. Бэлчээрийн даацыг бодитой тогтоож, зохицуулах арга хэмжээ авч ажиллахыг салбарын сайд болон холбогдох дарга нарт даалгаж байна. -
Отроор өвөлжих айл өрхүүдэд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн багц гаргаж нөөцийг бэлтгэх, сумын эрүүл мэндийн төвд оношилгоо шинжилгээ, лабораторийн зөөврийн тоног төхөөрөмжөөр хангаж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгож байна. Эрүүл мэндийн яам зайны оношилгоо, эмчилгээ, шинэ технологи нэвтрүүлсэн бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийг шинэ стандарт тогтоож ажиллахыг үүрэг болгож байна. -
Аймаг, нийслэл, сум дүүрэг өвс тэжээлийн аюулгүй нөөцийг бүрдүүлэх. Бусад аймаг сумдаас ирэх отор нүүдлийг Засгийн газраас тогтоосон маршрутын дагуу мэргэжлийн байгууллагын хорио цээр хяналт шалгалтын дор хэрэгжүүлж, бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг Засаг дарга нарт үүрэг болгов. -
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан сургалтын төлбөрийн нэмэгдэл нь бодитой эсэхэд дүн шинжилгээ хийж, магадлан итгэмжилсний үндсэн дээр тодорхойлж хамтран ажиллахыг Боловсролын сайдад үүрэг болгож байна. -
Хүн малын гоц халдварт өвчин, ойн түймэр, цаг агаарын гэнэтийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, бүх төрлийн гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх. -
Олон нийтийг хамарсан баяр наадам, тэмдэглэлт ой арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгож байна. -
Улаанбурхан өвчний тархалтыг үргэлжлүүлэн бууруулж, ирэх намар өвөл энэ асуудлыг бүрэн эмчилж, тархалтыг зогсоосон байхыг үүрэг болгож байна. -
Ханиад томуугаас урьдчилан сэргийлэх асуудлыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлж, иргэд олон нийтийг чирэгдэлгүй эмнэлгийн тусламж үйлчилгээгээр хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгож байна.