“IT” Г.Занданшатар
Харвардын их сургуулийн судлаач Майкл Портер мэдээллийн технологийн салбар Монгол орныг хөгжүүлэх боломжтой гэж дүгнэсэн байдаг. Тиймээс ч манай орны хувьд энэ салбарыг хөгжүүлэхэд төр засаг анхаарал хандуулах ёстой гэсэн итгэл үнэмшилтэй байдаг улс төрчдийн нэг нь Г.Занданшатар гэнэ лээ.
Тухайлбал, өнгөрөгч оны арваннэгдүгээр сард "Программ хангамж үйлдвэрлэлийн салбарын III чуулган” зохион байгуулагдахад Стэнфордын их сургууль, Силикон валлейгийн хамтын ажиллагаа сэдвээр илтгэл уншиж салбар эрдэмтдийг гайхшруулсан сурагтай. Олсон мэдлэг нь зузаан гэдгээ харуулсан экс гишүүн "Монголиан Силикон Валлей” компанийг үүсгэн байгуулж Монголын стартап бизнесийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан аж. "USBC” компанийн захирал Майкл Гуревичийг урьж авчран Монголын стартап компаниудын хийж байгаа ажлуудтай биечлэн танилцуулж чадавхи, боломжийг тодорхойлуулсан гавьяатай.
Улмаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-нд АНУ-ын Силикон валлейгийн шилдэг мэргэжилтнүүд болох Concordia Ventures компанийн захирал Рик Расмуссен, USBC компанийн захирал Майкл Гуревич нарыг урьж Монголын стартап компаниуд АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах, хөрөнгө оруулалт татахад туслах зорилгоор семинар зохион байгуулж дөрвөн компанийн бүтээгдэхүүний танилцуулга, сурталчилгааг сонсч зөвлөгөө өгчээ.
Монголиан силикон валлей компани нь стартап компаниудыг АНУ болон дэлхийн зах зээлд гарахад нь зөвлөгөө үзүүлэх, сургалт зохион байгуулах, инновацийн судалгаа хийх, стартап экосистемийг бүрдүүлэх судалгаа хийх, бодлогын зөвлөмж бэлтгэх зэрэг ажлуудыг хийдэг аж. Мөн түүнчлэн Стэнфорд, UC Berkeley зэрэг сургуулиудын энтрепренёр сургалтыг онлайнаар Монголын энтрепренёруудад зохион байгуулах ажлыг санаачлан хэрэгжүүлэхээр зүтгэж байгаа юм байна.
Монгол ухаан гэдэг аугаа. Манай залуус АйТи-ийн чиглэлээр чамгүй амжилттай ажилладаг ч тэдэнд дэлхийд бүтээгдэхүүнээ танилцуулах, туршлага судлах боломж тэр бүр гардаггүй. Тэгвэл экс гишүүнГ.Занданшатар залуусын мөрөөдлийг биелүүлж, дэлхийд гарах хөтөч нь болж эхэлжээ. Улс төрөөс завсарлага авах хугацаандаа чамгүй олон зүйлийг сурч мэдсэн тэрбээр сурсан мэдлэгээ бусаддаа хуваалцаж, Монголын мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх гэж чармайж буй бололтой.