Хооллох соёлд суралцаарай

1284
 Хооллох соёлд суралцаарайНэр хүндтэй тансаг ресторанд орох юм уу, хүлээн авалт, үдэшлэг, дайллаганд уригдсан үед заримдаа олон сэрээ, халбага, алчуурных нь дунд толгой эргэх нь  бий. Эргэн тойрны чинь бүх  хүмүүс чам руу хараад байдаг, тэдний  дунд өөрийгөө хэнээс ч дутахааргүй хатагтай гэдгээ батлахад чинь хооллох соёлын амархан дүрмүүд хэрэг болно.

1.Суумагцаа алчуурыг ширээн дээрээс авч нугалаад өвөр дээрээ тавь. Алчуурыг сэгсэрч задалж болохгүй. Алчуурыг хооллож дуустал өвөр дээрээ байлгах ба түүгээр амаа юм уу хамраа арчих нь зохисгүй юм. Дуусаад , алчуурыг хагас нугалж тавагныхаа зүүн талд тавина.

2.Хүлээн авалт, дайллагын үед кофе юм уу цай өгч эхэлвэл үдшийн албан ёсны хэсгүүд өндөрлөсний дохио юм. Зочид энэ үеэр харьж болно, хүсвэл эзэдтэй хууч хөөрөн сууж ч болно.

3.Хоолыг ширээний баруун гар талаас олгож, тавагнуудыг зүүн гар талаас хураадаг. Зөөгчид урд чинь хоол тавьсны дараа "баярлалаа” гэж хэлэх нь зүй ёсны хэрэг.

4.Зууш, салат зэргийг бие биендээ дамжуулахдаа зүүнээс баруун гэсэн чигийг баримтлана. Жентельмен эрчүүд өөрөө дундын зоогноос тавгандаа хийхээсээ өмнө эхэлж дэргэдэх бүсгүйгээсээ авах эсэхийг асуудаг ёстой. Зоогонд хүрэхийн тулд хүмүүсийн урдуур гараа сунгах нь бүдүүлэг хэрэг.

5.Мэдээж амандаа хоолтой ярьдаггүй гэдгийг охид маань мэдэх байх. Залгитлаа хүлээ. Хоолондоо амтлагч нэмэхээсээ өмнө заавал амсаж үз. Дайллагыг зохион байгуулж буй хүмүүс хоолны амт сайхан байх тал дээр анхаарлаа их хандуулсан байтал, амсаж үзээгүй мөртлөө давс перец нэмэх нь бүдүүлэг санагддаг.

6.Шөл чинь хэтэрхий халуун байвал үлээхийн оронд хөртөл нь хүлээгээрэй. Зарим хүмүүс бүхэл хоолыг нэгмөсөн олон жижиглэж хуваачихаад, идэхийг илүүд үздэг. Гэхдээ албан ёсны уулзалт, нэр хүндтэй хүлээн авалтан дээр ингэх нь зохимжгүй тул өөрийнхөө идэх хэмжээгээр нэг нэгээр нь хэрчих хэрэгтэй.

7.Хэрэв чамд ирсэн хоол таалагдахгүй байвал ярвайх, эсвэл таагүй царай гаргах хэрэггүй. Биеийн хэлэмжээ ч, амаа чимээгүй байлгаарай.

8.Юм ярьж байхдаа сэрээ, хутгаа зангаж хөдөлгөж болохгүй. Хамгийн түрүүнд хоолоо дуусгахгүйн тулд бага багаар ид. Хэрэв чи удаан иддэг нэгэн бол бусдыгаа хүлээлгэхгүйн тулд жаахан хурдлаарай.

9.Хэрэглэж дууссан хутга, сэрээ халбагаа ширээн дээр биш, таваг юм уу аягыг түшүүлэн тавь. Хоёрдугаар хоолыг идэж дуусаад, сэрээ хутга хоёрыг 04:00 цагийн зүүний хэлбэрээр тавьж цадсанаа илтгэнэ.

10.Ширээн дээр унасан хоолны үлдэгдлийг өвөр дээрээ тавьсан алчуураараа арчдаггүй. Харин зөөгчийг эелдгээр дуудаж цэвэрлэж өгөхийг хүсэх ёстой юм.

11.Хоолны ширээнд утсаар ярих нь бүдүүлэг тул чичиргээн дээр нь тавиад, чухал ажил гарсан үед гарч дуудлагаа аваарай.

12.Угаалгын өрөө орохдоо "Одоохон эргээд ирнэ ээ”, "Уучлаарай” мэтийн үг хэрэглэнэ үү. "00 орчихоод ирье”, "Бие засаадахъя ” гэдэг нь бусад зочдод эвгүй сэтгэгдэл төрүүлж магадгүй. Ямар хүмүүстэй цуг хооллож буйгаа анхаар.

13.Угтаа түр зуур гарчихаад, эсвэл явчихаад ирсэн эмэгтэйг буцаж ширээндээ ирэхэд цэг сууж байсан эрчүүд нь босож хүндэлдэг. Гэхдээ энэ ёс жаяг мартагдаж байгаа юм.

14.Дарсны хундагыг хөвөөнөөс нь биш ишнээс нь бариарай.

15.Олон ширхэг сэрээ халбаганы учрыг олохгүй байвал, эхлээд ирсэн зоогийг хамгийн гадна талын сэрээ юм уу халбагаар, дараад нь ирсэн зоогийг түүний дотор талын хэрэгслээр идэх хэрэгтэй гэсэн энгийн дүрмийг цээжлээрэй.

16.Уламжлалт ёс жаягаар бол хутга хэрэглэхгүй үедээ ч сэрээг зүүн гартаа барьдаг. Гэвч хэрэв хүсэхгүй байвал өөртөө аль тохиромжтойгоор нь л бариарай. Харин манай бүсгүйчүүдийн зарим нь сэрээгээ халбага шиг дээш нь харуулж, хоолоо хутгаж идэх юм уу, эгц тэгшхэн бариад хатгаж иддэг. Сэрээнийхээ ишнээс нь налуулан барьж сураарай.

17.Хэрэв зөөгчид тип өгөхөөр шиидсэн бол тавагныхаа 10:00 цагийн байрлалд тавиарай.

Эх сурвалж: МОХ "Шилдэг оюутаны ширээний ном”-оос

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>