Туркийн зүүн өмнөд хэсэгт Курдын босогчид халдлага үйлджээ

1056

Туркийн зүүн өмнөд хэсэгт Курдын босогчид халдлага үйлджээ

 

Туркийн зүүн өмнөд хэсэгт оршдог Силопи хотод Курдын босогчид халдлага үйлджээ. Үүний улмаас наад зах нь 4 хүн амь үрэгдэж, 19 хүн гэмтэж шархадсан гэж Туркийн төрийн мэдлийн төв телевиз мэдээлж байна. Турк улсад Курдын ажилчны намыг алан хядагч бүлэглэлд тооцдог. Силопи хотод Курдын ажилчны намтай холбоотой зэвсэгт босогчдыг илрүүлж, устгах цэргийн ажиллагаа одоогоос нэг сарын өмнө өндөрлөсөн юм.

Үүний дараа Силопи болон Туркийн зүүн өмнөд хэсэгт оршдог өөр хэд хэдэн хот, дүүргийг Курдын зэвсэгт босогчидтой тэмцэх зорилгоор хөл хорионд оруулаад байна. Өчигдөр хуягт авто машин бүхий цагдаа нар Силопи хот дотор ээлжит эргүүлээ гүйцэтгэж байх явцад босогчид халдлага үйлджээ. Туркийн Анадолу агентлагийн мэдээлснээр босогчид инженерийн шугам сүлжээний нүхэн дотор тэсрэх төхөөрөмж байршуулж, дэлбэлсэн байна.

Мөн өдөр Курдын ажилчны намын босогчид Туркийн зүүн хэсэгт орших Ван хотноо авто замын хажууд байрлуулсан тэсрэх бөмбөг дэлбэлснээс хоёр  цагдаа амь үрэгдэж, нэг цагдаа шархадсан мэдээ мөн ирж байгаа юм. Сүүлийн саруудад Туркийн аюулгүйн хүчнийхэн, Курдын ажилчны нам бүлэглэлийн хоорондох тэмцэл мөргөлдөөн улам эрчимжих хандлагатай байгааг ажиглагчид онцолж байна. Өнгөрсөн оны долоодугаар сард хоёр  талын гал зогсоох хэлэлцээр цуцлагдсан. Туркийн Засгийн газар өнөөг хүртэл хэлэлцээний ширээнд эргэн суухаас татгалзсаар байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>