МУИС сургалтын төлбөрөө 13.7 хувиар нэмжээ
Өнгөрсөн хичээлийн жилд төрийн өмчийн зарим их, дээд сургууль бүтцийн өөрчлөлт хийж, сургалтын хөтөлбөрөө шинэчилсэн. Энэ талаар МУИС-ийн захирал А.Галтбаяраас тодрууллаа.
-МУИС энэ хичээлийн жилд шинэчлэгдсэн хөтөлбөрөөр хичээллэх үү. Хөтөлбөрт ямар өөрчлөлт орсон бэ?
-Өнгөрсөн жил бидний хийсэн шинэчлэлийн гол агуулга бол бүтцийн өөрчлөлт хийсний дараа сургалтын хөтөлбөр өөрчлөгдөх байсан. Хөтөлбөр яаж өөрчлөгдсөн бэ гэхээр энэ жил нэгдүгээр курст орж байгаа хүүхдүүдэд 100 шахам хичээлийг шинээр санал болгосноор оюутнууд сонирхолтой хичээлээ сонгох боломжтой болсон. Өмнө нь нэгдүгээр курсын заавал үзэх 20-30 хичээл байдаг байсан бол энэ удаа хэд дахин нэмэгдсэн.
-Сургалтын төлбөрөө хэдэн хувиар нэмсэн бэ?
-Инфляцийн төвшинд 13.7 хувиар нэмсэн. Одоогоос гурван жилийн өмнө өөрийнхөө сургалтын төлбөр гэдэг ойлголтыг өөрчилсөн. Нэгдүгээрт, суурь хураамж, нэг кердит цагийн төлбөр гэсэн хэсгээс бүрддэг. Энэ төлбөр гурван жилийн өмнөөс бид суурь хураамж гэж 200 мянган төгрөг дээр нэмэх нь сонгосон кердитээс хамаарч мөнгө авч байгаа. Суурь хураамжийн төлбөр өөрчлөгдөөгүй 200 мянга хэвээрээ байгаа. Сургалтын төлбөр цэвэр одоогийн энэ хувьсдаг зардал. Өөрөөр хэлбэл, сургалт хоёр хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээрт, суурь хураамж гэдэг бол энэ оюутан өөрийнх нь үндсэн өөрт нь үйлчилж байгаа үйлчилгээ. Тухайлбал, номын сан, мэдээллийн технологийн үйлчилгээнд авч байгаа төлбөр. Харин кердит гэдэг бол хичээл заахад зарцуулж байгаа мөнгө. Сургалтын төлбөрийг удирдах зөвлөлөөр батлаад гурван жил мөрдөж байгаа.
-Өнгөрсөн жил хичээл тарах үеэр танай сургуулийн багш, оюутнууд шинэчлэлт, өөрчлөлтийг эсэргүүцэж жагссанн. Энэ асуудлаа цэгцэлж чадсан уу?
-Оюутнуудын хувьд асуудал бол бидний хийсэн шинэчлэлт, өөрчлөлтөөс үл хамаарсан. Өөрөөр хэлбэл, 2010-2011 оны хичээлийн жилийн төлбөртэй холбоотой байсан учир удирдах зөвлөлөөс төлбөрийн зөрүүг хуучин хэвээр байна. Харин багш нарын хувьд мэдээж хэрэг бүтцийн өөрчлөлт хийгээд анх удаа есдүгээр сарын 1-нээс энэ бүтцээрээ ажиллана.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин