Саран дээр хөрсний гулгалт идэвхжиж байна
Хятадын эрдэмтэд дэлхийн дагуул дээрх 41 удаагийн хөрсний гулгалтыг шинээр бүртгэсэн талаараа өнгөрсөн сарын сүүлээр мэдээлсэн. Энэ нь сарны геологийн идэвхжил төсөөлж байснаас илүү байгаагийн нотолгоо. Эрдэмтдийн мэдээлснээр 2009 оноос хойш 41 удаа хөрсний гулгалт болсныг өөр өөр цаг үед хиймэл дагуулын авсан 74 талбайн 562 хос зургийг (нарийвчлал <1 м/пиксел) харьцуулснаар тогтоожээ. Сарны хөрсний гулгалт нь дэлхийн хуурай газрынхаас мэдэгдэхүйц бага хэмжээтэй буюу нэг метрээс илүүгүй гүнд, 100-1000 метр талбайг хамардаг. Судалгааны багийнхан “Хөрсний гулгалт нь астероидын нөлөөллөөс гэхээс илүүтэй сарны чичиргээнээс үүссэн гэж үзэж байна. Сарны чулуулагт ус байхгүй, чичиргээ дэлхийн газар хөдлөлтөөс ч аюултай байх эрсдэлтэй” гэжээ. Тиймээс саран дээрх газар хөдлөлтийн долгион эрчим хүчээ илүү удаан алдаж, хэлбэлзэл нь хэдэн цаг үргэлжилдэг гэнэ.




