Зеленський: Чернобылийн цөмийн станцын цахилгааныг тасалсан нь дэлхийн аюул
Оросын довтолгооны улмаас Чернобылийн атомын станцын цахилгаан тасарсан гэж мэдэгдсэний дараа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський ОХУ-ыг дэлхийн аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн буруутгав.
"Орос улс дайныг сунгаж, бүрэн бөгөөд найдвартай гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлэхээс татгалзан атомын цахилгаан станц болон бусад цөмийн байгууламжийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой эрчим хүчний дэд бүтэд цохилт өгсөөр байгаа нь дэлхий нийтийн аюул заналхийлэл болж хувирлаа" хэмээн Украины Ерөнхийлөгч мэдэгдэв. 1986 оны ослоос хойш үйл ажиллагаа нь зогссон цөмийн станцын бүс лхагва гарагт ОХУ-аас ойролцоох дэд станцыг буудсаны дараа цахилгаангүй болсон юм.
НҮБ-ын Цөмийн эрчим хүчний хяналтын байгууллага цахилгаан тасарсан нь Чернобылийн реакторын эвдэрсэн цөмд нөлөөлж болзошгүйг анхааруулав.
Энэ явдал Украины өмнөд хэсэгт орших Орост эзлэгдсэн Запорожье атомын станц цахилгаангүй болсноос найм хоногийн дараа болжээ. Оросыг тус үйлдвэрийн цорын ганц цахилгаан шугамыг зориудаар эвдсэн гэж буруутгаж байгаа бөгөөд үүний улмаас реакторын зургаан голыг хөргөхөд ашиглагддаг гадна цахилгаан тасарсан тул операторууд дизель генератор ашиглан эрсдэлээс сэргийлж байгаа аж.