Эдийн засгийг томруулдаг шилээр хар!, Н.Баяртсайхан даргаа…

595

Эдийн засгийг томруулдаг шилээр хар!, Н.Баяртсайхан даргаа…

 

Мөнгөний бодлогыг хатууруулах шийдвэр гаргаж эдийн засагчдын зүгээс янз бүрийн байр суурь сонсоод байгаа Төв банкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ сардаа багтан хуралдахаар төлөвлөж байгаагаа мэдэгдээд байна. Наймдугаар сарын эдийн засгийн суурь  үзүүлэлтүүдээс  харахад  мөнгөний хатуу бодлого цаашид үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй болж ирж байгаа тул уг хурлаар бодлогын хүүг өөрчилж магадгүй гэсэн хүлээлт үүсч байна гэж мэдэгдэлдээ дурджээ. Түүнчлэн  өнгөрсөн баасан гарагт УИХ-аар төсвийн тодотголыг баталсантай холбоотойгоор мөнгөний бодлогын хүүд тодорхой өөрчлөлт оруулах шаардлага гарч байж ч болзошгүй байгааг өгүүлсэн байна. Тэгэхээр мөнгөний бодлогын шинэ шийдвэр удахгүй гарч таарах нь байна.

Төв банк өнгөрсөн наймдугаар сарын 18-нд түүхэндээ анх удаа огцом буюу 4.5 нэгж хувиар бодлогын хүүг нэмэгдүүлж 10.5 хувь байсныг  15 хувьд хүргэсэн.  Энэ нь төсвийн алдагдал тэлж, орлого тасалдсан, мөн үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн өгөөжийг хамгаалах зорилготой бодлогын арга хэмжээ байсан гэж тодотгож буй.

Бодлогын хүүг хатууруулах нь эргээд банкны салбарын тогтвортой байдалд нөлөөлсөн хэрэг болно гэж үзэх эдийн засагчид цөөнгүй байгаа. Нэгэнтээ манай тухайд санхүүгийн салбарын 90 гаруй хувийг банкны салбарт үүрүүлсэн доголон бүтэцтэй нь үнэн. Тэр утгаараа эдийн засагт банкны салбарын эзлэх хувь өндөр байгаа тул банкны салбар тогтвортой байвал санхүүгийн салбар тогтвортой сайн байна. Санхүүгийн салбар доголдоод ирвэл нийт эдийн засгаараа хохирно. Тиймээс банкны салбар бол улсын эдийн засгийг тайлбарлах томоохон хувьсагч нь болж байгаагийн хувьд мөнгөний бодлогын шийдвэр гаргахдаа тал талаас нь авч үзэх ихээхэн шаардлагатай гэдгийг эдийн засагчид хэлж байгаа юм.

Судалгаанаас харахад Монгол банкнаас баримталж байгаа мөнгөний хатуу бодлогын үр дүнгээс хамаарч мөнгөний нийлүүлэлт буурч, дагаад банкуудын зээл олголтын өсөлт буурсан дүн мэдээ өнгөрсөн онд гарч байсан билээ.

Ер нь бол төв банкны мөнгөний бодлогын шийдвэр юуг онилох ёстой вэ гэдэг дээр эдийн засагчид байр сууриудаа илэрхийлж  байгаа. "Төгрөгийн тогтвортой байдлыг ам.долларын ханшаар хэмжээд байвал юу болох вэ гэдэг том асуулт бий. Ам.долларын ханштай хөөцөлдөөд байгаа тохиолдолд манай эдийн засагт ямар ч өөрчлөлт гараагүй байхад АНУ-д болсон үйл явцаас хамааран Монголбанк тухай бүрт хариу арга хэмжээ авч байх ёстой гэсэн хачирхалтай мөнгөний бодлого гарч ирнэ. Тухайлбал, ойрын үед АНУ- ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ тогтвортой өсгөх магадлал улам нэмэгдэж байна. Үүнээс хамааран төгрөг, ам.долларын ханшийн зөрүү ч өөрчлөгдөж болзошгүй. Ийм гадаад хүчин зүйлээс хамаарсан өөрчлөлт бүхэнд төв банк хүүгээ өсгөж, буулгаад хариу арга хэмжээ авч байх шаардлагатай болно гэсэн үг. Гэтэл манай эдийн засаг, Америкийн хоёр өөр өөр төлөвт байна. Уг нь мөнгөний бодлогын бие даасан байдал их чухал зэмсэг. Долларын ханшид хэт их ач холбогдол өгөөд байвал энэ нь үр ашиггүй зэмсэг болно. Дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд бусад орон яагаад үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг бага байлгах сонирхолтой байна вэ гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Гэтэл манайд төгрөгийн ханш буурахаар бухимдах хүн их байдаг. Уг нь бие даасан мөнгөний бодлоготой тусгаар улс гэдгээ ийм үед мартаж болохгүй. Төгрөгийн ханш буурах тийм ч муу эд биш шүү дээ. Үүнийг иргэд маань ойлгох хэрэгтэй байна. Учир шалтгааныг нь ойлгосон цагт ханш ажлын хэмжүүр болоод байхгүй.”    гэж хэлэх эдийн засагч байгаа. Ер нь бол мөнгөний бодлогын шийдвэрийг улстөрийн сэдлээр бус эдийн засгаа өргөн хүрээнд авч үзсэн байдлаар гаргах хэрэгтэйг нөхцөл байдал сануулж байгааг Н.Баяртсайхан захиралд дуулгая.

Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.