Төрийн албан дахь ургийн бичиг буюу “Оюутолгой”-н ТУЗ-ийн томилгоо

827

Төрийн албан дахь ургийн бичиг буюу “Оюутолгой”-н ТУЗ-ийн томилгоо

 

Мэргэжлийн Засгийн газарт мэргэжлийн хүмүүс ажиллах ёстой гэсэн хүлээлт УИХ-ын сонгуулийн дараахнаас л бий болсон. Парламентын ээлжит сонгуулиар үнэмлэхүй олонхи болсон МАН ч ингэж амалсан. Гэвч хүлээлтийн хариу нь хүссэнээс өөр байлаа. Сайд нарын томилгоо, агентлагийн дарга нарын халаа сэлгээнээс харахад энэ Засгийн газарт мэргэжлийн гэсэн тодотгол хүнддэхээр байгааг олон нийт хэлж, шүүмжилж байна. Сайд, дэд сайд нар бол төрийн улс төрийн албан тушаалтан. Тий­мээс эрх баригч намын мэдлийн  хүрээнд хийгдэх то­милгоо. Харин түүнээс доошхи албан тушаалтнууд бо­лон агентлагуудын дарга нар бол төрийн жинхэнэ албан хаагчид байх ёстой. Төрийн албаны тухай хуулиараа ийм статустай. Гэтэл мэргэжлийн Засгийн газар мэргэшсэн төрийн албан хаагчдыг биш улстөрчдийн ураг төрлийнхөн, ойр тойрны хүмүүсийг илүүд үзэж чухал хариуцлагатай албан тушаалуудад томилж байна. Түүнчлэн төрийн өмчит компани, үйлдвэрийн газ­руудын удирдлага, ТУЗ-ийн гишүүнээр  томилогдох хүмүүст ур чадвар бус ураг төрлийн шалгуур үйлчилж байгааг олон жишээнээс харж болно.

 

Олон нийтэд ил болсон томилгоонуудаас л гэхэд УИХ-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар Монгол­банкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирал болсон бол нөгөө Энхболдынх нь худ А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайдаар томилогдоод буй. Шадар сайд У.Хүрэлсүх дүүгээ БХЯ-нд газ­рын даргаар томилуулсан бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан садангийн дүү Д.Баярсайханыгаа Төрийн банкны гүйцэтгэх захирлаар томилуулаад байгаа. Д.Баярсайхан өмнө нь Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан юм. Энэ мэтээр төрийн албан дахь төрлийн хэлхээг өргөжүүлсэн томилгоонууд үргэлжилнэ. МАН-ын хашир турш­лагатай улстөрчид, өндөр албан тушаалтнууд ийнхүү төрөл саднуудаа төрийн албаар шагнаж эхэлжээ. УИХ-ын шинэ­хэн гишүүд ч тэднээс дут­сангүй. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы эгч Т.Саран НДЕГ-ын дэд даргын албан тушаалд очжээ. УИХ-ын ги­шүүн Б.Саранчимэгийн нөхөр "Чингис хаан” олон улсын нисэх буудлын даргаар очсон мэдээ хамгийн сүүлд олон нийтэд хүрээд байгаа. Мөн Ц.Цогзолмаа гишүүний нөхөр Ч.Саранжав Эрчим хүчний яаманд дарга болсон гэх мэдээ бий. Гэр бүлийн хүнээ төрийн албанд томилж өөд татдаг ийм жишиг өмнөх парламентын үед ч байсан. Тухайлбал, УИХ-ын ги­шүүн асан С.Одонтуяа нөхрөө Газрын тосны газрын даргаар томилуулж л байсан. Энэ жишиг ч МАН-ын үед давтагдсаар байгааг дээрх жишээнүүдээс харж болно. Гэхдээ бас ингээд л төрлийн хэлхээтэй төрийн албаны томилгоо дуусч байгаа юм биш. Цааш үргэлжлүүлье.

 

УИХ-ын гишүүн Сү.Батболдын үр хүүхэд, тө­рөл садангууд төрийн албанд төвхнөсөн нь нэг бус ажээ. Түүний хүү Б.Баттүшиг Монгол­банкны Мөнгөний бодлогын газрын дарга бол эхнэрийнх нь ахын хүү Б.Асралт Гаалийн ерөнхий газрын дарга болсон. Мөн "Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар саяхан  томилогдсон Д.Ариунболдыг Сү.Батболд ги­шүүний ойрын хамаатны бүсгүйтэй суусан, хүргэн нь гэх мэдээлэл бий. Төрийн албан дахь төрөл садангийн жагсаалт үүгээр дуусахгүй. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын  захирагчийн ажлын алба болон харьяа агентлагуудад ч томилгоо, халаа сэлгээ хийгдэж, улстөрчдийн ураг төрлийнхөн удирдах албан тушаалд залрах болжээ. 

 

Хамгийн сүүлийн мэдээ гэвэл "Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлж, тэдний ор­ны хүмүүсийг томилсны дотор УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хүргэн Ч.Алтаннар багтжээ. Энэ мэтээр төрийн албан дахь улстөрчдийн ургийн бичиг улам өргөжсөөр байгаа юм. Засгийн газар долоо хоног бүр хуралддаг. Хуралдах болгондоо ямар нэгэн томилгоо хийж байгаа. Томилгоо бүхэнд нь гуя дагаж хүзүү гэдэг шиг заавал нэг улстөрчийн төрөл садан багтдаг болжээ. 

 

Ийнхүү төрийн албыг төрөл саднаараа дүүргэх нь асар хор хохиролтой. Дэлхий нийтэд мэргэшсэн, тогтвортой төрийн албыг чухалчлан, хууль эрх зүйн орчныг нь баталгаажуулсан байдаг. Үүнийг олон улсын нэр томъёогоор төрийн албаны мерит тогтолцоо гэдэг ажээ. Канад, Австрали, Япон зэрэг улс орнуудад улс төр нь хэчнээн бужигнаж, сайд нар нь сараар биш өдрөөр солигдож байлаа ч төрийн алба нь тогтвортой байж чаддаг. Тиймээс сайдыгаа хэвлэлийн хурал дээр үүрэглэлээ гээд ч юм уу сэтгүүлчдэд хошин мар­зан үг хэлснийх нь төлөө огцруулчихдаг. Энэ нь дээр өгүүлсэн мерит тогтолцоотой холбоотой. Сайд огцорлоо гээд нэг ч төрийн албан хаагч халагдаж солигдохгүй болохоор ийм халаа сэлгээний хор уршиг, үр дагавар нь бага байдаг ажээ. Гэтэл манайд бол нэг сайдыг огцруулна гэдэг түүнийг дагаж ирсэн бүх хү­нийг, төрийн албанд шургасан төрөл садангуудыг нь, өөрөөр хэлбэл тухайн яамыг тэр чигээр нь ганхуулж, салбарыг нь хүртэл самарч сандаргахын эхлэл болдог. Энэ нь улмаар мэргэшсэн, тогтвортой албан хаагчдын нуруун дээр тогтдог төрийн албыг мэргэжлийн бус, тогтворгүй болгож хувиргасаар байгаа. Олон жилийн турш ужгирч ирсэн энэ дутагдлыг Мэргэжлийн гэгдсэн Засгийн газар хүртэл арилгаж дийлсэнгүй. Харин ч энэ тодотголынхоо эсрэг тодорхойлолт зүүтлээ төрийн албанд улстөрчдийн төрөл садан, ах дүүс, найз нөхөд, ойр тойрныхныг томилж байна. 



Ардын эрх сонин


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>