УУШГИНЫ ХАТГАЛГААНЫ ЭСРЭГ ВАКЦИНЫГ ХОЁР ДҮҮРЭГТ ХИЙЖ БАЙНА

873

УУШГИНЫ ХАТГАЛГААНЫ ЭСРЭГ ВАКЦИНЫГ ХОЁР ДҮҮРЭГТ ХИЙЖ БАЙНА

 

Уушгины хатгалгаа үүсгэдэг 13 үүсгэгчийн эсрэг вакциныг Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт хийж байна.
 
Өнгөрсөн зургадугаар сард эхэлсэн уг вакцинд 12 мянга гаруй хүүхэд хамрагдсан гэдгийг Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын нэгжийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.
 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар таван хүүхэд тутмын нэг нь хатгаа өвчний хүндрэлээр нас барж байгаа аж. Манай улсын хувьд жилд 0-5 насны 27 мянган хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Эдгээр хүүхдийн 10-аад мянга нь амьсгалын замын өвчнөөр өвчилдөг бол, дөрвөн мянга орчим нь уушгины хатгалгаагаар өвддөг гэсэн судалгаа байдаг аж. Үүнээс харахад хүүхдийн өвчлөл эндэгдлийн шалтгааны нэгд уушгины хатгалгаа орж байгаа юм.
 
Мөн тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 оноос хойш тууштай буурч байгаа боловч нийт эндэж байгаа тав хүртэлх насны хүүхдийн 17 хувь нь хатгалгаа өвчин эзэлж байгаа аж.
 
Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах хамгийн үр ашигтай аргын нэг нь пневмококкийн эсрэг вакцин (ПКВ)-аар дарх­лаажуулах гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 63 дугаар чуулганы зөвлөм­жид тусгасан байдаг.
 
Тиймээс уушгины хатгалгаанаас сэргийлэх, өвчлөлийг бууруулах, хатгалгааны тохиолдлыг бууруулах, бага насны хүүхдийн хүндрэлийг бууруулах ач холбогдолтой уг вакциныг өвчлөл өндөртэй дээрх хоёр дүүрэгт хийж байгаа юм.
 
Бага насны хүүхэд эцэг эхчүүд өрхийн эрүүл мэндийн төвөөс мэдээлэл авч товлолд заасан насны хүүхдээ дээрх вакцинд хамруулахыг холбогдох байгууллагаас зөвлөж байна.
 
Вакциныг Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаар дамжуулан авч буй бөгөөд өртөг өндөртэй вакцины тоонд ордог аж.
 
Эхний ээлжинд Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт хийж эхэлсэн пневмококкийн эсрэг 13 цэнт вакциныг цаашид товлолын вакцинд оруулах юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>