Улсын хэмжээнд ДОХ-ХДХВ илрүүлэх сайн дурын 43 төв ажилладаг

742

Улсын хэмжээнд ДОХ-ХДХВ илрүүлэх сайн дурын 43 төв ажилладаг

 

ХӨСҮТ-ийн ДОХ-ХДХВ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхамаас бэлгийн замын халдварт өвчний талаархи зарим зүйлийг тодрууллаа. 

-Сүүлийн үед залуус бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөх нь ихэссэн. Залуусын дунд ямар төрлийн өвчин зонхилж байна вэ?

-Манай улсын бэлгийн замын өвчний халдвар авсан хүмүүсийн 454 хувь нь 18-44 насны залуус байдаг. Сүүлийн үед залуус дунд тэмбүүгийн өвчлөлийн тохиолдол ихэсч байна.

Энэ насны залуус ихэнх нь оюутан байдаг. Тиймээс бид өнгөрсөн хавар "Оюутны эрүүл мэнд” аян зохион байгуулж, III-IV дүгээр курсийн оюутнуудад үзлэг хийсэн. Үзлэгт хамрагдсан 5,000 гаруй оюутан залуусын 2.5 хувьд нь бэлгийн замаар дамжих өвчний халдвар илэрсэн.

Мөн бэлийн замын халдвар авсан хүмүүсийн ихэнх хувийг ажилгүй иргэд эзэлж байна. Мөн уул уурхай, зам тээврийн салбарт ажиллаж байгаа иргэдийн ихэнх нь залуус байдаг. Эдгээр салбарт ажилладаг залуус гэр орноосоо урт хугацаагаар хол байх шаардлага гардаг. Тиймээс бид үүнд анхаарч ажиллана. Бид тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй ажил олгогч нартай хамтарч ажиллах бодлого баримталж байна. 

-2005 оноос хойш төрөлхийн тэмбүү өвчин нэмэгдэх болсон. Олон улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байна вэ?

-2005 онд төрөлхийн тэмбүү өвчний 52 тохиолдол бүртгэгдсэн. Энэ өвчин 2005 оноос өмнө огт бүртгэгдээгүй гэвэл биш. 1980-1990 оны үед төрөлхийн тэмбүү өвчний тохиолдол ховор, бараг гардаггүй хэлж болохоор байсан. Сүүлийн үед энэ төрлийн өвчин нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.

Төрөлхийн тэмбүү өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд бид жирэмсний хяналтын чанар, хүртээмжийг сайжруулах шаардлагатай. Бидний судалгаа, шинжилгээнээс үзэхэд төрөлхийн тэмбүүгийн бүртгэгдсэн тохиолдлын 80 орчим хувь нь жирэмсний хяналтад хамрагдаагүй, хамрагдсан байсан ч шинжилгээ өгөөгүй тохиолдол их байна.

Тиймээс бид төрөлхийн тэмбүүг бууруулахын тулд нийт хүн амынхаа дундах тэмбүүгийн тархалтыг бууруулах ёстой. 

-Бэлгийн замын халдварт өвчний шинжилгээг хаана өгөх боломжтой вэ?

-Иргэд харьяаллынхаа дагуу тухайн дүүрэг, аймгийнхаа бэлгийн замаар дамжих халдварын кабинетад үзлэг шинжилгээнд үнэгүй хамрагдах боломжтой. Харин хөдөө, орон нутгаас хотод түр оршин сууж байгаа харьяалалгүй иргэд болон оюутан залуус Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандаж, үнэгүй шинжилгээ өгч болно.

Мөн оюутны хотхонууд дээр өсвөр үеийн залуусын төв ажилладаг. Тэдгээр төв дээр бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өгдөг.

Ер нь бэлгийн замын халдварт өвчний эмчилгээ, үзлэг үнэ төлбөргүй байдаг. Ганцхан гадаадад сурахад эрүүл мэндийн магадалгаа авахад л тодорхой хэмжээний мөнгө төлдөг. 

-Залуус энэ төрлийн шинжилгээ өгөх гэхээр бичиг баримтгүй гээд үзэхгүй байх тохиолдол байдаг. ХӨСҮТ-д үзүүлэхэд заавал бичиг баримт шаардлагатай юу? 

-Бэлгийн замаар дамжих халдвар даатгалд хамрагдаагүй байдаг. Тийм учраас даатгалын дэвтэр шаарддаггүй. Улсын эмнэлгийн байгууллагууд даатгалын дэвтрийг шаардахгүй гэсэн үг. Харинбид бүртгэл мэдээллээ сайжруулахын тулд тухайн хүний регистрийн дугаарыг бүртгэж авдаг.

Гэхдээ хувь хүний нууцын талаарх мэдээлэл хаашаа ч цацагдахгүй. Тиймээс иргэд миний мэдээлэл алдагдчихна гэж санаа зовох шаардлагагүй. Бид хувь хүний мэдээллийг чанд хадгалдаг.

Тэгэхээр энд санаа зоволгүйгээр аль болох бэлгийн замын өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжилгээ өгч, үзлэгт хамрагдах хэрэгтэй. Мөн улсын хэмжээнд ДОХ-ХДХВ илрүүлэх сайн дурын 43 төв ажилладаг. Эдгээр төвүүдэд ДОХ-ХДХВ- ийн үзлэг, шинжилгээг үнэгүй хийлгэж болно. 

-Улаанбаатар хотын сайн дурын төв хаана байрладаг вэ? 

-Дүүргийн бүх нэгдсэн эмнэлэг дээр сайн дурын төвүүд ажиллаж байна. Мөн "Гран при”, "Бүсгүйчүүд” гэсэн хоёр хувийн эмнэлэгт байрладаг. Мөн эрсдэлт бүлэгтэй ажилладаг төрийн бус байгууллагад байдаг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>