SOS!: Олон хууль зөрчсөн “чөлөөт худалдааны хэлэлцээр”-ийг соёрхохын “аюул”
Хэрэв энэ хэлэлцээр батлагдвал манай улсын Үндэсний аюулгүй байдалд төдийгүй эдийн засгийн аюулгүй байдалд олон сөрөг нөлөөтэй гэдгийг дахин анхааруулах нь зүйтэй болов уу. Учир нь энэ чухал хэлэлцээрийн гэрлийн хурдаар батлуулахын цаана улс орны язгуур эрх ашиг, хөршүүдтэй хийсэн хэлэлцээрийн үнэ цэнэ хөндөгдөх гэж байгааг сонордуулах нь зүйтэй болов уу.
Одоогоос долоон жилийн өмнө буюу 2007 оны гуравдугаар сард Улаанбаатарт болсон Монгол, Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлийн III хуралдааны үеэр Монголын тал чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг АНУ-ын талд анхтавьсан байдаг. Тухайн үед АНУ-ын тал Монгол Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэлэлцээ эхлүүлэхийн өмнө чөлөөт худалдааны хэлэлцээрийн салшгүй хэсэг болох "Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-ийг эхлээд байгуулах нь зүйтэй хэмээн санал болгожээ.
Ингээд уг саналыг ирүүлсний дагуу хэлэлцээрийн төслийг Засгийн газрын 2013 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2013 оны тавдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрчээ.
Цаашилбал хоёр тал "Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-т 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Нью Йорк хотноо гарын үсэг зурсан байна. Угтаа УИХ-ын нэгэн байнгын хороо хэлэлцээд шийдчих асуудал биш төдийгүй энэ нь УИХ-ын онцгой бүрэн эрхийг үл тоомсорлоод зогсохгүй Үндсэн хуулийг зөрчсөн асуудал болчихоод байгаа юм.
Монгол улсын Үндсэн
хуулийн 20.1-д "Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд
байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд
хадгална”, мөн 25.1.15-д "Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын
олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах, гадаад улстай дипломат
харилцаа тогтоох, цуцлах” онцгой бүрэн эрхийг УИХ-д олгосон байдаг.Мөн
Монгол улсын Олон улсын гэрээний тухай хуулийн 10-р зүйлд "Заавал
соёрхон батлах гэрээнд дараахь олон улсын гэрээ багтана:
1/Монгол
Улсын бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэр, улсын хил болон
хүний салшгүй эрхтэй холбогдсон олон улсын гэрээ;
2/Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас өөр журам тогтоож байгаа олон улсын гэрээ” гэсэн байна.
Гэтэл энэхүү хэлэлцээрт 2013 оны тавдугаар сарын 3-ны өдрийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрч, хоёр тал "Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-т 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Нью Йорк хотноо гарын үсэг зурсан байна. "Айхавтар алгасч, адгасан байгаа биз.
Нөгөөтэйгүүр, хэлэлцээрийн гол зорилго нь худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр мөрдөж байгаа болон батлан гаргах гэж буй хууль тогтоомжийн талаар хоёр тал урьдчилан мэдээлэл солилцож байх, бизнесийн орчны ил тод байдлыг хангахад чиглэж байгаа гэсэн хэдий ч Монгол улсын хууль, тогтоомжуудыг зөрчсөн үйлдэл, заалтууд нэлээн байгаа нь асуудал үүсгэх "аюултай”. АНУд ийм мэдээлэл очно гэвэл ОХУ, БНХАУ зөвшөөрөхгүй. Наанадаж нүүрсний экспортоос эхлээд ОХУ, БНХАУ-тай хийсэн худалдааны гэрээ хэлэлцээрүүд, асар өндөр ач холбогдол өгч хоёр хөрштэй хэрэгжүүлэх гэж буй "Талын зам” төсөл ч "будаа” болно.
Үндсэн хуулийн 10.4-д заасан "Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэсэн зарчмыг энэхүү хэлэлцээрийн зарим заалтууд зөрчиж байна. Уг хэлэлцээрийн дараах заалтуудад хууль, тогтоомж гаргахдаа нөгөө талаасаа /АНУ-аас/ санал авна гэжээ. Хуульд өгөх санал гэдэг нь:Үндсэн хуулийн 26.2-т зааснаар "Иргэд, бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна” гэж байгаа. Тэгэхээр аль нэг өөр улс /Жишээ нь, АНУ/ манай хууль тогтоох, шийдвэр гаргах эрх мэдэлд санал өгөх боломжгүй гэсэн үг. Мөн Үндсэн хуулийн 4-р бүлгээр зохицуулагдаж байгаа харилцаанаас үүдэн, Монгол Улс аль нэг гадаад оронд бусад улсаас илүүтэйгээр харилцах давуу эрхийг нээж өгех боломжгүй гэсэн зарчмыг зөрчиж байна.
Монгол Улс хэлэлцээр хийгч АНУ-ын өмнө өөрийн хууль тогтоомжоос гадна нэмэлт журам дүрмийг баталж мөрдөх, эсвэл өөрчлөлт оруулах үүрэг хүлээж байна.
Мөнтөрийн албан ёсны хэлнээсээ хүртэл татгалзах ч шаардлага тулгарах бололтой. Мөн л гэсэн Үндсэн хуулийн 8-р заалтыг зөрчиж байна. Энэмэтчилэн, маш олон зөрчилт заалтууд байсаар атал энэхүү хэлэлцээрийг манай орны хууль, дүрэм журмуудыг зөрчөөгүй байна хэмээн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин үзэн, батлуулах гэж хичээгээд байгаа нь хачирхалтай.
Харамсалтай нь бидэнд хачирхаж суух цаг хугацаа алга. Мөн УИХ-ын гишүүд ойлгохгүй байгаа зүйлээ сайтар ухаж таниагүй бол зөвшөөрч болохгүй чухал цаг үе ирээд байна. Учир нь зөвхөн дээр жишээ татсан заалтуудаас харахад л, энэхүү хэлэлцээрийг батлуулахгүй байх нь манай орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд сайнаар нөлөөлөх нь ойлгомжтой байна.
А.Мөнгөндөл
uls.mn