УТАА ӨТГӨРЧ, ТӨСӨВ ЗАМХРАВ

970

УТАА ӨТГӨРЧ, ТӨСӨВ ЗАМХРАВ

 

2017 онд таван тэрбумыг зарцуулж, утааг 10 хувиар бууруулна
Утаатай тэмцэх ажил дахиад л бүтэлгүйтэх нь. Учир нь өнөөдрийг хүртэл Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдаж, хийж хэрэгжүүлэх ажлынхаа чиглэлийг гаргасангүй. Энэ байгууллагаас гаргасан үүрэг чиглэлийн дагуу хөдөлдөг газрын удирдлагууд нь хийх ажлаа мэдэхгүй сууна. Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар л гэхэд хэрхэх нь тодорхойгүй байна. Холбогдох мэргэжилтний яриагаар "Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаа 2016 онд дуусаж буй тул өөр шинэ ажил эхлүүлэх шаардлагатай байгаа аж. Эрх бүхий байгууллага хуралдаагүй болохоор ямар хөтөлбөр хэрэгжүүлэхийг хэлэхэд эрт байна гэсэн юм.

 

Харин улаанбаатарчууд өнөөх л өтгөн хар утаагаар утуулж, амьсгалсан хэвээр. Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зарим хэсэгт их бохирдлын улаан гэрэл хэдийнэ асчээ. Уг нь агаарын чанарын индекс 500 гэсэн үзүүлэлтийг давж байвал удаан хугацаагаар гадаа байж болохгүйг ДЭМБ-аас анхааруулдаг. Хятадын Бээжин, Энэтхэгийн Шинэ Дели хотод агаарын бохирдлын хэмжээ ДЭМБ-аас анхааруулсан их бохирдолтой түвшинд хүрсэн тохиолдолд аюулын дохио хангинуулж, анхааруулдаг юм билээ. Гэтэл монголчууд байдаг л үзэгдэл мэт хүлээж авсаар бүр дасчихаж. Жилийн жилд их бохирдолын улаан гэрэл асахад онцгой байдлын ерөнхий газар ч аюулын дохио дуугаргаж байсангүй. Улаанбаатарын агаарын бохирдлыг аравдугаар сараас гуравдугаар сар хүртэл үргэлжилдэг гэж судлаачид үздэг.

Утааг бууруулахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүд нь өгөөжөө өгсөнгүй, иргэд эрүүл мэндээрээ хохирсоор байна. Эрүүл мэндийн байгууллагын статистик мэдээллийг сөхөхөд, амьсгалын замын өвчлөл эрс нэмэгджээ. Уушгиар дагнан мэргэшсэн эмчийн ярьснаар сургуулийн насныханд урьдчилан сэргийлэх үзлэг хийхэд 10 хүүхдийн хоёр нь гуурсан хоолойн үрэвсэл буюу бронхиттой байсан байна. Мөн астмаар өвчилсөн хүүхэд ч цөөнгүй бүртгэгджээ.

 

Сүүлийн үед амьсгалын замын. өвчлөл нэмэгдэж, эдгэрэхгүй ужгирах болсныг агаарын бохирдолтой холбоотой гэж үзэж буйгаа олон улсын судлаачид тэмдэглэжээ.

 

Ханиад томуу зэрэг амьсгалын дээд замын үрэвсэл нь хатгалгаа болж хүндрэх нь элбэг байдаг болов. Энэ нь тав хүртэлх насны хүүхдийн нас баралтын шалтгааны 15 хувийг эзэлж байгаа гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас гаргаж байсан. Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж буйгаар жилд амьсгалын замын өвчний улмаас 922000 хүүхэд эндсэн гэх мэдээлэл бий.

 

Манай улсын тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын тогтолцооны өвчлөл орж байна. 2014 оны байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 83,1 хявийг нялхсын, 54,2 хувийг 28 хоногтаөй нярайн эндэгдэл эзэлж байгаа аж.

 

Нөгөөтэйгүүр, өвлийн улиралд үр зулбах, ураг амьгүй болох үзэгдэл элбэг тохиолддог болсон. Үүнийг ч агаарын бохирдолтой холбоотой болохыг ДЭМБ-ын Суурин төлөөлөгч, доктор Су Нюунт-У өнгөрсөн жил манай сонинд ярилцлага өгөх үеэрээ онцолж байсан юм. Зөвхөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өсөлтгүй жирэмслэлтийн 400 орчим тохиолдол бүртгэгдсэн байна. Ингээд үзэхээр утаа монголчуудын эрүүл мэндэд ямар хэмжээний аюул учруулж буй нь тодорхой харагдах биз.

 

Японы нэгэн эмч манай улсад ирээд буцахдаа Монголд уушгины эмнэлэг байгуулбал хэдэн жилийн дараа хамгийн ашигтай ажилладаг байгууллага болох нь гэж хэлсэн нь ч учиртай. Утаатай тэмцэх тухай жил бүр яриад суугаад байх биш, дорвитой ажил хийхгүй бол уушгигүй болох цаг ойрхон байна гэснийг сануулсан дохио бус уу.

 

Хамгийн гол нь, утаатай тэмцэх ажил үр дүнгээ өгөөгүйд бас учир бий. Та бодоод үздээ. Өнгөрсөн жилүүдэд утаатай тэмцэх ажилд 250 орчим тэрбум төгрөг тухай холбогдох баримт тайланд тэмдэглэсэн байдаг. Гэвч үнэн хэрэгтээ тийм биш. Энэ мөнгийг хэзээ, юунд, хэрхэн зарцуулсан гэдэг тайланг өнөөдрийг хүртэл тодорхой гаргаагүй байгаа.

 

Зуух тараасан, утаагүй түлш үйлдвэрлэсэн, дулаалгын дээвэр айлуудад өглөө, энэ бүхний эцэст утаа буурсангүй. Харин одоо ямар шинэ менежмент гаргах вэ гэдэг нь тодорхойгүй байна.

 

ЖАЙКА-гийн хийсэн судалгаагаар нэг тонн нүүрсийг шатаахад 45 килограмм нүүрс-хүчлийн хий, 12 килограмм хүхэрлэг хий ялгардаг болохыг тогтоожээ. Мөн нэг тонн нүүрснээс азотын исэл тав, том ширхэглэлт тоосонцор (PM) зургаан килограмм ялгардаг байна. Тэгэхээр нэг өрх таван тонн нүүрс хэрэглэдэг гэж үзвэл Улаанбаатар хотын гэр хорооллын 180 мянган айл өвлийн улиралд барагцаагаар 900 гаруй мянган тонн нүүрс түлдэг гэсэн тооцоо гарч байна. Үүний дүнд 40 сая 500 мянган килограмм нүүрсхүчлийн хий ялгаруулдаг гэсэн үг. Мөн автомашинаас ялгарах хортутаа 70 орчим хувийг нь эзэлдэг гэсэн үзүүлэлт бий. Автомашины тоо сүүлийн зургаан жилд тав дахин нэмэгджээ. Одоогоор 800 мянган машин бүртгэлтэй буюу 1000 хүнд 200 орчим машин ногддог гэсэн судалгааг нэгэн төрийн бус байгууллагаас гаргаж байсан.

Улаанбаатарын нэг иргэн өдөрт хэдэн арван килограмм хорт утаа залгиж байгааг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооныхон анзаардаг болов уу. Гол нь агаарын бохирдолд хүүхэд хамгийн их өртөмтгий байдаг. Автомашинаас ялгарах утаа, агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд заналхийлж байна гэсэн үг.

 

Утааны тухай гоё үлгэр ярьж, жил бүр иргэдийг сэнхрүүлсээр байтал хууль ч гууль болов. Үндсэн хуульд монгол хүн амьд явах эрхтэй. Эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхтэй гэж заасан. Энэ заалт байнга зөрчигдсөөр ирлээ. Гэтэл нийслэлчүүд давагдашгүй хүчин зүйл мэтээр хандсаар өдийг хүрэв.

 

Энэ жил утаатай тэмцэх ажил бүр ч замхрах нь. Төсөв, санхүү хүндэрсэн гэсэн шалтгаанаар таван тэрбум төгрөг зарцуулахаар ярьж байна. Ийн утаатай тэмцэнэ гэсэн нэрээр их мөнгө хаяж, үр дүн гарахгүй болохоор эцэстээ таван тэрбум төгрөгөөр хэмжигдэв. БОАЖЯ 2017 онд таван тэрбум төгрөгөөр утааг 10 хувиар бууруулах үүрэг хүлээжээ. Үүнээс ихийг амлаж, хийж чадахгүйгээ ч мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрсөн. Харин иймэрхүү зорилго, зорилттой ажиллавал Улаанбаатар хэзээ ч утаанаас салахгүй нь бололтой. Жилээс жилд зарцуулдаг төсөв нь ч хумигдах шинжтэй.

Эцэст нь, иргэд өөрсдөө л утаанаас хамгаалах арга хэрэглэхгүй бол засаг, төрд найдаад хэрэг алга. ДЭМБ-ын зөвлөснөөр хүн бүр утаанаас хамгаалах амны хаалт хэрэглэж занших л өөрсдийнхөө эрүүл мэндэд оруулж буй том хөрөнгө оруулалт болох нь.


В.Гандолгор

[ЗГМ]


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>