“Нийгмийн даатгалын сан”-гийн хөрөнгийг юунд зарцуулсныг хуулийнхан дахин шалгаач!
-Нийгмийн даатгалын санд 500 тэрбум орчим төгрөг хуримтлагдсан байгаагийн 50 орчим хувь нь Капитал банкинд хадгалагддаг гэх мэдээлэл ч гарч байсан-
Иргэд цалингаасаа сар бүр нийгмийн даатгалд шимтгэл төлдөг байхад нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн хэмжээ яагаад бага байна вэ. Энэ асуултыг өнгөрсөн хугацаанд олон ч хүн асууж хариулт авахыг хүсч байсан ч хариултаа авч чадалгүй өнөөг хүрсэн.
Тэгвэл энэхүү сангийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өчигдөр болсон УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл,шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан дээр Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааны талаар дараах мэдээллийг өгч байв.
Тодруулбал, УИХ-аас баталсан 2016 оны төсвийн тодотгол, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн хуульд хийсэн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Нийгмийн даатгалын сангийн орлогыг 1.26 их наяд, зарлагыг 1.76 их наяд, тэтгэврийн даатгалын санд улсын төсвөөс олгох татаас, санхүүжилтийн 0.5 их наяд төгрөгөөр батлан мөрдөж байгаа аж.
Гишүүд түүнээс Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн талаар асуухад тэрбээр "Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан 335.1 тэрбум, ажилгүйдлийн даатгалын сан 123.8 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сан 387.3 тэрбум нийт 885.1 тэрбум төгрөгийн хөрөнгийн үлдэгдэлтэй байна” гэх тайлбарыг өгч байлаа.
Ямартай ч одоогийн байдлаар Төрийн банк, ХААН банкууд голлож тэтгэвэр олголтын үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Тэгсэн хэр нь эдгээр банкуудад байршиж буй Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн хэмжээ бага байгаа талаар ч салбарын сайд нь хэлж байсан юм. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд иргэд олон нийтийн зүгээс Нийгмийн даатгалын сан, түүний зарцуулалтад хяналт тавих үүрэгтэй Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлтэй холбоотой сайн, муу мэдээллүүд хэвлэлээр багагүй цацагдсан.
Түүнчлэн Нийгмийн даатгалын санд 500 тэрбум орчим төгрөг хуримтлагдсан байгаагийн 50 орчим хувь нь Капитал банкинд хадгалагддаг гэх мэдээлэл ч гарч байсан удаатай. Уг нь олон улсын жишгээр бол иргэдийн ирээдүйн тэтгэврийн хуримтлалыг эрсдэлээс хамгаалж, тухайн улсын хамгийн өндөр зэрэглэлийн банкуудад байршуулан хадгалахаар хуульчилсан байдаг.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Нийгмийн даатгалын сангийн мөнгө БНСУ-ын дөрвөн банкинд байршиж байгаа тухай мэдээллийг энэ оны нэгдүгээр сард чуулганы хуралдааны үеэр гаргаж тавьж байсан нь олны анхаарлыг одоо ч татсан хэвээр байгаа хариулт нь олдоогүй асуултын нэг болж үлдсэн юм.
УЛСЫГ ЗУРГААН ТЭРБУМААР ХОХИРООСОН ЭРХМҮҮДЭД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН
Үнэн худал нь мэдэгдэхгүй асар олон мэдээлэл хэвлэлийн хуудаснаа хөвөрч байдаг ч үүнийг шалгачих зориг зүрхтэй хуулийнхан нэгээхэн ч үгүй. Ийн хэлэхийн учир нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нас барагсдын нэрээр тэтгэврийн зээл авсан гэх асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан ч хөөн хэлэлцэх хугацаа буюу эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа нь дууссан учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72.1.1, 24.1.1, 208.1.1-т зүйлд заасан үндэслэлээр шалгагдаж байсан хүмүүсийн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан юм.
Угтаа бол мөнгө идэж уусан нь тогтоогдсон ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас энэхүү хэргийг хаасан гэх тайлбарыг хуулийнхан өөрсдөө хэлж байгаа нь хачирхалтай.
Уг нь хэргийг үйлдсэн дүүргүүдийн Нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд, тэтгэвэр хариуцсан байцаагч нар хууль тогтоомжийн дагуу албан үүргээ биелүүлээгүйгээс улсад их хэмжээний хохирол учруулж, хувьдаа мөнгө завшсан хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж шалгасан ч энэ нь үр дүнд хүрсэнгүй.
Мэдээж энэхүү хэргийг нэр бүхий эрхмүүд цээжээрээ хааж, хуулийн цоорхойг ашиглаж, гэмт хэрэг үйлдсэн нөхдүүдийг уснаас хуурай гаргасан гэдэг нь тодорхой. Эцэст нь хэлэхэд өнөөдөр манай улс төсвөө бүрэн санхүүжүүлж дийлэнхгүй байгаа. Энэ жилийн төсвийг гэхэд алдагдалтай баталсан.
Тиймээс төсвийн алдагдлаа санхүүжүүлэх мөнгөгүй улс Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө яагаад багасав, юунд зориулагдаж байв гэдгийг дахин шалгаж тогтоох шаардлагатай байна.