Оросын хамгийн агуу хоёр зохиолчийн хувийн амьдралаас
Оросын их зохиолчдоос хамгийн агуу хоёр нь Ф.М.Достоевский, Л.Н.Толстой нар юм. Зохиол бүтээлүүд нь XX зууны үргэжилсэн үгийн урлагт зам заагч гэрэлт цамхаг болсон тэдний хувийн амьдралаас уншигч та бүхэнд сонирхуулья. Ф.Достоевский үеийнхнээсээ их оройтож аав болсон нэгэн. Өөрөөр хэлбэл, зуугийн тал шүргэж байж. Анхны эхнэр нь түүнд хүүхэд төрүүлж өгч чадалгүй хорвоогоос буцсан бол удаахь гэргий Анна Гришрьевна 21 насандаа ууган хүүхдийнх нь зулайг үнэрлүүлэх үед суут зохиолч маань 47-той байсан гэдэг. Энэ бол 1868 он. "Федор Михайлович маш зөөлөн эцэг учир надад их таатай байна. Тэр охиноо үргэлж тэвэрч, орных нь өмнө суу гаад хэдэн ч цагаар хамаагүй бүүвэйн дуу аялдаг” гэж эхнэр нь Орос руу ээж, аавдаа бичсэн захидалд онцолсон удаатай. Охиноо мэндлэхэд тэд Швейцарийн Женев хотод амьдарч байсан юм. Бяцхан охин ердөө гуравхан сарын настай байсан нь харамсам. Эмгэнэлт явдал тохиолдоход их зохиолч машид эмгэнэж гашуудан, бүсгүй хүн адил бахиран уйлж байсан аж. Түүгээр барахгүй "Өөр хүүхэдтэй болсон ч би охиндоо хайртай байсан шиг түүнийг яаж хайрлах юм бэ” хэмээн Аннад хэлжээ. Жил хагасын дараа Германы Дрездехд хоёр дахь охин Люба нь төрсний дараа тэдний гэр бүл нутагтаа буцаж ирэв. Дөрвөн жил харьд аж төрсөн тэд Петербургт ирээд мэндэлсэн хүүдээ Федор гэдэг нэр хайрласан юм. Алдарт зохиолч маань үнэхээр ховорхон эцэг байсан гэдэг. Тэр он жилүүдэд олон аав хүүхдийнхээ өрөө рүү шагайдаг ч үгүй байсан үе шүү дээ. Хожим охин Люба "Биднийг өсч томрох тусам тэр xaтyy чанга хандах болсон. Харин багад маань үргэлж эрхлүүлдэг байлаа. Зугаацуулахын тулд надтай хэдэн ч цагаар бүжиглэдэг” хэмээн бичсэн байдаг. Хэзээ ч инээдгүй Федор Михайловичийг хүүхдүүдтэйгээ бүжиглэдэг гэхээр төсөөлөгдөшгүй. Түүний намтрыг бичигсэд ямагт уруу царайлсан нэгэн шигээр дүрслэггэй Анна л санал нийлдэгтүй байсан билээ. "Ээ бурхан минь, та яагаад гэрлэхгүй байгаа юм бэ. Яагаад хүүхэдтэй болохыг хүсэхгүй байна вэ? Бүх аз жаргалын дөрөвний гурав нь үр хүүхдүүд байдаг юм шүү дээ” гэж хүмүүст хэлдэг байсан тэрбээр " Хүүхэд бол зовлон. Гэхдээ тэдэнгүйгээр амьдрал юу ч биш болно. Би ухаан, сэтгэлээр цаглашгүй агуу хүмүүсийг мэднэ. Гэвч тэд үр хүүхэдтэй л бол тийм ухаантай, тийм сэтгэлтэй байгаад ямар ч нэмэргүй, амьдрал нь хазгай байдаг юм шиг надад төсөөлөгддөг дөө”хэмээн бичсэн нь ч бий.
Тэгвэл Л.Н.Толстойг Ф.М.Достоевскийтэй харьцуулах хэцүү. Лев Николаевич бол өнөр өтгөн гэр бүлийн тэргүүн, өөртэйгээ мах цусаар холбогдсон ертөнцийн эзэн байсан ч ойр дотныхоосоо үргэлж хол хөндий явсан нууц биш. Анхны хүүхэд төрөнгүүт миний хувьд эх тэргүүнд хүүхэд болон бусад бүх зүйл хоёрдугаарт тавигдах болсон. Харин Лев Николавевичийн хувьд уран бүтээл хэзээд эхэнд, бусад бүх зүйл удаад нь байсан” гэж нэрт зохиолчийн гэргий Софья Андреевна бичсэн байдаг. Л.Н.Толстой эхнэрээ төдий л хайхардаггүй байснаас 1880 онд Ясная Полянад өнгөрүүлсэн өдрүүдээ бүсгүй тун их гунидаг байсан гэдэг. Оюуны цараар өөрийнх нь хаана ч хүрэхгүй эхнэртээ анхаарал тавих явдал Л.Толстойд хэцүү байсан нь мэдээж. Бясалгал, эргэцүүллийн гүнд умбасан түүний хувьд өөрийгөө гэр бүлийн орчинд нээлттэй байлгана гэдэг амаргүй байсан биз. Ф.Достоевский ганцаараа байж чаддаггүй, Л.Толсгой бусдын дэргэд байхыг тэвчдэггүй байв. Орос, Туркийн дайны үеэр Ф.Достоевскийнхэн Петербургээс Курскийн Гурбенд шилжжээ. Бүхий замын туршид Федор Михайлович эхнэрээ асарч халамжлан, хүүхдийн асрагчдаа туслахыг чармайж явсан тухай Анна Григорьевна бичсэн нь бий. Эхнэрээ хол байхад ч нэрт зохиолч маань аж ахуйч нөхрийн үгсийг бичсээр л. "Федя малгайгүй болохоор авчирвал сайн байна шүү. Цагийн сүмийн дэргэд Гостины двор (энэ дэлгүүр одоо ч бий)-ын булангийн тоглоомын дэлгүүрт хөөрхөн офицер малгай байдаг юм...” гэхчлэн бичсэн захиа нь одоо ч музейд байдаг. Энэ захиаг бичих үедээ "Ах дүү Карамазовынхон” дээрээ сууж байсан аж.
Харин Л.Толстой нэг зохиол эхэлчихсэн үедээ иймэрхүү захиа бичих зав гаргахгүй л байсан болов уу. "Лев Николаевич биеэ гамнаж, цаг хүчээ гэр бүлд зарцуулахаас харамсдаг байлаа. Энэ нь уран бүтээлч, сэтгэгч хүний хувьд зөв л дөө. Хүүхдэд анхаарал үнэхээр тавьж байсангүй. Гурван томдоо арай дээр. Харин багуудыг бол эгцэлж ширтсэн нь ч цөөхөн дөг” хэмээн Софья Андреевна бичжээ. Л.Толстойн гэргий хүүхдэд дарагдаж, амьдралд түүртсэндээ "Өөрийгөө өвдөөсэй, намайг морь гишгэчээд хаячихаасай” ч гэж боддог байсан гэдэг. Гэхдээ Л.Толстой хүүхдийнхээ хүмүүжилд санаа тавьж, боловсролтой болгох алхмуудыг аль болох зөвөөр шийдэхийг чармайдаг байжээ. Хөдөөний тансаг эдлэнд амьдардаг Л.Толстойнхыг бодвол Ф.Достоевскийнх хотын даруухан орон сууцанд аж төрөх ба тэнд нь ганцаараа түгжээд суучих бололцоо мөхөс байсан юм. Гэхдээ ер бусын нямбай нэгэн байв. "Би аавыг шаахайтай юм уу, гэрийн халаадтай байхыг ер хараагүй. Тэр ямагт ганган хувцаслаж, дандаа түрийтэй гутал өмсөнө. Бас шилдэг оёдолчноор хувцасаа хийлгэнэ. Хуучин хувцас өмссөн бол дотуур хувцас нь шинэ. Мөн хувцсаа цэвэрлэнэ” хэмээн охин дурсчээ. Ф.Достоевский үд хүргэж босдог байв. Харин гэрийнхнээ босох гэж байхад унтахаар хэвтэнэ. Маш өтгөн цай кофе ууна. Өглөөний цайны үеэр хүүхдүүтэйгээ ярилцах дуртай. Тэгвэл Л.Толстойнхон бас л том ширээ тойрон сууцгаах боловч гэрийн эзэн үргэлж бусдаас дээгүүр, ангид байсан юм. Амьдрал буцалсан тохиолдлын цаана ч Л.Толстой мөнхөд гоонь биеэр аж төрөн явжээ. Нас барахдаа ч тэр гэртээ байсангүй. Харин зохиолуудад нь аз жаргалтай айл, өрх ховор дүрслэгддэг, бүтэлгүй гэрлэлт зонхилдог ч Ф.Достоевский жинхэнэ аз жаргалтай гэр бүл бий болгохыг үргэлж чармайж явсан билээ.
Ш.ЭРДЭНЭТӨР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/