Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түтгэлзэж шалгуулна
УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх гэдгээс түдгэлзэж, Ёс зүйг эрхэмлэн, ард иргэдийнхээ нэгэн адил, сонгогчдынхоо өмнө нээлттэй, шударга зарчмаар хууль хяналтын байгууллагад шалгуулах тухай өргөдлөө УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, Авлигатай тэмцэх газарт гаргаж хүргүүллээ. Би УИХ-ын тухай хуулинд заасан "ёс зүйг чанд сахиж, хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байх, ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байх" гэсэн заалтын мөрдөж ажиллах үүргийнхээ дагуу ийм шийдвэр гаргалаа. Өнгөрсөн УИХ-аар Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллаж байх хугацаанд олон тэрбумын зөрчил илэрсэн бөгөөд ажлын хэсгийн дүгнэлтийг хууль хяналтын байгууллагад зохих журмын дагуу шилжүүлсэн. Дүгнэлтэнд АН-аас ажлын хэсэгт орж ажилласан бүх гишүүд гарын үсэг зураагүй нь хууль бус үйл ажиллагаа нь илэрхээс айсан үйлдэл гэж үзэж байна.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан гэсэн мэдээллийг олон нийтэд байнга цацаж, нэр төрд халдаж, бүдүүлгээр гүтгэж ирснийг нэг мөр цэгцэлж, нэрээ цэвэрлэж, сонгогчдынхоо итгэлийг нэр төртэй баталгаажуулахаар шийдвэрлэснийг та бүхэн минь ойлгоно буй за. Монгол Улсын Их Хурлын гишүүн миний хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдэгдсэн компаниуд нь Хөгжлийн банкны зээл, төсөлд хамрагдсан болон миний зүгээс Хөгжлийн Банкны үйл ажиллагаанд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг ямар нэгэн хувийн ашиг сонирхолд ашигласан, нөлөөлсөн эсэх талаар хянан шалгуулахаар УИХ-ын гишүүний халдашгүй эрхээсээ түдгэлзэн, хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болсныг та бүхэндээ уламжилж байна. Шинэ Засгийн газар байгуулагдан Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсгийг дахин байгуулж дүгнэлтээ гаргасан. Мөн л АН-ын гишүүд уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй тээг тавьсан бөгөөд 2016.11.28-ны өдрийн даваа гарагт УИХ-ын АН-ын бүлгийн гишүүн С.Эрдэнэ, Б.Пүрэвдорж нар мэдээлэл хийхдээ намайг Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан мэтээр дахин гүтгэлгийн чанартай мэдээлэл хийлээ.
Дашрамд хэлэхэд хууль хяналтын байгууллагаас гишүүдийг шалгах хүсэлт ирдэг ч УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гэдэг үг үсгийн ард нуугдах, хууль хяналтын байгууллагаас зайлсхийх тохиолдол гарч байгаа гэдгийг олон нийт шүүмжилдэг. Тиймээс УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхээс зохих журмын дагуу түдгэлзэх хүсэлтээ өглөө. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ.
https://www.facebook.com/LEnkhamgalan/photos/pcb.1151008878316711/1150960544988211/?type=3&theater