Сөрөг хүчин доторхи сөрөг хүчин ба олонхи доторхи сөрөг хүчний ялгаа

651

Сөрөг хүчин доторхи сөрөг хүчин ба олонхи доторхи сөрөг хүчний ялгаа

 

Иргэдийн үдийн цайгаа уух зуураа ярилцдаг сэдэв нь Ардчилсан намын шинэчлэл болжээ. Монгол Улсад ардчиллын салхийг сэвэлзүүлснээс хойшхи 26 дахь жилдээ дорвитойхон шинэчлэл хийхээр сэтгэл шулуудсан ардчилагчид өдгөө намынхаа Үндсэн дүрэм, Үзэл баримтлалын төслөө боловсруулах гээд тун завгүй явна. Ердөө хэдхэн хоногийн дараа хуралдах намын Их хурлаараа эдгээр төслийг баталж, намын даргын сунгаагаа албан ёсоор зарлаж, нэр дэвшигчдээ тодруулах юм. Гэвч зарим гишүүд нь намын даргаа Их хурлаасаа шууд сонгуулахаар лоббидож байгааг түвэггүй харж болно. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын Их хурал дээр шуурга дэгдэх нь зайлшгүй болж.

 

Гэхдээ шуурганы өмнөх нам гүм гэдэг ойлголт Ардчилсан намд алга. Сөрөг хүчин доторх сөрөг хүчин болоод байгаа "МоАН” санаачилга гэх бүлэг хүмүүс намын даргад нэр дэвшихээ илэрхийлсэн болон санаархлаа илэрхийлсэн хүн бүхэн рүү жадныхаа үзүүрийг чиглүүлж байна.

 

Нөгөө бүлэг хүмүүс нь Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдсэн намынхаа лидерүүдэд АТГ-ын зарлан дуудах хуудас "захиалж” байгаа гэх. Товчхондоо УИХ дахь үнэмлэхүй олонхид хяналт тавьж ажиллах ёстой Ардчилсан намыг сөрөг хүчний институцынхээ үүргийг биелүүлэх чадамжгүй болгох сонирхолтой хэсэг бүлэг хүмүүсийн үйл ажиллагаа идэвхжээд байна. Тиймээс энэ намын нэр төр, сонгогчдын 48 хувийн хүлээлгэсэн итгэлийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг л цээжээрээ хамгаалж байна. Есөн гишүүнтэй энэхүү ‘Торгуулийн суман”-гийн гүйцэтгэсэн үүрэг чамлах юм биш. Бүх төрлийн татвар нэмэгдүүлэх, төрийн албан хаагчийн 36 сарын тэтгэмжийг цуцлах, Хамтын тэттэврийн хуулийг ор мөргүй арчин хаях, Хүүхэд харах үйлчилгээг хүчингүй болгох зэрэг иргэдийн эсрэг чиглэсэн олон харгис санаархлыг таслан зогсооход тэргүүн шугамд зогссон. Гэвч бүлгийн найдвартай ар тал болох учиртай Ардчилсан намын шинэчлэлийг саатуулах, улмаар Ардчилсан намын эв нэгдлийг бусниулах үйл ажиллагаа идэвхжжээ.

 

Ардчилсан намын эмзэг сэдэв нь фракциудын зөрчил. Үнэндээ Ардын намд ч дутахгүй олон фракц, эрх ашгаараа нэгдсэн лобби бүлгүүд ажиллаж байна. Хотын бүлэг, Увсын бүлэг,  Хүрэлсүхийнхэн, НАМЗХ-ны бүлэг, экс МАХН-ын гишүүд, Сү-гийн фракц гэхчилэн тоймгүй олон. Албан тушаалын томилгоонууд ч фракцууддаа бялуу хүртээх жишгээрээ явж байна. Ялгаатай нь зөрчлөө ил гаргадаггүй. Зодолдсон ч битүү зодолдож, гадагшаа үг алддаггүй. Сүүлийн жишээ нь, МАН-ын хоёр гишүүн архины шилээр нүдэлдэж, нэгнээ оёдол зүйдэл болтол нь гэмтээсэн ч ам алдсан хүн гарсангүй.

 

Эсрэгээрээ Ардчилсан намын гишүүд дотоод зөрчлөө нийгэмдээ нааж, намаа хэрүүл тэмцэлтэй, хэврэг болгож харагдуулдаг. Үүний сонгодог жишээ бол Л.Болд гишүүн. Зүй тогтол нь тэгж таараад байна уу, эсвэл үнэхээр хэн нэгний захиалгаар ажиллаад байна уу Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдсэн лидерүүд нь мэдэгдэл хийсэн дарааллаараа АТГ-д дуудагдах боллоо. Үүнтэй ижил намын даргад өрсөлдөхөө ил мэдэгдсэн болон санаархлаа нуугаагүй лидерүүд нь Л.Болдын хэл амны бай болоод дууслаа. Нэг үгээр хэлбэл, Ерөнхийлөгчид нэр дэвшигчид нь АТГ-т, намын даргад нэр дэвшигчид нь Л.Болдод намнуулж байгаа бололтой. "МоАН” санаачилгаар овоглох болсон Л.Болд, Г.Батхүү нар намын даргад, цаашилбал Ерөнхийлөгчид санаархаж байгаа нь хэнд ч нууц биш. Путин, Медведев нарын Монгол хувилбар болох санаархалтай энэ хоёр эрхмийн өдүүлж байгаа хэрэг явдлууд Ардчилсан намыг хуваагдал руу түлхэж байна уу гэж харагдаж байна. Хувь улстөрчийн албан тушаалд хүрэх эрмэлзэд нь намынхаа эв нэгдэл, хүчтэй сөрөг хүчний байр суурийг алдагдуулах зам руу явж байна. Зүй нь Ардчилсан нам өдгөө эв нэгдлийг сахиж, намынхаа Үндсэн дүрэм, Үзэл баримтлалыг чамбай боловсруулж, түүнийхээ дагуу намын дарга, Ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүсээ тодруулах учиртай. Түүнээс хуулийн байгууллага, хэвлэлээр нэгнээ намнаж намаа хагалан бутаргах хэрэгтүй.

 

Оронд нь албан тушаалын хэнээрхлээ дарж, хүчтэй сөрөг хүчин байж сонгогчдын 48 хувийн саналыг хадгалж, 2020 онд ялалт байгуулахыг зорих ёстой. Тэр үед хүссэн албан тушаалаа хүртэж болно. Одоогийн байдлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг л энэ бүх ачааг нуруун дээрээ үүрч явна. Гэвч нам доторхи зөрчил, тэмцэл нь тэр бүх хүчин зүтгэлийг нь баллуурдаж байна.

 

Ардчилсан нам ийн дотоодын зөрчлөөсөө болж сөрөг хүчний байр сууриа алдах эрсдэлд орж байгаа нь эрх барьж байгаа МАН-д ч ашиггүй юм. Учир нь, сөрөг хүчний алдагдсан байр суурийг УИХ дахь 65-ын бүлгийн гишүүд эзэлж эхэлнэ. Жишээ нь, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Б.Жавхлан, Т.Аюурсайхан нар. Эрдэнэтийн асуудлаар дорвитой дуугарч байгаа Ц.Нямдорж гишүүний үгийн үзүүр Ерөнхийлөгч рүү чиглэж байгаа ч ир нь өөр бусад руу чиглэж байгаа нь бас ойлгомжтой байна. УИХ дахь үнэмлэхүй олонхи дотор ийн нөлөө бүхий лидерүүдээс нь бүрдсэн Сөрөг хүчинтэй болж байгаа нь МАН-ыг ч хэврэг болгож байна. Ирэх онд Ерөнхийлөгчийн сонгуультай учраас МАН-ын удирдлага үүнийг хүсэхгүй нь ойлгомжгой. Тиймээс энэ талаар илээр үг хэлсэн хүн нэг ч алга. Дотроо тохиролцож, албан тушаал наймаалцах замаар асуудлаа шийдэхийг оролдож байна. Харин Ардчилсан нам хэвлэлээр хэрүүл, тэмцэл хийж, хуулийн байгууллагаар нэгнээ дарж авахыг хичээж байна. Сөрөг хүчин доторхи сөрөг хүчин, олонхи доторхи сөрөг хүчний ялгаатай тал нь ердөө л энэ юм.



С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>