НӨАТ-ын амлалт ба хүлээлт

912

НӨАТ-ын амлалт ба хүлээлт Төлбөрөө төлчихөөд хэсэг хүлээлээ. Худалдагч бүсгүй тоосон шинжгүй бусдад үйлчилнэ. Дугаарласан үйлчлүүлэгчид тооцоогоо хийж, дуусахаар нь НӨАТ-ын баримтаа худалдагчаас нэхэв. Бүсгүй янзгүй харснаа, "Ийм юмны төлөө юү” хэмээн доогтой нь аргагүй инээв. Тэгээд тооцооныхоо машины товчлуурыг дарж, төлбөрийн баримт хэвэлж өглөө. Зарим худалдагчийн ёозгүй харц, доогтой инээдээс болоод заримдаа баримт нэхэхээс эмээх үе бий. Энэ удаад иргэний зориг гаргасан юм.

 

Ийм явдал уншигч танд тохиолдож байна уу. Угтаа энэ бол иргэний эрхийг зөрчиж буй үйлдэл. Тодруулбал, иргэн таны урамшууллын сугалаанд оролцох эрхийг шууд хааж байна. Үүгээр зогсохгүй төлсөн татварынхаа тодорхой хувийг эргүүлэн авах боломжийг ч хязгаарлаж байгаа юм.

 

Хэрэгжээд нэг "нас” ч хүрээгүй НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилт сул байна. Томоохон дэлгүүр, үйлчилгээний төвийг эс тооцвол хотын төвөөс зайтай хүнсний дэлгүүр, худалдааны төвүүд НӨАТ-ын нэгдсэн системд бүрэн холбогдоогүй хэвээр. Бас баримт хэвэлж өгөөгүй тохиолдол түгээмэл байгааг иргэд шүүмжилж байна.

 

Манай улсад энэ оны нэгдүгээр сарын 1-ээс НӨАТ-ын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд төлсөн татварынх нь тодорхой хувийг буцаан олгох, хонжворт сугалаагаар урамшуулж байгаа юм. Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар сугалааны тохирлоор 163 мянган иргэн азтан болжээ. Эдгээр иргэнд нийт 6.1 тэрбум төгрөгийн урамшуулал авах эрх үүссэн байна. Гэвч азтан болсон иргэдийн тал нь буюу 84 мянган хүн 3.1 тэрбум төгрөгийн урамшуулал авчээ. Үлдсэн нь дараах шалтгааны улмаас хоосон хоцорчээ. Тухайлбал, НӨАТ-ын баримтаа үрэгдүүлсэн, нэгдсэн системд бүртгүүлээгүй, хувийн мэдээлэл нь зөрүүтэй. Банкин дахь дансны дугаар нь зөрснөөс гүйлгээ нь буцсан зэрэг шалтгаан зонхилж байх юм.

 

БАРИМТ ӨГӨХГҮЙ БОЛ...

Өнгөрсөн сарын байдлаар Татварын үйлчилгээний төвд НӨАТ-тай холбоотой 133 мянган хандалт иржээ. Иргэд сугалааны журам болоод урамшууллын мөнгө дансанд нь хэзээ орох талаар түлхүү асуусан байна. Үүнээс гадна НӨАТ-ын баримт өгөөгүй гэсэн гомдол багагүй хувийг эзэлжээ.

 

НӨАТ-ын баримт өгөхгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ
Баримт өгөхгүй бол яах вэ. Энэ асуултыг Татварын ерөнхий газарт тавьтал дараах хариултыг өгөв. Хэрэв ийм зөрчил илэрвэл Татварын үйлчилгээний төвийн тусгай дугаар болох 1800-1288-т хандаж болно. Тус төв таны гомдлыг хүлээж аваад харьяа аймаг, дүүргийн татварын албанд хүргүүлдэг байна. Татварын алба бүрт НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг хэсэг байгаа. Уг ажлын хэсэг тухайн иргэний гомдлын дагуу ажиллаж, газар дээр нь шийдэх аж.

Гэвч зөвхөн иргэдийн гомдолд тулгуурлан хуулийн хэрэгжилтийг хангах боломжгүй. Иймд төрөөс хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Уг хууль хэрэгжихээс өмнө албаныхан худалдаа, үйлчилгээ эрхэлж буй хувь хүн, хуулийн этгээдтэй биечлэн уулзаж, НӨАТ-ын нэгдсэн системд холбогдохыг шаардсан. Одоогоор 40 мянган аж ахуйн нэгж системд нэгджээ. Гэвч хуулиас гадуур үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгч цөөнгүй байгаа.

 

Тэдэнд дахин шаардлага тавина. Ингэхдээ тодорхой хугацаа заасан. Хэрэв заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй дагуу хариуцлага тооцох аж. Ялангуяа, "Нарантуул” "Хархорин” зэрэг худалдааны төвд хуулийг хэрэгжүүлэхээ албаныхан амлав. Олон түрээслэгчээс бүрдсэн эдгээр төвд хууль хэрэгжүүлэх боломж бүрэн бий. Худалдаачид ухаалаг гар утсаа ашиглан, нэгдсэн системд холбогдож болно. Мөн дундаа нэг пост машин ашиглах ч боломжтой аж. Гэхдээ үүнд төрийн байгууллагаас гадна иргэдийн оролцоо чухал гэдгийг албаныхан уламжлав. Иргэн та НӨАТ-ын баримтаа шаардах эрхтэй. Эс бөгөөс баримт олгож буй цэгээс худалдан авалт хийх сонголт бас бий.

 

ҮНИЙН ДҮН ЗӨРҮҮТЭЙ БОЛ...

Системд ирээгүй, үнийн дүн зөрүүтэй, аж ахуйн нэгж бүртгүүлээгүй. Ийм тайлбарыг уншигч олонтаа харсан байж магадгүй. Тэгвэл үүнийг шийдэх боломжтой. Иргэд баримтаа гурван аргаар бүртгүүлж буй. Нэгдүгээрт ухаалаг утсаа ашиглан баримтын длоод хэсэгт байрлах цэгэн кодоор бүртгүүлнэ. Мөн интернэтэд холбогдсон бол баримт дахь дахин давтагдашгүй дугаар болон сугалааны дугаараа шивж, бүртгүүлж болно. Гуравдугаарт мессежээр бүртгүүлнэ.

Хуульд заасны дагуу худалдагч тал 72 цагийн дотор НӨАТ-ын мэдээллээ нэгдсэн системд илгээх ёстой. Гэвч энэ чиглэлийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас үнийн дүн системд оройтож ирж буй. Тиймээс үнийн дүн системд ирээгүй байх тохиолдол олон байгаа. Гэхдээ ийм шалтгааны улмаас 2-3 сарын турш хүлээгдэж буй бол баримтын мэдээлэл зөрүүтэй байх магадлалтай. Иймд бүртгэлээ устгаад, дахин оруулахыг татварын байгууллага зөвлөж байна. Харин үнийн дүн зөрүүтэй бол тухайн баримтынхаа дахин давтагдашгүй дугаарыг оруулснаар шийдэх боломжтой.

 

Тэрчлэи тухайн сарын худалдаа хийсэн баримтаа удаах сарынх нь сугалааны тохирол хүртэл хадгалахыг Татварын ерөнхий газраас зөвлөж байна. Учир нь 500 мянган төгрөгөөс дээш хонжвор хожсон тохиолдолд заавал баримтаар баталгаажуулдаг байна.

 

НӨАТ-ын тухай хууль нь татварын бааз суурийг тэлж, улсын төсөвт эергээр нөлөөлж байгаа. Энэ оны эхний найман сарын байдлаар Нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээ өмнөх оны мөн үеэс 30.6 тэрбум төгрөгөөр өсчээ. Тиймээс ирэх онд НӨАТ-аас 581.3 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр 2017 оны улсын төсөвт тусгачихаад байгаа. Мөн НӨАТ-ын буцаан олголтод зориулж 80 тэрбум төгрөг ирэх оны төсөвт суулгасан. 2016 оны буцаан олголтыг 2017 онд иргэдийн дансанд шилжүүлнэ гэж Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал мэдэгдсэн.

 

Хэрэв та 6000 төгрөгийн худалдан авалт хийсэн бол НӨАТ-т 600 төгрөг төлнө. Энэ татварынхаа 20 хувь буюу худалдан авалтынхаа хоёр хувийг буцаан авна. Энэ оны эхний арван сарын байдлаар 456611 татвар төлөгч иргэд 25,4 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгохоор байна. 


ЗГМ


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>