Арьс, ширний алдагдсан орон зай

771

Арьс, ширний алдагдсан орон зай

 

Монгол улс 2016 онд 61 сая 520 мянган толгой мал тоолууллаа гэсэн урьдчилсан дүн гарсан. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-аас хийсэн судалгаанд Монгол улс нийт малынхаа тоогоор дэлхий нийтэд  дээгүүрт  ордог,  нэг хүнд ногдох малын тоогоороо ч  толгой цохидог хэмээн дурьдагджээ.

Тус байгууллагын гаргасан судалгаагаар бол Монгол улсад жилд 8 сая 279 мянган арьс шир гардаг. Энэ үзүүлэлтээр дэлхийн
хэмжээнд 34-т жагсчээ. Монгол улс дээрх хэмжээний арьс, ширийг бүрэн хэмжээгээр цуглуулж түүхийгээр нь экспортолж чадвал жилд 3,2 сая ам. доллар олох боломжтой. Гэвч ийм экспорт хийж чаддаггүй тул манай улс дэлхий нийтэд түүхий арьс, шир экспортолдог орнуудын дунд  эзлэх байр суурьгүй явдаг.
Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд малын тоо,толгой өсч байгаа боловч малын түүхий эд,  арьс, ширний экспортоор мөнгө олох боломж Монголчуудад алга байна.

Монгол улс 1990 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас татгалзаж, зах зээлийн эдийн засагт шилжин орохдоо тухайн нийгмийнхээ арьс, шир боловсруулдаг дэд бүтцийг устгасантай үүнийг холбон тайлбарлаж болно.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байх үед мал улсын мэдлийн өмч байлаа. Тэр үед улсын хэмжээнд малын тоо, толгой жилд 23,5- 25 саяын байсан. Найман сая гаруй төл жилд хүлээн авдаг.  Хоёр сая орчим мал хөлөөр нь ОХУ-д гаргадаг, улсын хэмжээнд бэлтгэгдсэн таван сая арьс, ширийг бүрэн боловсруулж нэмүү өртөг шингээн  бэлэн бүтээгдэхүүн болгож, ОХУ, европын зах зээлд нийлүүлдэг байв.

Арьс, ширийг анхан шатны боловсруулалтын үйлдвэрээс хонь, ямааны арьсыг Шевро, Шевретийн үйлдвэрүүдэд нийлүүлдэг.Тэндээсээ савхин эдлэл, эцсийн  бүтээгдэхүүн болж экспортод гардаг, үхэр, адууны ширийг Том ширний үйлдвэрт боловсруулж цааш үргэлжлэн савхи,  шир болгон эцсийн бүтээгдэхүүн савхин дээл, хүрэм, гутал болон хүний хэрэгцээг хангаж, бэлэн мөнгө болж байсныг дурдууштай.
Тэр үеийн арьс, ширний боловсруулалт нь  анхан шатны үйлдвэрээс, Эрдэм шинжилгээ туршилтын үйлдвэр хүртэл үргэлжилдэг өргөн бүтэцтэй байжээ.

Нийгмийн тодорхой хэсэг буюу Аж үйлдэрийн комбинат байгуулагдсан 1934 оноос Арьс, ширний анхан шатны боловсруулалтын үйлдвэр ашиглалтад орсон 1980 оны хооронд энэ бүтэц бүрдэж бий болсон юм.

Арьс ширний анхан шатны боловсруулалтын үйлдвэр гэдэг маань өнөөдрийн "Мишээл экспо” төв шүүдээ. Тэгэхээр үйлдвэрийн газрыг худалдааны төв болгож үйлдвэрлэлийн түвшнээс бид ухарч, арьс, ширний хувьд үйлдвэрлэгчээс хэрэглэгч орон болсон. Тухайн үед арьс, шир боловсруулах үеийн шат, дамжлага бүтцийн талаар цухас дурьдахад ийм байна.
Том газар нутагтай хүн ам сийрэг манай улсын хувьд түүхий эдээ бэлтгэдэг бүтэцтэй байлаа. Тухайлбал түүхий арьс, шир бэлтгэдэг Худалдаа бэлтгэлийн анги  сум бүрт байсан. Нэг үгээр хэлбэл арьс, шир айлын гаднаас сумын худалдаа бэлтгэлийн ангид очдог. Тэндээсээ тээвэрлэгдэн арьс, ширний анхан шатны боловсруулалтын үйлдвэрт хүрдэг.

Ийм энгийн сүлжээ байсан билээ. Түүхий арьс, шир бэлтгэлийн энэ тогтолцоо байхгүй болсноор  жилд гардаг 8 сая гаруй арьс, ширийг нэг цонхоор  экспортлож жилд  3,2 сая ам доллар олох боломж манай улсад байхгүй байна.

Зах зээлийн эдийн засагт шилжсэн 27 жилийн хугацаанд, түүндээ тохирсон түүхий эд бэлтгэлийн болон арьс, шир боловсруулалтын тогтолцоог бий болгож чадсангүй. Ийм учраас түүхий эд бэлтгэл, арьс, ширний боловсруулалт, савхи эцсийн бэлэн бүтээгдэхүүн болгох маш том хоосон орон зай бий болчихжээ. Энэ орон зайг нөхөхгүйгээр буянт малынхаа ашиг шимийг монголчууд бүрэн дүүрэн хүртэж чадахгүй байна. Энэ бол нэн даруй бидний нөхөх ёстой орон зай болов уу.
Одоогоор Хөдөө аж ахуйн бирж ажиллаж байгаа гэх боловч хөлөө олоогүй, ажил нь цэгцрээгүй. Зөвхөн малчдын ноосны урамшууллыг замаас нь зуучилдаг нэг үгээр хэлбэл малын түүхий эдийн ченжүүдтэй ижил үүрэг гүйцэтгэдэг болсон. Хөдөө аж ахуйн бирж сум бүрт анхан шатны нэгжгүй, байгаа цөөн нь малчдад хүрч ажиллаж чаддагүйгээс ченжүүдтэй өрсөлдөх ч боломжгүй болоод байгаа юм.


Тоймч Г.Эрдэнэбат
Эх сурвалж: "Монцамэ”агентлаг 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>