МУИС-ийн удирдлагууд ИЧИГ ИЧИГ

849

МУИС-ийн удирдлагууд ИЧИГ ИЧИГ

 

Монгол Улсын ууган их сургуулийн оюутнууд хичээлийн нэгдүгээр байрныхаа өмнө гурван өдөр тайван жагсаал хийв. Тус сургуулийн удирдлагууд хичээлийн кредитийн төлбөрөөс гадна оюутнуудаас суурь хураамж нэрийдлээр мөнгө авч завшиж буй явдлыг эсэргүүцэж тэд ийнхүү жагсаж байна. Өдрийн ангийн оюутнууд жилд төлбөрөөс гадна 224 мянган төгрөг төлдөг бол магистрын ангийн оюутнууд 336 мянган төгрөг тушаадаг юм байна. Энэхүү суурь хураамжийг 2012-2013 оны хичээлийн жилээс авч эхэлсэн бөгөөд эндээс жилд 5-7 тэрбум төгрөг төвлөрүүлдэг гэнэ. Энэ мөнгийг оюутанд сурч боловсрох таатай орчин бүрдүүлэхзд зарцуулна хэмээн тайлбарладаг ч харамсалтай нь анги танхим, хичээл сургуулийн орчин яг л өмнөх шигээ байсаар байгаа нь оюутнуудын эгдүүцлийг төрүүлжээ.

Хамгийн марзан нь сургуулиасаа жилийн чөлөө хүсэхэд суурь хураамжаа төлөхийг шаарддаг гэнэ. Сурахгүй байж суухгүй анги, хэрэглэхгүй эд, сургалтын гарын авлагын төлөө яагаад мөнгө төлөх ёстой вэ гэдгийг МУИС-ийн удирдлагуудаас асуумаар байна.

Оюутнууд "Суурь хураамж бидний суралцах бололцоог сайжруулах ёстой байтал сургуулийн удирдлага, багш нарын тансаглал, гадаад дотоод аялал зугаалганд зориулагддаг. Суурь хураамжийг банкинд хадгалуулж мөнгөний хүүгээр нь ашиг олсон тохиолдол байдаг” гэв. МУИС-ийн оюутнууд энэ асуудлаар анх удаа жагсаагүй. Хоёр гурван жилийн өмнөөс л эсэргуүцлээ илэрхийлсэн ч үр дүнд хүрсэн нь үгүй. Мэргэжлийн байгууллага болох Аудитын газраас дээрх үйлдлийг хууль бус хэмээн тогтоосон ч тусыг эс олсон. Хэдэн сая төгрөг бус хэдэн тэрбум хууль бус мөнгөний асуудал яригдаж байхад мэргэжлийн байгууллагынхан яаж нүдэн балай, чихэн дүлий сууж чаддаг юм бол.

Эцэст нь Монгол Улсын их сургуулийн оюутан гэж дуудуулах нь хэн бүхэнд тохиолдоод байдаг аз биш. Харин 10 жил өдөр, шөнөгүй хичээлээ хийж, үеийнхээ сурагчдаа манлайлсан нэгэнд ирдэг шагнал гэж ойлгодог. Ийм нэр хүндтэй сургуулийнхаа нэр хүндийг ингэж муу муухай болгомооргүй санагдана.
 
 
О.ЭРДЭНЭЧИМЭГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>