Сургамжит богино өгүүллэг

870

Сургамжит богино өгүүллэг

Нэг залуу бизнес нь бүтэлгүйтэж, өрөнд орсоор ямар ч гарцгүй байдалд оржээ. Зээл олгогчдоос зугатах ч газаргүй болж, бараа нийлүүлэгчид нь төлбөрөө нэхсээр байжээ. Тэр цэцэрлэгт хүрээлэнд шанаагаа тулан, яаж компаниа өрнөөс гаргаж дампуурлаас аврах тухай бодож байв. 
Нэг хартал өмнө нь настай өвгөн ирсэн байлаа. 
- Та ямар нэг зүйлд их санаа зовсон харагдаж байна гэж өвгөн хэлэв. 
Залуугийн яриаг бүгдийг нь сонсож дуусаад өвгөн түүнд ийнхүү хэлжээ. 
- Би танд тусалж чадах юм шиг байна. 
Залуугаас овог нэрийг нь асуугаад чек бичээд гараа сунгав.
- Энэ мөнгийг ав. Яг жилийн дараа хоёулаа энд уулзаад, та надад мөнгөө эргүүлж өгч болно. 
Тэр буцаад ирсэн шигээ хурдан явж алга болов. Гартаа байгаа чекийг уншиж үзтэл 500 000$ гэж бичээд Джон Рокфеллер буюу тухайн үеийн дэлхийн хамгийн баян хүний гарын үсэг зурагдсан байх нь тэр. Асуудлаа ганцхан хоромд шийдэж болохоор боллоо гэж залуу баярлав. Гэвч дараа нь чекийг сейфэндээ хийж түгжих санаа төржээ. Тэр чек байгаа гэсэн ганц бодол түүнийг бизнесээ хадгалах арга зам бодож олох хүчийг өгсөн байна. 
Сэтгэл санаа нь өөдрөг болж, ажилдаа идэвхийлэн орсны дараа хэд хэдэн удаагийн ашигтай ажил хийгдэж, хэдэн сарын дараа өрнөөс гарч, цаашид ашигтай ажиллаж эхэлжээ. 
Яг жилийн дараа залуу өвгөнийг цэцэрлэгт хүрээлэнд хүлээгээд сууж байлаа. Тохирсон цагтаа өвгөн ирж, залуу ч огт хэрэглээгүй чекийг өгч өөрийнхөө амжилтын тухай ярих гэтэл нэг сувилагч бүсгүй гүйж ирээд өвгөнийг бариад авав. 
- Ашгүй би түүнийг бариад авлаа. Танд саад болж үймүүлээгүй биз дээ. Тэр үргэлж гэрээсээ зугатаад, өөрийгөө Джон Рокфеллер гэж яриад явдаг юм. 
Залуу гайхашран зогсов. Бүтэн жилийн турш тэр маш ихээр хичээж, бизнесээ аварч өргөжүүлж байхдаа өөрт нь хагас сая доллар байгаа гэдэгт итгэлтэй байсан билээ. Түүний амьдралыг өөрчилсөн зүйл бол мөнгө биш болохыг гэнэт ойлгов. Энэ бол одоо байгаа бүхэнд хүрэх шинэ хүч сэтгэлийн тэнхээг өгсөн шинээр өөртөө итгэх итгэл байсан билээ.
Та идэвх зүтгэлийг өөрийнхөө гарт авч, өөрийнхөө тоглоомоор тоглох ёстой. Шийдвэрлэх мөчид өөртөө итгэх итгэл хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг...


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>