|
Видео

Шинэ мэдээ

Г.Дэнзэнд “Говь повер” ХХК хамаагүй юу?

 

 

Г.Дэнзэнд  “Говь повер” ХХК хамаагүй юу?Г.Дэнзэн, Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилж буй бөгөөд шүүхийн шийдвэр өнөөдөр гарна гэсэн мэдээлэл байгаа юм. Өнгөрсөн өдрүүдийн шүүх хуралдаан дээр яригдсан зүйлс хийгээд, шүүгчдэгчдийн мэдүүлэг, бусад хүмүүсийн яриа сэлтээс үзэхэд Г.Дэнзэн 17 тэрбумын хэргээсээ мултарч, 200 саяын пүүний л хэрэгт буруутгагдах нь гэсэн таамаглал дагаж буй. Гэхдээ шүүгчид хэргийг дэнслэх цаг хугацаа ойртож буй гэдгийг тодотгоё. Шүүх хуралдааны эхний өдөр улсын яллагч Г.Дэнзэнг буруутгаж буй үндэслэлүүдийг дуулгасныг эргэн сануулъя. Түүнийг ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд "Эрдэнэс тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа тус компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Түмэнхүү, хууль эрхзүйн хэлтсийн хуульч Бадмаараг, Төгсбаяр, иргэн Баярмаа нартай бүлэглэн Эрдэнэс тавантолгой компаниас 2013 оны нэгдүгээр сарын 8-нд нээхээр товлон зарласан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Цагаан хад гэх газарт гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх  тендэрт эхнэр Уянгын нэрээр иргэн Баярмаатай хамтран худалдан авсан "Говь повер” ХХК-ийг оролцуулж, хууль бусаар сонгон шалгаруулахын тулд гүйцэтгэх захирал Я.Батсууриар тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг өөрчлүүлэн, нарийн бичгийн даргаар нь өөрийн төрсөн эгч Г.Улзмаагийн хамтран амьдрагч, тус компанийн худалдан авах, ханган нийлүүлэлтийн хэлтсийн мэргэжилтэн Түмэнхүүг томилсон тушаалыг 2012 оны 12 сарын 26-ны өдөр гаргуулсан, улмаар дээрх сонгон шалгаруулалтад оролцогчдын шударгаар өрсөлдөх боломж нөхцөлийг хаасан хэмээн буруутгаж байгаа. Мөн Г.Дэнзэн нь Монгол Улсын Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Тэргүүн шадар сайдын тушаалаар Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгсэл жинлэх 150 тоннын даацтай хэмжилтийн пүү худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа албан тушаалын эрх ашгаа албаны эсрэг буюу хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглан өөрийн төрсөн эгч Г.Улзмаа, найз Энхболд нарын нэр дээр үүсгэн байгуулсан, өөрийн хамаарал бүхий "Эн Ай Ди Би” компанийг хууль бусаар сонгон шалгаруулж, улсын төсвийн хөрөнгийн 137 сая төгрөгийг хувьдаа завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгагдаж байгаа юм.

Мөн "Эрдэнэс тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсууриар "Говь повер” компанитай 2013 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх 17,7 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулуулж гэрээний урьдчилгаа хэлбэрээр тус компаниас 700 сая төгрөгийг "Говь повер” компанид шилжүүлүүлсэн гэсэн. Говь повер” компанид давуу байдал олгосон тендерийн баримт бичгийг Түмэнхүүгээр боловсруулуулан хууль бусаар зохион байгуулах ажлыг гардан гүйцэтгүүлж, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.3.4 дэх хэсэгт заасныг зөрчин тухайн компанийг хууль бусаар сонгон шалгаруулуулсан, 2013 оны зургадугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас Тавантолгой нүүрсний уурхайг түшиглэн Гаалийн хяналтын бүс байгуулах тухай тогтоол гарч "Эрдэнэс тавантолгой” компаниас цаашид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт цаашид Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ авах шаардлагагүй болсоны улмаас "Говь повер” компанитай байгуулсан гэрээг цуцалсан байхад "Говь повер” компанийн гүйцэтгэх захирал Баярмаагаар гэрээ цуцалсантай холбогдуулан "Эрдэнэс таавнтолгой” компаниас Гаалийн хяналтын бүсийн талбай, техник тоног төхөөрөмж зэрэг үндсэн хөрөнгө, түүнд оруулсан хөрөнгө оруулалтын зардал, ирээдүйд олох байсан ашиг алдагдал зэрэг нийт 7,4 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхийг шаардсан хууль бус нэхэмжлэлийг шүүхэд гаргуулсан, мөн Я.Батсуурийн 2013 оны долдугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэгдсэн хүнээр томилогдсон тус компанийн хууль эрхзүйн хэлтсийн хуульч Бадмаараг, Төгсбаяр нарыг тус иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцуулж "Эрдэнэс тавантолгой” компани нь "Говь повер” компанийн нэхэмжилсэн 7,4 тэрбум төгрөгөөс 5.3 тэрбум төгрөг буюу гэрээний урьчилгаанд төлсөн 700 сая төгрөгийг хасч үлдэх 4,8 тэрбум төгрөгийг, нэхэмжлэлийн шаардлагын алдагдалд нэхэмжилсэн 4,1 сая төгрөгийн 50 хувь буюу 2 тэрбум  төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн байдлаар хууль бус эвлэрэлийн гэрээ байгуулуулсан, түүнчлэн  "Эрдэнэс тавантолгой” компанид нийтдээ 5,5 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэсэн үндэслэлүүдээр буруутгагдаж байгаа юм.

Тэгэхээр эдгээр баримт бүхий мэдээллүүдээс үзэхэд Г.Дэнзэнд "Говь повер” компанийг огт холбоогүй гэж үзсэн шийдвэрийг шүүх гаргавал араас нь анхаарал татсан олон асуулт хөврөхөөр харагдаж байгааг хэлэх хэрэгтэй.

Эх сурвалж: Шуурхай

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.