Трампын алсын хараагүй бодлого дайн дэгдээж магадгүй

814

 

АНУ-ын цэргийн хөлөг онгоцууд Солонгосын хойг руу чиглэх тушаал аван ойртож очоод байгаа. Ү үнтэй холбогдуулан Хойд Солонгосын Гадаад хэргийн яам албан мэдэгдэл гаргасныг тус улсын төрийн мэдээллийн агентлаг дамжуулжээ. "АНУ-ын тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд Солонгосын хойгт ойртон ирсэн нь Хойд Солонгос руу довтлох АНУ-ын төлөвлөгөө анхаарал татах хэмжээнд хүрсэнийг илтгэж байна. АНУ-ын энэ үйлдэл нь цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, цөмийн хөтөлбөрөө сайжруулах Хойд Солонгосын байр суурь зөв байсныг нотоллоо” хэмээн мэдэгдэлд өгүүлжээ. Цөмийн хошуу тээвэрлэгч "Карл Винсон”-оо толгойлуулсан хөлөг онгоцууд хуваарийн дагуу Австрали руу хөвж явсан боловч Сингапурын эрэг хавьд байхдаа Солонгосын хойгийг чиглэх тушаалыг дөрөвдүгээр сарын 9-ний өдөр авч чиглэлээ өөрчлөн Солонгосын хойг руу явсан юм.

 

Өмнөд Солонгосын "Ионхап” агентлагийн мэдээлснээр "Карл Винсон”-оос гадна мина тээвэрлэгч хоёр онгоц, баллистик пуужинг устгах чадвар бүхий удирдлагатай хөлөг онгоц байгаа аж. "АНУ-ын үйлдэл нь дайн өдөөх эхлэл бөгөөд БНАСАУ хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн байна. Бид өөрсдийгөө хамгаалахын тулд зэвсгийн хүчин чадлаа бүрэн дайчилж, хүчтэй хариу арга хэмжээ авна” хэмээн Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ. Түүнчлэн Сөүлээс Хойд Солонгос дахин пуужин эсвэл цөмийн туршилт хийвэл БНХАУ болон БНСУ тус улсын эсрэг шинэ, хатуу хориг арга хэмжээ авахаар тохиролцсон тухай мэдэгдлээ. Өчигдөр Солонгосын хойгийн асуудлыг хариуцсан Хятадын тусгай төлөөлөгч У Давэй тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотод Өмнөд Солонгосын талтай уулзжээ. Бээжин, Сөүлийн хооронд "THAAD” пуужингаас хамгаалах системтэй холбоотой маргаан дэгдсэнээс хойш Өмнөд Солонгост айлчилж байгаа Хятадын хамгийн дээд албаны хүн У Давэй болж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт болсон АНУ, БНХАУ-ын дээд хэмжээний уулзалтын дараа Бээжин Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд илүү идэвхтэй ажиллахаар болсон нь эндээс харагдаж байна гэж ажиглагчид дүгнэж байна. Өнгөрсөн долоо хоногт Сирийн Засгийн газрын агаарын баазад өгсөн пуужингийн цохилт ч Хойд Солонгост АНУ-ын өгч буй сануулга гэж үзэж байгаа юм.

 

Хятад, Өмнөд Солонгосын хэлэлцээрт Хойд Солонгосын эсрэг цэргийн ажиллагаа яригдаагүйг Сөүл баталсан байна. Харин НҮБ-ын тавьсан хоригоос ч хатуу эдийн засгийн хориг хэрэгжүүлэхээр тохиролцсон гэжээ. Ким Жөн Ун Хойд Солонгосын удирдагч болсны таван жилийн ой саяхан тохиосон. Ким эрх баригч Хөдөлмөрийн намын дээд удирдагч болсны таван жилийн ой болж байгаатай холбогдуулан өчигдөр Хойд Солонгосын Ардын их хурлын чуулганы нээлт Пхеньян хотод болсон байна. Чуулганы явцад улсын төсөв, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх болон төрийн байгууллагуудад халаа сэлгээ хийх зэрэг асуудлыг шийдвэрлэдэг ажээ. Энэ долоо хоногийн ирэх бямба гаригт тус улсын удирдагч агсан Ким Ир Сений мэндэлсний 105 жилийн ой тохиох учир Пхеньян өдөөн хатгасан үйлдэл хийж болзошгүй гэж ажиглагчид таамаглаж байна. Тэдний үзэж байгаагаар, өнгөрсөн долоо хоногт Сирийн агаарын цэргийн хүчний баазад пуужингаар цохилт өгсөн АНУ-ыг сөрөн зогсох хүчтэй гэдгээ нотлон харуулж, улс орныхоо нэр хүндийг дээшлүүлэх зорилгоор Пхеньян зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийж, эсвэл баллистик пуужин харваж магадгүй гэнэ. Пхеньяны харвасан пуужин АНУ-д хараахан хүрч чадахгүй ч Солонгосын хойг руу очиж буй хөлгүүдэд цохилт өгөх эрсдэлтэй аж. "Хэрвээ Ким Жөн Ун хөлгүүдийг устгах тушаал буулгаж, харилцан гал нээвэл олон сая хүнийг эрсдэлд оруулна” хэмээн АНУ-ын Конгресс дахь Ардчилсан намын гишүүд мэдэгдлээ.

 

"Ерөнхийлөгч Трамп 48 цагийн дотор Сири болон Өмнөд Солонгост байгаа АНУ-ын цэргийн бие бүрэлдэхүүнийг эрсдэлд орууллаа” гэж гишүүд үзэж байна. Учир нь өнгөрсөн пүрэв гаригт АНУ-ын цэргүүд Сирийн Хомс хотноо байрлах тус улсын агаарын нисэх баазыг пуужингаар харвасан юм. Трамп уг үйдлээ "Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг ашигласны хариу" гэж тайлбарласан. Трампын бодлогогүй үйлдлийн дараа ОХУ-ын Батлан хамгаалах яам "Сирийн армийнхан химийн зэвсэг ашигласан гэх баримт нотолгоог олоогүй байж, хэн нэгний худал үгэнд итгэж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж, террористуудын эсрэг тэмцэж байсан цэргийн баазыг устгалаа” гэж мэдэгдсэн. Трамп энэ ондоо багтаан Сири болон Хойд Солонгосын асуудлыг шийдвэрлэхээр улайрч байгаа.

 

"Трампын алсын хараагүй бодлого дайныг өдөөн турхирч магадгүй” байгааг хэвлэлийнхэн онцолж байна. Сири болон Хойд Солонгост зэвсэг нийлүүлж буй хувь хүн, улсын дансыг царцааж, хар дансандаа оруулахаа Вашингтон сануулсан. "Хэлэлцээрийн ширээний ачаар хоёр улс өнөөг хүргэл дайтаагүй” гэдгийг албаныхан Трампт сануулж байна. Хойд Солонгосын эрх баригчид өнгөрсөн сард "АНУ-тай дайн хийхэд бэлэн” гэдгээ олон улсад тунхаглаж, "Манай цөмийн хүч бол шударга ёсыг сахиулах илд. Бид энэхүү илдээрээ социалист эх орон, ард түмнээ харийн дайснаас хамгаалах арга юм. Бидний урдаас зэвсэг барин тэмцсэн бүхэнтэй тулалдах болно” гэж мэдэгдсэн удаатай. АНУ-ын үе үеийн удирдлагууд Пхеньянтай сөргөлдөхөөс сэргийлэн хэзээ ч Солонгосын хойгт цэргийн сургуулилтаас өөр дайныг өдөөн турхирсан үйлдэл хийж байгаагүй юм. Ийнхүү Трамп хойг руу байлдааны хөлгөө илгээсэн явдал Азийн ихэнх орныг айдаст автууллаа.


Эх сурвалж: Cnn.co

Ц.ДАВААСАМБУУ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>