Сангийн сайдын компанийн даварсан үйлдлийг орон нутгийн удирдлагууд чадахаараа хориглож байна, одоо АТГ шалгах хэрэгтэй!

922

Сангийн сайдын компанийн даварсан үйлдлийг орон нутгийн удирдлагууд чадахаараа хориглож байна, одоо АТГ шалгах хэрэгтэй!

 

Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн "Саус гоби коэл транс” компани Тост, Тосон бумбын нурууны бүс газарт уул уурхайн үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байгааг орон нутгийн иргэд хэлж ярьж байсан. Тэгвэл Гурвантэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаад  "Саус гоби коэл транс” компанийн лицензийн талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ. Тэгэхээр Сангийн сайдын компани дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн үйлдэлд орон нутгийн удирдлагууд ийнхүү арга хэмжээ авч байна.

”Саус гоби коэл транс” ХХК-ийн  талбайд Гурвантэс сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Отгонбаяр, Байгаль орчны хяналтын улсын байцаагч   А.Атар, Тост багийн Засаг дарга Н.Галаахүү, Урт багийн Засаг дарга Л.Пүрэвдорж, Байгаль хамгаалагч Ж.Пунцагбал,Ч.Энхзаяа нар хамтран хяналт шалгалт хийж,   зөрчил илэрсэн учир үйл ажиллагааг нь зогсоох акт гаргасан ч, Сангийн сайдын  "Саус  гоби коал транс” ХХК  үл тоож, кэмпээ барьсан байдаг.

Сануулахад, Засгийн газрын хуралдаанаар Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг 743058.00 га-гаар баталж,  УИХ-ын тогтоолд тусгасан хэмжээнээс  153 мянган га газрыг хилийн заагийн гадна үлдээсэн нь Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хувь эзэмшдэг "Саус гоби коэл транс” компанитай холбоотой талаар эх сурвалжууд хэлж байсан.  Учир нь Засгийн газраас ийм шийдвэр гарахаас өмнө Сангийн сайдын компани тус орон нутагт  уул уурхайн үйл ажиллагаа эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа орчихоод байсныг нутгийн иргэд хэлцгээсэн билээ. Учир битүүлгээр амиа алдсан ирвэс хамгаалагч  залуу  Т.Лхагвасүмбэрэл тус газар нутгийг  амиараа хамгаалж байсан болохыг Монголчууд мэддэг болсон. Тиймээс ч уг асуудал Монголчуудын анхаарлын төвд байгаа.

Харин  Засгийн газар Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоохдоо  байгалийн нөөц газарт авах ёстой 153 мянган га газрыг зориуд гадаа нь үлдээж,  Хуршуудын голд "Саус  гоби коал транс” ХХК тэрэг техниктэйгээ дайран орж ирж, кэмпээ байгуулан,  зам тавьж, хөрс тэгшилж эхэлсэн нь иргэдийн бухимдлыг бараад байсан юм.

Түүнчлэн гишүүн асан Ц.Оюунгэрэл Тост, тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг санаачилсан хүний нэг. Тэр ч үүднээсээ энэ талаарх байр суурийг medee.mn сайтад илэрхийлэхдэээ  "-УИХ-ын тогтоолыг санаачлахдаа 896527 га-аар оруулж ирсэн. Энэ тогтоолын дагуу Засгийн газар хилийн заагийг тогтоохдоо 153 мянган га-г хасаад тогтоосон байна. Миний таамаглаж байгаагаар 153 мянган га-г хамгаалалтаас гаргаж, Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн компани уул уурхайн үйл ажиллагаа явуулах боломжийг хангаж байна гэж харж байгаа. Тост, Тосон бумбын нуруу, Хөвдийн гол гэж булаг шандтай газар хоёрын дундах газрыг ухаад эхэлвэл уулын урдуур урсаж байгаа гол, ус байхгүй болно. Ийм газрыг тусгай хамгаалалтаас гаргачихаад байгаа юм. Засгийн газар УИХ-ын батлагдсан тогтоолд тусгагдсан хэмжээгээр хилийн заагийг тогтоох ёстой. Гэтэл 153 мянган га-гаар дутуу тогтоосон байна. Энэ асуудлыг Засгийн газар дээрээ дахиж ярих ёстой. Одоо Гурвантэс сумын Иргэдийн хурал, засаг захиргааныхан тооллогоо хийж үзэх хэрэгтэй. Орон нутаг ашиглалтын зөвшөөрлийг нь өгөхгүй байх эрхтэй шүү дээ. Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газар Сангийн сайдын хүчинд автаад байна уу гэдгийг олох, Засгийн газрын сайдын хувийн компанитай шууд холбоотой асуудал байгаа учраас АТГ анхаарлаа хандуулах ёстой. Энд маш том ашиг сонирхлын зөрчил явагдаж байна.” гэсэн байдаг.

Тэгвэл одоо орон нутгийн удирдлагууд Сангийн сайдын компанийн үйл ажиллагааг чадахаараа хориглож, зогсоож байна. Харин Сангийн сайдыг шалгах ажлыг АТГ хиймээр байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>