Н.ЭНХБАЯРЫН ЭМЗЭГЛЭЛ

653
Н.ЭНХБАЯРЫН ЭМЗЭГЛЭЛНэг хэсэг нам жим байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр оффшорчдын эсрэг жагсаалд өөрийн биеэр морилсноос хойш ардын дунд аль болох олон үзэгдэхийг хичээх болжээ. Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам ийнхүү үйл ажиллагаагаа эрчимжүүлэх болсон тэрбээр Үндсэн хуулийг тогтолцоогоор нь өөрчлөх төлөвлөгөөгөө хот хөдөөгүй танилцуулж яваа хэмээн өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн ч далимд нь "Би Үндсэн хуулийн дагуу нэр дэвших эрхтэй, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө" хэмээн зарлаж, сонгуульд өрсөлдөх туйлын хүслээ тунхаглаад авав. Хэдийгээр нам нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрх эдлэх ч хувь хүнийхээ хувьд өрсөлдөөнд ханцуй шамлан орох боломж хуулийн хүрээнд хязгаарлагдмал байгаа. Хуулийнхны тайлбарлаж буйгаар түүнийг ялгүйд тооцох хугацаа нь энэ оны наймдугаар сард дуусах аж. Тиймдээ ч жил дараалан болж буй УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгууль түүний хувьд хаалттай хэмээн тайлбарладаг. Гэсэн хэдий ч тэрбээр хуулийн энэхүү хориг хязгаарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа алхам тутамдаа илэрхийлж, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө "ялгүйд тооцох хугацаа"-г хүчингүй болгох гэж бүхий л талаар эрмэлзсээр байна. Түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх энэ оны гуравдугаар сарын 29-нд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны наймдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Н.Энхбаярыг ялгүйд тооцогдсон болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ. Харин шүүгч Ч.Ичинхорлоо уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг дөрөвдүгээр сарын 5-нд гаргасан байдаг. Түүний хүсэлт нь онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэргүүдийн төрөлд хамаарахгүйг шүүгч дурдаж, хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>