Стокхольм хотноо өсвөрийн шатарчдын “Бид ирээдүйн их мастерууд” тэмцээн боллоо
Швед улсын нийслэл Стокхольм хотод үйл ажиллагаагаа явуулдаг Монгол хэл соёлыг хөгжүүлэх "Төгс билэгт” төвөөс Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд анх удаа зохион байгууллаа.
Тус хотод амьдран суугаа монгол хүүхдүүдийн дунд нээлттэй явагдсан уг тэмцээнд 6-8, 9-12 насны ангилалд нийтдээ 30 орчим хүүхэд оролцжээ. Ерөнхий шүүгчээр Сайнбаяр, Цэнгэл нар ажилласан бөгөөд тамирчид группын хасагдах системээр халз тоглолтуудыг хийж ялагчид тодорсон юм.
Ингээд хожлын нийт онооны байдлаар 6-8-насны ангилалд тэргүүн байрыг Г.Хүдэр-Эрдэнэ эзэлсэн бол О.Түвшинбаяр, Б. Дөлгөөн нар удааллаа.
Харин 9-12-насанд тоглож амжилт үзүүлсэн М. Түвдэндорж алтан медаль, Н. Саранцацралт мөнгө, Хашчулуу хүрэл медалийн эзэд болов.
/Швед дэхь "Төгс Билэгт” төвийн багш Я.Золбаяр /яриа нь дунд хэсгээсээ орох... /
Дэлхийн гэр бүлийн өдрийг "Төгс Билэгт” төвийн хамт олон гуравдахь жилдээ ийнхүү хүүхдүүдийн оролцоотойгоор тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд ирэх зургаан сард тус төвийн үүсэн байгуулагдсаны таван жилийн ойн баяр Шведийн нийслэл Стокхольм хотно тэмдэглэх юм байна.
МҮОНРТ-ийн Швед улсад суугаа сурвалжлагч
Р.Хишиг-Алдар мэдээллээ