ЕБС-ийн математикийн улсын шалгалтын материал задарсантай холбоотойгоор Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын сайд Ж.Батсуурийг үүрэгт ажлаас нь огцруулах тухай саналыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 5 сарын 30-нд УИХ-ын даргад өргөн мэдүүлж, улмаар маргааш нь хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн 63,4 хувийн саналаар түүнийг огцруулсан билээ. Энэ үеэр УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд: "Энэ бол зөвхөн нэг сайдад биш салбарын яаманд хамаатай асуудал учраас хариуцлага алдсан бүх хүнтэй хариуцлага тооцох ёстой. Төрийн бүх шатны байгууллагын удирдлагууд, төрийн албан хаагчид энэ байдлаас сургамж авч өөрсдийнхөө үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, хариуцлага сахилгыг бүх шатанд дээшлүүлэх, өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлтийг тооцож дүгнэдэг байх, алдаа дутагдлыг тэр даруйд нь засч залруулан дахин давтдаггүй байхад анхаарч ажиллах хэрэгтэй" хэмээсэн юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ийн Сайд Ж.Батсуурийг огцруулах үндэслэлээ: "Элсэлтийн шалгалтын материал задруулан, дахин явуулахад хүргэсэн болон бусад асуудлуудад хариуцлага алдсан" гэж дүгнэсэн билээ. Тэгвэл элсэлтийн шалгалтын материал задарсан явдал бол яах аргагүй тус яамны өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой алдаа юм. Тиймээс ч энэ бүхний хариуцлагыг хүлээх ёстой гол буруутан бол Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга Б.Баярсайхан гэдэг нь хэнд ч илэрхий. Иймээс Б.Баярсайханг нэн даруй албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг Монголын боловсролын салбарын төлөөлөл болсон мянга мянган хүн чих тавин хүлээж байна. Б.Баярсайхан төрийн албаны туршлаггүй нэгэн бөгөөд УИХ-ын 2016 оны сонгуулиар МАН-ын сурталчилгаанд ажиллаж байсан жүжигчин Б.Амараагийн эгч юм.
П.Магнай
sonin.mn