ТЕГ-ын дарга Б.Хурц, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар ”дайн” зарлалаа
Тагнуулын Ерөнхий Газраас өчигдөр мэдээлэл хийж, Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг улс төрийн зорилготой С.Зоригийн хэргийн ажлын хэсгийг тараадаг. Ер нь түүнд ямар нэгэн эрх ашгийн сонирхол байгаа учраас энэ хэрэгт анхаарал хандуулаад байна гэдгийг мэдэгдсэн. Харин үүнээс хэдхэн цагийн дараа Ц.Нямдорж сайд хариу тайлбар хийж, Б.Хурц С.Зоригийн хэрэгт хүмүүсийг мөчид баримтаар хилсээр шийтгүүлсэн дээ сандарч байна. Түүний хийсэн мэдээлэл цэвэр улс төрийн зорилготой" гэдгийг онцлов. Ямартай ч олны анхаарлыг татаж, олон жил таамаг мэт хөвөрсөн С.Зоригийн аллагатай холбоотой Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц нарын хооронд нэлээд ширүүхэн тулаан өрнөх бололтой. Ямартай ч "дайн" зарлаад буй тэдний байр суурийг 24 VS 24 буландаа онцолж байна.
Б.Хурц: С.Зоригийн хэрэг "Эрдэнэт”-ээс үүдэлтэй байх магадлал өндөр учраас Ц.Нямдорж "хашгираад" байна
ТЕГ-ын дарга, хошууч генерал Б.Хурц С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар мэдээлэл хийв. Тэрбээр "Хууль зүйн сайд Ц.Нямдорж С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар нэлээд ярьж байна. Бид энэ асуудалтай холбогдуулж тодорхой мэдээлэл өгөх нь зөв гэж үзлээ.
С.Зоригийг хөнөөсөн хэргийг Ц.Нямдорж Хууль зүйн сайд болоод ЦЕГ руу татаж авсан байгаа. 2006 онд энэ хэрэг ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан хэсэг болоод, Д.Одбаяр сайд байхдаа ажлын хэсгийг шинэчилсэн байдаг юм. ЦЕГ-ын мэдэлд 2007 оны 1 сарын 29-нд мөн буцааж өгсөн байгаа, Мөнх-Оргил сайд. Мөнх-Оргил сайд ойлгомжтой, Ц.Нямдорж сайдтай удаан хугацаанд хамтран ажиллаж, улс төрд хамт яваа. Ц.Нямдорж дандаа энэ хэргийг Тагнуулаас салгасан байдаг.
Ажлын хэсгийг ЦЕГ руу өгч явсаар байгаад хамгийн сүүлд 2015 онд УЕПГ, АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Би юу хэлэх гээд байна вэг гэхээр энэ ажлын хэсгийг үймүүлдэг, энэ ажлыг явуулахгүй байлгах талаас нь энэ хүн ингэж байна, ямар санаа зорилготойг нь би мэдэхгүй.
Гэхдээ Ц.Нямдорж гэдэг хүн сайд болуутаа дахиад энэ рүү орж байна. Аюулгүйн зөвлөлийн зөвлөмж байдаг. Энэ ажлын хэсэг дээр мэргэжлийн улсуудыг тогтвортой ажиллуулах гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл энэ Нямдорж гэдэг хүн сайд болох тоолондоо нийтдээ энэ ажлын хэсгийг дөрвөн удаа тараасан байгаа. Ажлын хэсэгт ажиллаж байсан 32 албан хаагчийг сольсон.
Өнөөдөр захиалагчийн тухай асуудлууд яригдаж байгаа. Би дахин хэлье. Улс төрийн болон бусад зорилгоор Цэндийн Нямдорж бол нөлөөлж байна. Өмнө нь энэ хүн сайд байхдаа юу хийж байсан юм бэ? Сайд болохоороо яадаг вэ гэдэг нэг асуудал байна. Сайд болохоороо энэ хүн шууд Тагнуулын байгууллагаар оролдож эхэлдэг. Яаж оролддог вэ гэхээр өөрөө бус ч гэсэн хэн нэгнээр, өөр ямар нэгэн гишүүдээр хууль санаачлуулна, өргөн барина, энэ байгууллагын эрх мэдэл, бүх зүйл рүү халдаж эхэлдэг. Өөрөөр хууль зөрчдөг.
Энэ Нямдорж гэдэг хүн ямар учиртай хүн бэ? Энэ хүн бол Алтанхуяг, Дорлигжав гэсэн маршруттай, бүлэглэл. Энэ бүлэглэл бас хүчтэй, мөнгөтэй, санхүүтэй, хэвлэлтэй, телевизтэй, сайттай, ийм бүлэглэл. Энэ бүлэглэл одоо өөрсдөө Эрдэнэттэй холбоотой маш их бизнес, шахаа хийдэг.
Ц.Нямдорж гэж хүн С.Зоригийн амь насаа алдсан хэрэг, Эрдэнэт гэж хоёрхон л зүйл ярьж байгаа. Өөрөө "Эрдэнэт” үйлдвэрт шахааны бизнестэй. Энэ хэрэг "Эрдэнэт”-ээс үүдэлтэй байх магадлал өндөр.
С.Зоригийн хэргийн захиалагч тодорхой хугацааны дараа олон нийтэд нээлттэй болно. 19 жил бид энэ хэргийг хүлээж, боловсруулж ирчихээд захиалагчийн асуудал яригдаад эхлэхээр ийм их дайралт, ажлын хэсгийг тараах сонирхол байх шиг байна. Ажлын хэсгийг дандаа Ц.Нямдорж тараасан. Манай Эрүүгийн цагдаа нар маш мундаг сүлжээтэй байхгүй юу. Эрүүгийн цагдаа тэр хүний өгсөн мэдээллийг аваагүй байна гэж байхгүй. Хаана, хэн дарсан гэдэг нь сонин байхгүй юу. |
Ц.Нямдорж: Б.Хурц бөхөхийнхөө өмнө бадамлаж байна
ТЕГ-ын мэдээлийн дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хариу мэдэгдэл хийв. Тэрбээр "Б.Хурц хэвлэлийн хурал хийсэн гэж сонссон. Зул бөхөхийнхөө өмнө жаахан бамбардаж асдаг л даа. Тэр нь л болж байгаа юм шиг байна. Хоёрдугаарт, би УИХ дээр байр сууриа хэлсэн. Нам дамжсан бүлэглэлийг цэвэрлэнэ гэдгээ илэрхийлсэн. Тэр бүлэглэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц л даа. Тиймээс солигдохоо мэдчихээд, хэвлэлийн хурал хийж байгаа юм байлгүй дээ. Би өнөөдөр ЦЕГ-ын даргыг өөрчилнө. Энэ асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Цагийн дотор амжиж шийднэ. Цаашдаа иймэрхүү асуудлыг шийднэ. Би хэлж амжаагүй үг бий гэж ярьж байсан. "Эрдэнэт”-ын 49 хувийг ийш, тийш болгох ажиллагаанд ТЕГ-ын Б.Хурц оролцсон. Энэ бол Эрдэнэбилэг гэдэг хүний хуурай дүү. Хойд талдаа тусгай албаны Халанов гэж хурандаа байдаг юм. Ийм оролцоотой юм. Тэгээд "Эрдэнэт”-ийн асуудлаар шийдвэр гаргахаас өрсөж мэдэгдэл хийж байна л даа.
Б.Хурцын ард нам дамнасан бүлэглэл чинь бүрэн бүрэлдэхүүнээрээ бий. "Эрдэнэт”-ийн 49 хувийнхан байгаа. Энэ их зовлонтой зам туулна шүү. Би сая Н.Алтанхуягт утсаар хэллээ. Бүлэглэлийнхээ учрыг олоорой гэсэн, инээж л байна лээ. Ер нь бид улс төрийн харьяалал өөр учир холбогддоггүй. Хаана байхаа мэднэ л дээ.
Ер нь бол их сандарч байгаа юм байна. Тэр Анхбаяр гэж нөхөр миний багшийн хүүхэд. Намайг тагнахын тулд Анхбаяр дээр ажиллагаа хийсэн. Бүтэн жил тагнасан шүү. Хууль, хяналтын байгууллага толгой дээр гарлаа гэдэг нь энэ л дээ. Тэр Б.Хурц гэдэг нөхөр Эрдэнэбат дээр дагуулж орсон шүү дээ. Наад тагнуулын байгууллага чинь хоёрхон л үүрэгтэй. Нэг нь гадаад, нөгөө нь сөрөх тагнуул хийх эрхтэй. Гэтэл өнөөдөр улсын аюулгүй байдлыг хангадаг байгууллагын дарга ажлаа өгөхийнхөө өмнө улс төрийн мэдэгдэл хийж байна.
Би солих асуудлыг өөрөө тавина. Хуулийнхан толгой дээр гарч, Ц.Элбэгдоржийн үед улсыг түйвээсэн илрэл нь энэ. Айлган сүрдүүлдэг, далдуур дээрэм хийдэг. Төрийн толгой дээр гарчихсан байна. Өнөөдөр харин Б.Хурц сайн хурал хийлээ. Өөрийгөө илчилчихлээ. Юу хийж байснаа хэлчихлээ шүү дээ.
Н.Алтанхуяг, Д.Дорлигжав хоёр, миний талаар мэдэгдэл хийх нь ямар ашигтай юм. Би ажлын хэсгийг ерөөсөө солиогүй. С.Зоригийг хөнөөсөн хэрэг дээр эхний ээлжинд ажлын хэсгийг өөрчилнө. Тэгээд шалгадаг байгууллага нь шалгана. Цагдаа, ТЕГ бол Засгийн газрын байгууллага. Би тэр захиалагчийг нь олсон бол баримттай нь гаргаж, шалгах ёстой гэдгийг хэлсэн. Захиалагчийг нь олсон бол шууд зарлах хэрэгтэй. Би жилийн өмнө Б.Хурцыг өрөөндөө дуудаад өргөдлөө өгөөд яв гэж хэлж байсан. Чиний талаар маш муу зүйлс яригдаж байна. Тэр үед намайг Б.Хурц тагнаж байсан. Энэ үйл явц ерөнхий том дүнгээрээ манай улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй гадаад тагнуулын байгууллага улс төрчдийг тагнадаг, хууль хяналтын байгууллагыг хянадаг. Томилгоогоор дамжуулж, өөрсдийн хүнээ цагдаад шургуулж, цагдааг удирдах ажил хийж байгаа. Би үүнийг нь цэвэрлэнэ. |
24tsag.mn