Хараалын үгээр хахсан харанхуй орчин хүүхдүүдийг "идэж" дуусч байна
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 400 гаруй PC тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байгаа гэх бүртгэл байдаг ч зөвшөөрөлгүй хэдэн ч газар байж магадгүй. Ерөнхий боловсролын болон их сургууль бүрийн хажууд компьютер тоглоомын газрууд бий. Хотын төв болон захад байрлах PC тоглоомын хоёр гурван газраар орж энэ сурвалжлагаа бэлтгэлээ.
Даваа гараг. 18.00 Бид Долоон буудалд байрлах интернет тоглоомын газарт сурвалжлага бэлтгэхээр ирлээ. Багш нар ажил хаяж, хичээл ороогүй өдөр хүүхдүүд хэрхэн юу хийж байгаа бол. Энэ газар 09.00- 20.30 хүртэл ажилладаг байна. Уг интернет, PC тоглоомын газар 12 компьютерын ширээ ажиллаж байлаа. Бүх ширээ эзэнтэй харагдана. Нэг цаг нь 600 төгрөг. Биднийг орж ирсэний дараахан ахлах ангийн гурван сурагч "Сул ширээ байна уу, ах аа” гэсээр орж ирлээ.
Гэвч хичээлээ хийх гэж ирсэн ганц нэг эмэгтэй оюутнаас гадна PC тоглоом тоглож буй залуучууд өрөө дүүрэн тул нөгөө гурван сурагч "Байхгүй” гэх үгийг сонсоод гарч одов. 20 минутын дараа өнөөх сурагчид дахин орж ирлээ. Энэ хавьд хотын төвийг бодвол тийм ч олон PC тоглоомын газар байдаггүй болохоор дахиж орж ирэхээс өөр арга байгаагүй биз. Энэ тоглоомыг мэдэхгүй хүний хувьд хэрэглэж буй англи үгсийг нь ойлгохгүй сууна. Харин хүүхдүүд хоорондоо хараалын үг их хэрэглэнэ. Амнаас гарах үг болгондоо л хараалын үг хавчуулах юм. Хажуу ширээнд согтуу хоёр залуу тоглож байна.
19.00 Хичээлээ гэртээ хийх боломжгүй охид ганц нэгээрээ компьютерийн ард сууж байгаад ямар нэгэн зүйл хэвлүүлээд гарна. Дээрх согтуу хоёр залуу дээр 25-40 насны дөрвөн залуу нэмэгдлээ. Энэ хавьд амьдарч, энэ газарт орж ирж тоглодог бололтой. Гаднаас орж ирсэн залуус "Гаръя хурдал. Дуулъя” гээд л бас хараалын үгээр нэгнээ дуудна. Тоглоомоо дуусгаад нөгөөх ах нар гарав. Бодвол караоке орж дуулах гэж буй бололтой. 19.30 Хоёр гурван ширээний ард эрэгтэй оюутнууд тоглоом тоглосоор сууна. Гаднаас 20 гаруй настай нэгэн залуу орж ирэв. Компьютерын ард суугаад л дуулж янз бүрийн дуу чимээ гаргана. Ингээд хоёр гуравхан компьютер дээр хүн сууж үлдэв. Хүүхдүүд хонуулдаг эсэхийг мэдэхийн тулд удаан суух нь гэж бодож байтал тоглоомын газрын эзэн "Хаалаа шүү, компьютероо унтраагаарай” гэв. Эзэнтэй уулзаж, яагаад хааж байгааг асуувал "Хүнгүй байхад энд дэмий сууж яах вэ” хэмээв.
Бямба гараг. 09.00 Бид амралтын өдөр хотын төвд байрлах нэгэн РC тоглоомын газрыг зорьж сурвалжлагаа үргэлжлүүллээ. Ер нь интернет болон тоглоомын газрууд нь 09.00-10.00 цагийн хооронд онгойдог. Зарим тоглоомын газар энэ цагт онгойгоогүй мэт харагддаг. Гэвч хаалга гэнэт онгойж 13-20 насны залуус дотроос нь гарч ирж, гадаа тамхи татаж, хэрхэн тоглосноо ярьж хэсэг зогсоод тарцгаана. Дараа хэрхэн хаана хэдийд уулзахаа тохироод салж буй нь харагдана. Хүүхэд хонуулдаг газрыг таних хэд хэдэн шинж тэмдэг энд дурдаж болох юм. Жишээлбэл, зузаан хар бараан өнгийн хөшиг, ус ундаа борлуулах лангуу тухайн газрыг ажиллуулж буй хүмүүс хоорондоо ээлжээр солигдох гэх мэт. Энэ бол олон жил PC тоглоом тоглож буй танилуудын минь хэлсэн тодруулга юм. Гэхдээ бид энэ сурвалжлагыг бэлтгэхийн тулд нэлээд хэдэн тоглоомын газар орж үзсэний хувьд энэ нь үнэн болохыг ойлгосон юм. Ер нь өглөөгүүр бие даалт гэрийн даалгавраа хийж буй охид суудгийг тоглоомын газрын эзэн онцолж, аль болох бага насны хүүхдийг хонуулахгүйг хичээдгээ ч хэлэв. Тус тоглоомын газрын эзэнтэй ийнхүү ярилцах зуур "Манай хүүхэд орж ирсэн үү” гэж лавлаад байхгүйг нь мэдээд амандаа хүүхдээ хараасаар гарах эцэг эхтэй ч таарлаа. Ер нь хүүхдүүдээ хайсан эцэг, эхчүүд олноор орж ирэх болжээ. 11.00 Энэ цагаас эхлээд хүүхэд, залуучууд нэг, хоёроороо орж ирэв. Зарим нэг нь хичээл хийж, зарим нь тоглоом, бичлэг, дуу татаж сууна. Харин 13.00 цагаас эхлэн дөрөв таваараа орж ирж эхэллээ. Тэдгээр нь орж ирээд шууд тоглож, зарим нь хичээл хийж буй өөр таньдаг хүүхдээ уруу татах оролдлого хийнэ. "Баг бүрдэхгүй байна. Ганц тоглочихъё, хичээлээ дараа хийж болно шүү дээ. Битгий худлаа номын царайлаад бай” гэх зэргээр өдсөөр нөгөөх хүүхдийг багтаа авч тоглож эхлэв. Иймэрхүү байдалтай 1-2 цагийн давтамжтайгаар хүүхдүүд солигдсоор байна. Энэ үед сул компьютер цөөнгүй харагдана. Зарим нэг нь гэртээ харьж эргэж ирэхээ мэдэгдээд компьютероо захиж үлдээж, хэдэн хүнтэй хамт ирэхээ тоглоомын газрын эзэнд хэлээд явна.
18.00 Сул компьютер цөөрч эхэллээ. Хүүхдүүд ээлж дараатайгаар орж ирж тоглоод гарна. 18.00 цагаас хойш орж ирж буй хүүхэд залуус гарах шинжгүй. Энэ цагт үйлчлүүлж буй хүмүүсийн насны байдлыг харвал 10 хүрээгүй жаахан хүүхэд мөн 25-30 насны ба түүнээс дээш нас тогтсон эрчүүд ч харагдана. Тэдгээр нь тогтсон амьдралтай бөгөөд бооцоотой тоглох зорилготой бөөнөөрөө орж ирж 2-3 цаг тоглочихоод гараад явна. "Бооцоогүй тоглох сонирхолгүй. Нэг хүний 5000 төгрөгийн бооцоотой тоглоё” гэсээр гаднаас 20-23 орчим насны таван залуу орж ирэв. Бага насны хүүхдүүд тэдний хэрхэн тоглохыг харж, "Естой гоё” гээд хажууд нь дэмжиж зогсч харагдана. Хариуд нь нөгөө ах нар нь "Дүү нар болоогүй байна даа. Ингэж тоглодог юм” гэж додигор хариулна.
21.00 Энэ цагаас тоглоомын газрын эзэн "Нэмэлт цаг олгохгүй хаах болсон шүү” хэмээн мэдэгдэнэ. Ийнхүү олонд мэдэгдсэний дараа тус газрын эзнийг залуус хоёр гурваараа хоргоож эхлэв. Тэдгээрийн яриаг чих тавьж сонсвол "Танайх хонуулдаг уу, өнөөдөр хонуулах уу” гэх зэргээр асууна. Харин тоглоомын газрын эзэн чимээгүй байх ба олон хүүхэд асуусны эцэст бүгдэд нь "23.00 цаг гээд хүрээд ир” хэмээн сэмхэн хэлнэ. Ингээд 22.00 цаг гэхэд тоглоомын газар хүнгүй болж хаалгаа барина. Харин эзэн дотроо үлдэн хаалга, цонхоо хааж, хүн хонуулахдаа бэлтгэж, цагаа хүлээнэ. 23.00 цаг гэхэд тоглоомын газрын хаалгыг хүүхдүүд ирж цохих төдийд эзэн хаалгаа нээн оруулж өөрөө эргэн тойрноо ажиглан хоёр гурван минут зогсоод буцаж орон хаалгаа түгжинэ. Ингээд гаднаас хэн ч харсан хаалттай мэт харагдана. Иймэрхүү газрууд нь дотроо ус ундаа бэлэн гоймон зэргийг зардаг бөгөөд өдрийн цагт хэн ч тэрийг авч үйлчлүүлж харагдахгүй. Шөнө хүүхэд хонуулахад л борлуулалт өндөртэй байдаг болов уу гэж бодогдоно.
Ер нь тоглоомын газрууд хамгийн багадаа 20 болон түүнээс дээш компьютертой байдаг аж. "Нэг хоноход 3000-5000 төгрөгийн үнэтэй байдаг” гэж нэг хүүхдээс сонсов. Интернет тоглоомын газарт нэг цаг суухад 600-1000 төгрөгийн үнэтэй байна. Өдөрт нэг компьютер 10 цаг ажиллахад 6000-10000 төгрөгийн ашиг олох ба 20 компьютертой бол өдөрт 120 мянган төгрөгийн ашигтай ажилладаг байх нь гэсэн барагцаа тооцоо гарч байна. Зарим нэг хүүхдээс PC тоглох мөнгөө хаанаас олдог вэ, гэвэл аав, ээждээ ном, дэвтэр авна гэж худлаа хэлдэг тухайгаа ярьж байв.
Харин нэг хүүхэд "Ээж аавыг гэртээ очихоос нь өмнө харих хэрэгтэй. Надад өдөрт хоол авч идээрэй гэж мөнгө өгдөг. Тэр мөнгийг нь цуглуулж байгаад найзуудтайгаа тоглодог” гэв. Хүүхэд залуус PC тоглоомын газраас юу сурч байна вэ гэвэл хараалын үг. 8-10 насны бага ангийн хүүхдүүд насанд хүрсэн залуустай нэг ширээнд сууж тоглоно. Тэдний үг үйлдэл бүрийг ажиглаж, хэлж буй хараалын үгийг хаа хамаагүй унагана. Бид ирээдүй болсон хойч үеэ PC тоглоомд донтохоос сэргийлэхийн тулд үр хүүхдэдээ анхаарлаа хандуулж, компьютероор их тогловол ямар болохыг анхааруулсан самбар булан ажиллуулах зэрэг ажлыг зохион байгуулалттайгаар явуулж болох юм.
Г.НЯМСҮРЭН