БӨХӨНГИЙН ТАРХАЦ НУТГИЙГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭВ

881

БӨХӨНГИЙН ТАРХАЦ НУТГИЙГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭВ

 

БОАЖЯ, ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага хамтран Монгол Улс дахь бог малын мялзан өвчний нөхцөл байдлын талаар уулзалтыг зохион байгуулж байна.

Уулзалтаар  мал, амьтны өвчлөлтэй тэмцэх, мал эмнэлгийн үйлчилгээг бэхжүүлэх, хандивлагчид болон түншүүдтэй хамтран ажиллах тэргүүтэй асуудлуудыг хэлэлцэж байгаа юм. Сүүлийн жилүүдэд монгол бөхөн, янгир, аргаль, хар сүүлт тэргүүтэй ховор төрөл зүйлийн амьтад мялзан өвчнөөр өвчлөх тохиолдол нэмэгдсэн. Эдгээр амьтдын тархац нутаг, ундаалж буй ус нь малын бэлчээр нутагтай давхцаж буйгаас бэлчээр, усны хомстолд орж, дархлаа сулран, мал, амьтны халдварт өвчнөөр халдварлах, цааш халдвар тараах эрсдэл нэмэгдсээр байгааг уулзалтад оролцсон БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр онцолж байлаа.

Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас энэ оны гуравдугаар сарын хооронд 5000 гаруй нэн ховор монгол бөхөн бог малын мялзан өвчнөөр өвчилж, үхэж хорогдсон гэсэн тоо баримт гарсан. Гэвч бог малын мялзан өвчнөөр өвчилж байгаа зэрлэг амьтныг эмчлэх, урьдчилан сэргийлэх тарилга хийх асуудал боломжгүй. Тэгэхээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахын тулд тархац нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, бэлчээр усыг малын хөлөөс чөлөөлөх, хязгаарлах арга хэмжээг авах нь үр дүнд хүрэхийг оролцогчдын зүгээс хэлж байлаа.

Улмаар энэ чиглэлийн эрх зүйн зохицуулалтыг мөрдлөг болгохыг судлаачдын зүгээс хөндөж байлаа.  Тухайлбал,  Амьтны тухай хуульд амьтны хэвийн өсөлт үржилтийг хадгалах, тархац нутгийг хамгаалах, нүүдлийн замыг чөлөөтэй байлгахыг заасан байдаг бол  Нэн ховор, ховор амьтны үндэсний хөтөлбөрт нэн ховор, ховор амьтны тархац нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал, зэрэглэлийг дээшлүүлэх, тусгай хамгаалалтыг өргөтгөх арга хэмжээг зайлшгүй авах байдлаар нэн ховор амьтны тархац нутаг, бэлчээрийг малын бэлчээрээс тусгайлан гаргахыг ч тусгасан байдаг аж.

Уг уулзалт энэ сарын 30-ны өдрийг хүртэл Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд үргэлжлэх бөгөөд бог малын мялзан өвчинтэй тэмцэх үндэсний стратеги төлөвлөгөөг эцэслэж, хамтарсан мэдэгдэл боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэх юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>