Говийн ховор амьтад хамгаалах эзэнтэй болжээ

925

Африкийн "BIG 5” гэсэн нэрийг дэлхий дахинд андахгүй. Энэ  нь заан, ирвэс, арслан, хирс, усны үхэр гэсэн таван амьтны тухай юм. Хулгайн анчдаас ихэнх амьтад

Говийн ховор амьтад хамгаалах эзэнтэй болжээ

 

зугтдаг бол  тэд эргэж дайрдаг байна.  Тиймээс  тэдгээр амьтдыг "BIG 5” хэмээн алдаршуулж, хамгаалах чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн ачаар эдгээр амьтад одоогоор мөхлөөс аврагдаад байгаа юм. Африкийн улс орнууд ч энэхүү нэрээ брэнд болгож аялал жуулчлалаа хөгжүүлж амьжиргаагаа тодорхой хэмжээнд дээшлүүлж байна.

Тэгвэл үүнтэй ойролцоо санаачилгыг Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан өнгөрсөн жил эхлүүлсэн нь эдүгээ GG-6 буюу "Говийн гайхамшигт 6” нэрээр олны анхааралд хэдийнэ оржээ.  "Говийн гайхамшигт 6”-д Монгол орны говийн экосистемийн гол төлөөлөгч болсон хавтгай, хулан, мазаалай, тахь, хар сүүлтий, бөхөн зэрэг амьтад ордог. Эдгээр амьтдыг алдаршуулах, олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг өнгөрсөн жил Говийн их дархан цаазат газрын "Б” хэсэг буюу Тахийн талд  хийж байсан бол хоёрдахь уулзалтыг өнгөрсөн долоо хоногт Монголын 33 говийн нэг болох Захуй Зармангийн говьд байх Баянтоорой тосгонд зохион байгууллаа. Энд Говийн их дархан цаазат газар /ГИДЦГ/-ын А хэсгийн хамгаалалтын захиргаа байрладаг бөгөөд тус нутагт "Говийн гайхамшигт 6” амьтнаас  дөрөв нь амьдардаг ажээ.  

Хоёр дахь удаагийн уулзалтад байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болох төрийн бус байгууллагын 300 шахам хүн оролцсон нь "Говийн гайхамшигт 6” жил ирэх тусам хүрээгээ тэлж байгаагийн нотолгоо боллоо. Монголчууд хамтран хийдэг аливаа ажил явцын дунд ач холбогдлоо алддаг буруу жишиг Монголд байдаг бол "Говийн гайхамшигт 6” арга хэмжээ тэдгээрээс эрс ялгарч байгаа юм. Учир нь, талууд төлөвлөсөн ажлаа бүрэн хийснээс гадна ирэх жилийн турш хийх ажлын олон санаа гаргаж уулзалтад идэвхтэй оролцож байлаа.

Энэ жилийн уулзалтын бас нэг онцлог нь "Говийн гайхамшигт 6” зөвхөн дотооддоо бус гадаадынхны анхаарлыг татах болсон явдал юм. Учир нь энэ удаа олон улсын Тахь групп, Хавтгай хамгаалах Английн сан, Прагийн амьтны хүрээлэн зэрэг олон улсын байгууллагын төлөөлөл оролцож санал бодлоо илэрхийлэхийн зэрэгцээ "Говийн гайхамшигт 6”-г байгаль хамгааллын хамгийн сайн ажил хэмээн онцолж байлаа.

Өнгөрсөн жилийн хугацаанд нэгэн бэрхшээлтэй асуудал гарсан нь  "Говийн гайхамшигт 6”-гийн нэг монгол бөхөн бог малын мялзан төст өвчнөөр өвчилж олон мянгаараа хорогдсон явдал байв. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар үүнд анхаарал хандуулж талуудтай хамтран олон ажил хийжээ. Энэ хүрээнд нутгийн иргэдэд өвчлөлийн талаар үнэн зөв мэдээлэл өгч, сэг зэм устгалын ажилд санхүүгийн тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлсэн байна. Түүнчлэн монгол бөхөнгийн тооллогыг өвчлөл эхэлсэн үед, өвчлөл багассан үед хоёр удаа хийж төр засгийн байгууллагуудыг бодит мэдээллээр хангах ажил хийжээ.

Жилийн уулзалтаар талууд хийсэн ажлаа ярьж харилцан туршлага солилцсоноос гадна ирэх есдүгээр сард болох жилийн  нэгдсэн уулзалт хүртэл хийх ажлаа төлөвлөж авлаа. Монгол бөхөнгийн тархац нутгийн зарим хэсгийг тусгай хамгаалалтад авах, түүхэн тархац нутагт нь сэргээн нутагшуулах чиглэлээр судалгаа хийхээр болжээ. Сүүлийн жилүүдэд зарим амьтад тодорхой шалтгааны улмаас гэрийн малтай эрлийжжих магадлал нэмэгдээд байгааг ч мэргэжлийн хүмүүс хэлж байсан юм.  

Арга хэмжээний үеэр амьтан тус бүрийг танилцуулсан сурталчилгааны гэр ажиллаж, иргэдэд амьтдын үүсэл гарал, тоо толгой, хамгаалах чиглэлээр хийж буй ажил, тулгарч буй аюул зэрэг сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

Уулзалтын төгсгөлд талууд говийн зэрлэг амьтдыг хамгаалах ажлаа улам эрчимжүүлэх зорилгоор "Баянтооройн тунхаг” гаргаж санал нэгтэйгээр баталлаа. Уг бичигт "Говийн зургаа” санаачлагаар дамжуулан амьтан хамгаалал, зохистой ашиглалттай холбоотой эрхзүйн шинэчлэл хийх, уг санаачлагыг төрийн нэрэмжит болгон олон нийтийн анхаарлыг татах ажлыг зохион байгуулах зэрэг олон асуудал оров.  Өдөр ирэх тусам олны талархлыг хүлээж буй уг арга хэмжээг ирэх жил Баянхонгор аймагт зохион байгуулахаар боллоо.

Говийн ховор зарим амьтдын талаар

Говийн зургаан амьтан  тус бүрдээ экосистемдээ гүйцэтгэх  үүрэгтэй. Тухайлбал, хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг ухаж ус гарган бусад амьтдыг ундаалдаг учир  хулангийн цавчаал гэж нэрлэжээ. Арьс, махыг нь худалдах зорилгоор хууль бус ан мэр сэр гардаг байна. Мөн уул уурхайн үйл ажиллагааны улмаас хулангийн амьдрах орчин хуваагдаж, өөр  нутаг руу дайжих болжээ.

Дэлхийд өөр хаана ч байхгүй, ганцхан Монголд  бөхөн оршсоор байна гэдэг нь говь цөлийн бүс нутгийн үзэсгэлэнт байгаль, экологийн хувьд тэнцвэртэй байгаагийн баталгаа юм. Сүүлийн жилүүдэд монгол бөхөнгийн тоо толгой цөөрч байгаа нь бэлчээр, өвчин, усны нөөц хомстож байгаагийн илрэл хэмээн  судлаачид хэлж байв. Монгол бөхөнд заналхийлж буй аюул нь мөн л хууль бус агнуур. Дорно дахины анагаах ухаанд хэрэглэгддэг эмийн гол түүхий эдэд бөхөнгийн эвэр ордог учир хулгайн ан гарах гол шалтгаан болжээ. Монгол бөхөн сүрэглэж бөөнөөр явдаг нь бэлчээрийн ургамлыг эргэлтэд оруулан хөрсийг сийрэгжүүлж, хорголоороо говь цөлийн хөрсийг борддог ач тустай амьтан юм.

Хар сүүлтийг үзэсгэлэнт гэж тодотгосон нь мөн л учиртай. Бусад амьтдаа бодвол хамгийн үзэсгэлэнтэй, цэвэрхэн учир ийм гоёмсог нэртэй болжээ. Үзэсгэлэнт хар сүүлтийд хууль бус ан мөн л заналхийлнэ. Махыг нь ахуйн хэрэгцээнд хэрэглэх  зорилгоор хамгийн их хууль бус агнуурт өртдөг  байна.

 

Б.ЭНХ

 

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>