Баабар: Арал

880
 
 Баабар: Арал
Тус улсад хувьсгал гарчээ. Урьдын харгис дэглэмийг халж хүмүүнлэг нийгэм байгуулахаар болов. Энэ улсын шорон харгис хатуугаараа алдартай байв. Шинэ эрх баригчид шоронгийн бүх хоригдлуудыг сулаллаа. Зөвхөн хүн алсан хүрээ талсан, террорист халдлага, алан хядах ажиллагаанд оролцсон, хүнд гэмт хэрэг давтан үйлдсэн, зэрэг үнэхээр аргалахын аргагүй рэцэтив хэрэгтнүүдийг шоронд нь үлдээжээ. Гэхдээ тэд хүмүүнлэг орчинд төдөлгүй засран хүмүүжиж удахгүй суллагдана гэдэгт бат итгэлтэй байгаагаа Шүүх яамны сайд зурагтаар ярьсан.
Рэцэтив гэмт хэрэгтнүүд засарсангүйгээр барахгүй шорондоо улам зэрлэгшиж хуягаа хөнөөсөн асуудал ч хэд хэд гарлаа.

Иймээс тэднийггинжилж дөнгөлөн автомат, пулемотоор зэвсгэлсэн байнгын армиар мануулах болов. Энэ бол урьдын харгис төрийн үед ч байгаагүй зэрлэг балмад үйлдэл юм. Энэ тухай анхлан мэдсэн сэтгүүлч үнэнийг зоригтой илчлэн бусармаг явдлыг олонд дэлгэсэн төдийгүй "харгислалын эсрэг” хөдөлгөөн өрнүүлэн ихэд алдаршжээ. Тус орны иргэд энэ харгис явдлыг эсэргүүцэн эрх баригчдаа шүүмжилж, цуглаан жагсаал, өлсгөлөн зарлах боллоо. Энэ хөдөлгөөнд идэвхитэй оролцсон нэлээд тэмцэгчид удалгүй сонгуульд ялж улс төрч болон гялалзах нь тэр. 
Шинэ засгийн газар тэмцэгчдийн шахалтаар шоронг хүмүүнжүүлэх ажил эхлүүллээ. Ерөөс энэ засгийнхан шоронг хүмүүн нүүртэй болгоно гэж амалснаар сонгуульд ялсан юм. Ингээд шоронгоо эзгүй аралд нүүлгэв.
Одоо шорон нь хорих газар гэхээсээ амралтын газар шиг харагдах боллоо. Хуяг гэж байхгүй, арлаас хол зайнд харгалзагчид дурангаар л хянана. Хуяг хоригдолд хэзээ ч харагдахгүй. Тэдний гав дөнгийг нь авч хаясан төдийгүй арал дээрээ бүрэн чөлөөтэй хөдөлж зугаацаж наргих эрхтэй. Улсаас тэднийг харж үзэн маш тохилог сууц барьж өгчээ. Хоол унд болон бусад хангамжийг нь өглөө бүр усан онгоцоор аваачиж өгнө. Гэхдээ хүргэгчид нь хуягууд биш, шилмэл хөөрхөн залуу хүүхнүүд. Хүүхнүүдийн зарим нь тэндээ үлдэн өглөө ирэх онгоцоор буцах явдал гардаг байснаа удалгүй хавтгайрсан тул эрх баригчид үүнийг нь хуульчлан зөвшөөрчээ.

Хүнс хүргэгч хүүхнүүдийн нэг нь арал дээр нэлээд хоносны эцэст зурагтаар дуулиантай ярилцлага өгөн улс орныг тэр чигээр нь донсолгожээ. Хүүхний ярьснаар арал дээр буй хоригдлуудыг маш муу хортой хүнсээр хангадаг ба хувцас хунар зэрэг хангамжийн бараа нь дандаа хямд төсөр хулхи эд байдаг гэнэ. Түүний олж илрүүлснээр талхан дотроос нь хурууны боолт гарч ирж байсан тохиолдол ч бий аж. Тахиа гахайн мах нь генийн өөрчлөлттэй, хүнсний ногоо нь химийн бордоонд хордсон гэх. Тийш аваачсан бэлгэвч буруу хуурай нөхцөлд удаан хадгалагдсанаас болж амархан цоордог ба үүний хохирогч нь бүсгүй өөрөө байсан бололтой. Энэнээс болж тэрээр аргагүйн эрхэнд хоригдлуудын нэгэнтэй гэрэлсэн ч түүнийг булаацалдсан бусад эрчүүд нөхрийг нь алаад хөөрхийг бэлэвсрүүлжээ.

Шуугиан тарьсан ярилцлагаас болоод ард түмний хилэнт хөдөлгөөн дахин шинээр давалгааллаа. Энд тэндгүй хяналт шалгалт, шүүх цагдаа, баривчлага шүүлт болов. Үнэхээр хоригдлуудад очих ёстой хангамжийг замаас нь завшдаг бүхэл бүтэн сүлжээ ажиллаж байжээ. Буруутнуудыг бүгдийг нь мөнөөх арал дээр аваачин хоригдол болгов. Ард түмний шаардлагаар шоронгийн хангамжийг хэд дахин нэмснээс гадна тохижилтод нь онцгой анхаарч арал дээр соёлын төв, спорт заал, кино театр, нэгдсэн эмнэлэг, дээд сургууль, засмал зам барьж байгууллаа. Арлыг мөн төвийн эрчим хүчтэй өндөр хүчдэлээр холбосноор цаашдын бүтээн байгуулалтын асуудал нэг мөр шийдэгдэх нь тэр. Ойрын үед олимпын шаардлага хангахуйц орчин үеийн стадион барихаар улсын төсөвт тусгаж өгөв. 

Хоригдлуудад сонгуулийн эрх олгох асуудал дэвшүүлсэн нэгэн дивтаат маш их алдаршлаа. Мань эр авилгын хэрэгт орооцолдон шүүхээр орж арал руу хоригдол болон явах нь нэгэнт тодорхой байсан тул энэ санаачлагыг гаргажээ. Тэрээр арал дээр очсон даруйдаа тэндээсээ сонгогдон хуучнаасаа том дарга болон дэвшив. Сонгох сонгогдох эрхээр хангагдсан хоригдлууд нэрсээ тойрог болгон дээр дэвшүүлжээ. "Хоригдон зовогсодын хүмүүнлэг нам” сонгуульд 100 хувиар яллаа. Улс оронд тэдэн шиг нэр хүндтэй хүн алга. Төр түшихээр арлаас ирэсэдийг ард түмэн цэцэг барин угтана. Бүрээ бөмбөр, хөөрсөн олны уухай, цэцэг навч, охид хүүхний торсолзсон харц, хүүхэд багачуудын бхархал… Хэрэв даргын орон тоо хангалттай байсан бол хоригдлууд бүгд удирдагч болох байв. Хоригдлуудын ар гэрт тэтгэмж олгох хууль гарснаар тэд улам их хүндлэгдэн нийтээрээ нийгмийн оргилд гарав.

Гэвч энэ хэдэн жилд улсын төсвийн ихэнх нь хоригдлуудад зориулагдсан болохоор эрх чөлөөт ард түмний амьдрал үнэхээр муудан гуйранчлалд оржээ. Амьдрал шоронд хавьгүй дээр учир хүмүүс санаатайгаар гэмт хэрэг хийн арал руу ачигдах сонирхолтой болов. Арал хүнээ багтаахгүй дүүрчээ. Түрүүчийнх нь тэндээсээ дарга болон дэвшээд явдаг учир сэлгэлт хурдацтай хийгдэнэ. Гэхдээ л даргын орон тоо хязгаартай учир аралаас буцагсадаас аралд ирэгсэд нь хамаагүй их.
Аралаас ирсэн хоригдлуудаас бүрдсэн Засгийн газар хүнд байдалд орлоо. Урьдын харгис дэглэм шиг шорон гяндан бариад хоригдлуудыг гавалж гинжлэхээр хүмүүнлэг бус болчих гээд байдаг.Хүмүүнлэг байя гээд арал руу явуулна гэхээр тэнд багтах ямар ч зай байхгүй. Тийм өөр арал байгуулъя гэхээр улсын төсвийн бүх мөнгө дууссан.

Эцэст нь удирдлага маш ухаалаг зөв гарц олж хуульчилсан юм: Тус улсын нутаг дэвсгэр дээр хэн ч ямар ч гэмт хэрэг тарьсан түүнийг гэмт хэрэгт тооцохгүй.
 
Баабар
 
2017.12.19


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>