Эрдэнэтийн асуудал эцэстээ яах вэ?
Анх 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Ч.Сайханбилэгийн Засгийн газар Эрдэнэтийн ОХУ-ын "Ростех " компанийн эзэмшлийн 49 хувь Монголын талд шилжсэн тухай мэдэгдэж байсан. Ийнхүү ОХУ-ын мэдэлд байсан 49 хувийг "Монгол зэс” компани 470 сая орчим ам.доллараар худалдан авсан нь удалгүй тодорхой болсон. Улмаар энэхүү арилжаа хэл ам, эргэлзээ итгэлийн аль алиныг араасаа дагуулсан.
Ийнхүү 2017 оны хоёрдугаар сард УИХ энэ асуудлаар 23 дугаар тогтоол гаргаж, "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд буцааж авахаар шийдвэрлэсэн юм. Ийм шийдвэр гаргах үндэслэлээ "Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг зөрчиж эдгээр аж ахуйн нэгжийн 49 хувийн энгийн хувьцааг худалдаж авах төрийн давуу эрхэд хууль бусаар халдсан тул” хэмээн тайлбарласан байдаг.
Эрдэнэтийг тойрсон үйл явдал цааш үргэлжилж Засгийн газрын долдугаар сарын 4-ний өдрийн ээлжит хуралдаанаар Эрдэнэтийн 49 хувийг 100 хувь төрийн мэдэлд авах асуудлыг бүрэн шийдэж дуусгах шийдвэр гаргасан. Улмаар "Эрдэнэт”-ийн 49 хувь төрд эргэж ирсэн төдийгүй бүр ард түмэндээ хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэхээр болов.
Гэвч энэ шийдвэр гарахаас өмнө шүүх худалдан авсан талын нэхэмжлэлийг хэлэлцэж, Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авсан Засгийн газрын шийдвэрийг буруутгасан шийдвэр гаргаад байсан билээ.
Асуудал үргэлжилсээр шинэ оны өмнө "Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдийн бүрэлдэхүүн болон бүртгэлийн гэрчилгээнээс 49 хувийг эзэмшигч хувийн хэвшлийг хассаныг Дээд шүүх хууль зөрчсөн гэж үзсэн билээ. Ингэснээр төрд "шилжсэн” 49 хувь эргээд худалдан авсан талдаа ирэхээр болж, саяхан хувь эзэмшигчдийн 51/49-ийн төлөөллүүд хамтарч ТУЗ-ийн хурлаа хийсэн. Ийнхүү Эрдэнэтийн 49 хувийн эзэмшил хоёр эзний дунд шидэлцэх явдал үүгээр дууссангүй.
Өчигдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж "Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн өмч болгох шийдвэр гаргаж, үүнийгээ УИХ-ын 23 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж байгаа явдал хэмээн тайлбарлав. Ингэхдээ 49 хувийг эзэмшигч хувийн хэвшилтэй харилцан суутгах замаар тооцоо нийлнэ гэж мэдэгдэв. Засгийн газрын энэ шийдвэр угаас ойлгомжгүй байсан процессийг улам бүрхэг болгож, баахан харилцан суутгал гэсэн үгэн дунд төөрөлдүүлж орхив.
Үүнээс харахад Одоо дахиад "Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг сольж, бүртгэлийн гэрчилгээнд нь өөрчлөлт орохоор байна. Угаас холбогдох агентлагуудад үүрэг болгочихсон учир ийм процесс маш хурдан өрнөх боломжтой юм. Үүнийг нь эсэргүүцэж, 49 хувь талаас дахин шүүхэд хандах, цаашлаад Арбитрт гомдол гаргах зэргээр асуудлууд даамжрахаар байна. Нэгэн үе нам жим байсан "Эрдэнэт” үйлдвэрийн асуудал дахин дуулиан дэгдээж, олон нийт баахан талцаж маргах бололтой.
М.Баясгалан