Нефть импортлогчид шатахуун хязгаарлаж, иргэдийг бухимдуулсан хэвээр байна
Он гарснаас хойш шатахуун импортлогчид шатахууны зохиомол хомсдол үүсгэж, бензиний үнийг нэмж, иргэдийг ихэд бухимдуулсан.
Харин өнгөрсөн долоо хоногоос нефть импортлогчдод ногдуулж байсан онцгой албан татварыг тэглэсэн. Албан татвар тэглэх шийдвэр гарснаас хойш ихэнх шатахуун түгээх станцууд шатахуунаа нээлттэй худалдаалж эхлээд байсан юм. Гэвч өнгөрсөн амралтын өдрүүдэд өмнөх шиг шатахууны хязгаарлалт хийжээ.
Тиймээс өчигдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудаар явж сурвалжлага бэлтгэлээ. "Сансар”, "100 айл”, "13 дугаар хороолол” орчим байх шатахуун түгээх станцууд хэвийн ажиллаж байгаа ч нэгд нь АИ-92 бензинийг зарж байхад замын нөгөө талынхад нь зарахгүй байв.
Тухайлбал, Монгол гуравдугаар сургуулиас зүүн тийш "Сансарын тойрог” буюу "КТМС”-ийн уулзвар хүртэл "Шунхлай”, "Тэс петролиум”, "Петровис” гэх зэрэг таван колонк үйл ажиллагаа явуулж байна. Тэднээс "Сансарын колонк”-ын автобусны буудал дээр байх "Петровис”, "КТМС”-ийн урд байх "Шунхлай” хоёр АИ-92 бензинийг түгээж байна. Харин бусад колонкууд нь "АИ-92” дууссан, хэзээ ирэхийг мэдэхгүй байна гэх тайлбар өгч байв. Харин 11 дүгээр хорооллын уулзварын хажуугийн "Сити газ” шатахуун түгээх станц "АИ-92”-ыг 1620 төгрөгөөр худалдаалж байна. Бусад газар нь АИ-92 1630 төгрөг гэж байна. 100 айл дахь "Тэс Петролиум” болохоор огт ажиллахгүй байв.
Мөн өнгөрсөн амралтын өдөр Баянхошуу дахь "Содмонгол” картаар үйлчилнэ гэж байсан бол Тасганы овооны ойролцоох, Тэс Петролиум, Жаст-ойл зэрэг газрууд ажиллахгүй байсан ч өчигдрөөс ажиллаад эхэлжээ.
Мөн үүнээс гадна "Содмонгол”-ын 13 дугаар хорооллын салбар өнгөрсөн өдрүүдэд ажиллаагүй бөгөөд өчигдрөөс ажиллаж эхлэхдээ зөвхөн карттай хүнд бензин олгоно гээд, картгүй жолооч нарт огт өгөхгүй байгаа юм байна. Тус шатахуун түгээх компанийн нэг карт нь 50 мянган төгрөгийн үнэтэй ажээ. Энэ талаар Баянзүрх дүүргийн иргэн, жолооч Г.Батмөнхөөс тодруулахад "Том шатахуун түгээх станцууд бензин өгөхгүй биднийг хүнд байдалд оруулсан. Одоо ч энэ байдал нь хэвээр байна. Мөн зөвхөн карттай хүнд шатахуун өгнө гэдэг. Ард түмнээ боддоггүй олигарх компаниудад дургүй хүрч байна. Приус эзэмшигчдийн групп гэж фэйсбүүк хуудас байдаг. Манай группын бүх гишүүд, шатахуун импортолдог том компаниудаас огт шатахуун авахгүй. Яасан ч орлого оруулахгүй шүү гэж тохирцгоосон. Хааж боож байгаа юм шиг бензин дууссан гэдэг. Хэзээ ирэхийг мэдэхгүй гэнэ. Зарим нь засвартай байна манай засвар хэзээ дуусахыг мэдэхгүй байна гээд бензин дуусаад, машинаа түрээд, очсон ч өгөхгүй юм. Өвлийн ид хүйтнээр, ард түмэнд ингэж хандаж байгаад гомдолтой байгаа” гэж ярилаа.
Ер нь өчигдөр сурвалжлага хийж яваад тааралдсан жолооч болгон бухимдалтай, шатахуун хэрэглэдэггүй машин унах юмсан. Эсвэл Монголдоо нефтийн үйлдвэртэй болчихоосой гэж байв. Мөн жолооч О.Оюунбаатар ярихдаа "Төр засгаас асуудлыг нь шийдвэрлээд, онцгой албан татварыг нь тэглэж өгөөд байхад шатахуун түгээх станцууд хэвийн үйл ажиллагаандаа орохгүй байна.Нэг очиход бензин өгдөг, дараа очихоор өгөхгүй, эсвэл 20 мянган төгрөгөөс доош үнийн дүнд л өгнө гэж хааж боох юм. Үнэхээр бухимдахгүй байх арга алга. Өвлийн хэцүү цагт шатахууны хомсдол үүсгэхэд үнэхээр хүндрэл учирдаг юм байна. Таксины жолооч бид нэгдэж, нийлээд, хомсдлын үеэр бензин олгоогүй станцуудад цаашид орлого оруулахгүй шүү гэж ярьж тохирсон. Петровисоос бензин аваад явж байгаа харагдвал нэгэндээ хариуцлага тооцно гэж ярьцгаасан. "Содмонгол”-ын карт нь 50 мянган төгрөг, картаа аваад, дахин мөнгөөр цэнэглээд үйлчлүүлнэ. Мөнгөтэй хүмүүсээ дэмжиж, мөнгөгүй биднийг ад үзсэн зүйл хийж байна” гэж байлаа.
Шатахууны хомсдлын үеэр "М-Ойл”, Синчи-Ойл”, "Бадрал” "Сити газ” зэрэг жижиг колонкууд үнээ ч нэмэлгүй, иргэдэд өдөр шөнөгүй үйлчилж шатахуун түгээж байсан тул тэднээс авна гэж байлаа. Өчигдөр үдийн үед "Дарь-Эх”-ийн уулзварын урд байх "М-Ойл”-д ч нэлээд урт дараалал үүссэн байлаа.
Мөн хөдөө орон нутгуудад шатахууны хүрэлцээ хэр байгаа талаар утсаар холбогдож, асууж тодрууллаа. Өвөрхангай аймагт гэхэд л дизель түлш 2000 төгрөг аль хэдийнэ гарсан. Бүрд суманд зуд ихтэй, шатахуун хомсдолтой, зарим өдрүүдэд колонкууд нь шатахуун өгөхгүй болчихдог нь маш их хүндрэл учруулж байна. Өвс, тэжээл ачих, ус түлээгээ зөөх, гэрээ нүүлгэх, оторлох гээд бензин тосны хэрэг маш их гарч байгаа ч шатахууны хомсдлоос болоод, хамаг ажил зогсож, хүнд байдалд орж байна гэдгийг нутгийн иргэд хэлж байна. Мөн Төв аймгийн ихэнх сумдад бензин ховор, зарим зам даваа хаагдсан байгаа гэнэ. Харин Булган, Архангай, Хөвсгөл аймгуудад шатахууны хомсдол нэг их мэдэгдээгүй байгаа аж. Гэхдээ Хөвсгөлийн Цэцэрлэг сум нэлээд зудтай байгаа тул шатахууны хэрэглээ улам бүр нэмэгдэх хандлагатай байна.
Завхан аймагт бензиний нөөц ерөнхийдөө бага байгаа гэдгийг аймгийн Онцгой байдлын газарт шатахуун түгээх станцууд мэдээллэсэн байна. Ялангуяа АИ-92 бензиний нөөц маш бага байгаа гэжээ. Ховд аймгийн хувьд шатахууны үнэ сүүлийн хэд хоногт өөрчлөлт ороогүйгээс гадна үйл ажиллагаагаа хэвийн явуулсан байна. Гэхдээ Ховд аймагт бусад газраас шатахууны үнэ 200 төгрөгийн нэмэгдэлтэй байдаг гэнэ.
Нефть импортлогч компаниуд иймэрхүү байдлаар чирэгдэл учруулсаар байгаа нь автомашинтай хүн бүрийн дургүйцлийг хүргэж байна. Оросын бензин колонкийг оруулж ирэхийг жолооч нар дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Мөн шатахуун олдохгүй байгааг далимдуулан шатахуун түгээх зарим газар дутуу шахалт хийж байна гэж иргэн Б.Цогт ярилаа. Зэргэлдээ байдаг шатахуун түгээх станцууд хоорондоо ярьж тохиролцсон юм шиг нэг нь өгөхөөр нөгөөх нь өгөхгүй байх зэргээр ээлжилж ажиллаж байна.
Б. ДЭЛГЭРМАА
Өдрийн сонин