УИХ-ын гишүүн Д.Гантулгыг цагдан хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ

921
 УИХ-ын гишүүн Д.Гантулгыг цагдан хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ

Сар шинийн баярын өмнөхөн УИХ-ын  гишүүн Д.Гантулгын хэрэгтэй холбоотой нэгэн    мэдээлэл цацагдсан. Шинжээчийн дүгнэлтээр УИХ–ын  гишүүн Д.Гантулга гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдлоо гэсэн юм.

Мөн өчигдөр Нийслэлийн прокурорын газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор С.Бясман "…УИХ–ын гишүүн Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байгаа. Түүнд яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар мөрдөгч болон прокуророос хэд хэдэн удаа дуудсан боловч эрхэм гишүүн орон нутаг, гадаадад ажилтай байгаа нэрийдлээр одоог хүртэл ирээгүй байна.
Ер нь хэн ч бай прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсанд заасан хугацаанд ирэх үүрэгтэй. Ирээгүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.3 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэнэ. Мөн яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар дуудсан сэжигтэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан нь хуулийн дагуу баривчлах үндэслэл болдог.

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дараа дараагийн арга хэмжээ болох шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх ажиллагааг явуулж байна. Цаашид прокурор, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол танилцуулсны дараагаар хуульд заасан тодорхой төрлийн ажиллагаануудыг хийнэ” гэж мэдэгдсэн.

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас УИХ–ын гишүүн Д.Гантулгыг цагдан хорих саналыг энэ долоо хоногийн эхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Харин УИХ–ын гишүүн Д.Гантулга гадаадад явж байгаа юм байна.
Түүнийг цагдан хорих эсэх шийдвэрээ шүүх өчигдрийн байдлаар гаргаагүй байв.
 
Б.Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>