Худалдааны дайн жинхэнэ дайн болохын учир
АНУ-аас БНХАУ-тай тогтоосон харилцааны суурь өнгөрсөн долоо хоногт бут үсэрлээ. Шалтгаан нь АНУ протекционизмын зүг эргэж, Хятад улс нэг хүний засаглалд шилжсэн явдал.
Дэлхийн гол хоёр эдийн засаг өнгөрсөн 40 жилд харилцан ойлгох зарчимд тулгуурлан даяаршлын талд зогсож байлаа. АНУ чөлөөт худалдааг хэзээд дэмжинэ хэмээн хятадууд ойлгож ирсэн. Хятадын эдийн засгийн либералчлал яваандаа улс төрийнх болно хэмээн америкчууд итгэж байлаа.
Энэ хоёр итгэл үнэмшил эдүгээ нурж уналаа. Ням гарагт Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал тус улсын дарга Ши Жиньпинийг насан туршаа засгийн эрх барихыг зөвшөөрсөн өөрчлөлтийг үндсэн хуульдаа оруулж өгөв. Гуравхан хоногийн дараа Ерөнхийлөгч Дональд Трамп ган, хөнгөн цагааны импортод тариф тогтоож "худалдааны дайн нь ялахад хялбар, сайн зүйл” хэмээн Twitter-т жиргэв.
Гэхдээ ноён Трампын гэнэн найдвар нь худалдааны дайны аюулыг огоорч байна. Эрсдэл дан ганц эдийн засагтай холбоогүй, худалдааны дайн гүнзгийрсээр байвал АНУ, БНХАУ-ын хооронд жинхэнэ дайн дэгдэж болзошгүй.
Өрнөдийн зах зээлийг нээлттэй байлгах шаардлага л хүчирхэгжиж буй Хятад улсын геополитикийн амбицыг саяхан болтол хязгаарлаж байв. Гэхдээ Америкийн протекционизм даамжирвал хятадууд тооцоогоо өөрчилнө. Хэрэг дээрээ ноён Трампын тариф нь худалдааны дайн зарлаж буй ёслолын буудлага. Ерөнхийлөгчийн гаалийн татвар дэлхийг нийтэд нь хамарсан шинжтэй, Хятадад шууд уршиг багатай. Цаашдын, ялангуяа оюуны өмчтэй холбоотой гааль татвар Бээжинг илүү ажиглах болно. Нарийн яривал Цагаан ордны худалдааны хэрэг эрхэлсэн захирал Питер Наварро БНХАУ АНУ-ын эдийн засгийг сүйрүүлж буй тухай Death by China номыг зохиогч юм.
Бээжин үзэл суртал, геополитикийн талбарт Вашингтонтой улам эрэмгий харьцах болсон үед АНУ Хятадтай эдийн засгаар сөргөлдөж эхэллээ. Ши Жиньпиний засаглалын жилүүдэд Бээжин Өмнөд Хятадын тэнгист арал байгуулах хөтөлбөр хэрэгжүүлж, хуурай газар, далай тэнгис дэх нутаг дэвсгэрийн маргаанд байр сууриа бэхжүүлэв. Хятадын бодлого нь дэлхийн худалдааны усан зам харилцааны чухал бүс нутаг болох Номхон далайн өрнөд хэсэгт АНУ-ын ноёрхлыг эцэс болгох зорилготой.
Мөн Бээжингийн шинэ авторитар тогтолцоо нь Хятадад нийцсэн засаглалыг сурталчлаад зогсохгүй өрнөдийн ардчиллыг орлож чадах засаглалын өөр хувилбар дэвшүүлдэг.
Хоёр улс худалдаа, газар нутаг, үзэл суртлаар сөргөлдөх тусам аль аль талд гомдол ихэснэ. АНУ, БНХАУ-ын удирдагч аль аль нь үндэсний бахархлаа гутаалгалаа гэсэн бодолтой үндсэрхэг үзэлтнүүд. АНУ-ыг дэлхий ертөнц тавлан шоолж, Хятад улс хүч түрэмгийлж байна хэмээн ноён Трамп мэдэгдсэн. Эзлэгдэж, зарим хэсгээ колончлуулсан 1839 оноос хойш "бүтэн зуун үргэлжилсэн доромжлол”-ыг эцэс болгож, Хятадын ард түмнийг "дахин агуу ихээр залуужуулах” үйлст чиглүүлэгч болохоо ноён Ши амласан.
Трамп, Ши нар удирдагч болон тодорсон нь хоёр улсад үзэл суртлын өргөн хүрээтэй өөрчлөлт болж буйн тусгал. Ихэнх америк ажилчны бодит цалин тогтмол юм уу буурч ирсэн гучин жил даяаршил, чөлөөт худалдаанд итгэх тус улсын итгэлийг үгүй хийлээ. Ноён Трамп бол 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын хамгийн чанга протекционист дуу хоолой болж байлаа. Түүний өрсөлдөгч Хиллари Клинтон хүртэл хүчинд автан, цагтаа дэмжиж байсан Транс-Номхон далайн түншлэл хэмээх чөлөөт худалдааны хэлэлцээрээс татгалзахад хүрсэн юм.
Капитализм Тройн морьтой адил үйлчилж Хятадын ганц намын засаглалыг унагана хэмээн АНУ-ыг амжилттай удирдаж байсан Ерөнхийлөгч нар тооцоолдог. АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж В.Буш "Хятадтай чөлөөт худалдаа хий. Цаг хугацаа манай талд” хэмээн өгүүлж байлаа.
Хятад орон либералчлагдах тусам АНУ-тай олон улсын тавцанд бага өрсөлдөнө хэмээн америк тогтолцоо ойлгодог. Ардчилал өөр хоорондоо байлддаггүй гэсэн санаа бол либерал интернационализмын үндсэн номлолын нэг.
Гэтэл Ши Жиньпиний Хятад дахь улс төрийн өрнөл нь АНУ амжилттай үүсгэн хөгжүүлж ирсэн олон улсын либерал үзэл бодлыг няцааж орхив. Хятад улс илүү ардчилсан болж чадсангүй. АНУ үүсгэж, ноёлж ирсэн дэлхийн дэг журамд цаашид чимээгүй захирагдах хүсэлгүй болчихлоо.
Энэ өөрчлөлт нь шинэ сэтгэлгээ, сэтгэгч нарт анхаарч буй Хятадад үндэсний сүр хүчний мэдрэмж ихсэж буйн тусгал. Ши Жиньпинээс өмнөх үед Хятадын удирдагч, эрдэмтэд хоёр улс бие биеэсээ хамааралтайг онцлон тэмдэглэдэг байв. Хятадын эрчимтэй хөгжил нь АНУ ноёрхдог хорвоо ертөнцийн суурь дэвсгэр дээр өрнөж байгаа учраас хоёр улс өрсөлдөх шалтгаан бага гэсэн уламжлалт ойлголт бий. Гэтэл либерал интернационализмын энэхүү хятад хувилбар цаашид Бээжинд нийтлэг үйлчлэхээ болив. Саяхнаас Хятадын сэхээтнүүд уг сэдвээр өөр санаа дэвшүүлдэг болсон. "АНУ залдаг дэлхийн дэг журам бол нэгэнт таарахаа байсан хослол” хэмээн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гадаад хэргийн хорооны дарга Фү Ин мэдэгдлээ.
Протекционист, үндсэрхэг АНУ, бардам итгэлтэй, үндсэрхэг БНХАУ хоёрын шинэ хослол тэсрэх аюултай. Гэхдээ ноён Трампын хувирамхай байр суурь зөрчилдөх аюулыг багасгаж мэдэх юм.
Өмнөхүүдээсээ ялгаатай нь АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч ардчиллыг гадаадад сурталчлаад байх сонирхолгүй. Тэрбээр нэг хүний засаглал тогтоосон ноён Ши-г үл анзаарсан дүр эсгэх болов уу. Үнэндээ бол мань хүн атаархаж ч байж мэднэ.
Гидеон Рахман
Засгийн газрын мэдээ