Дарьганга, ховордсон усны шувууд, цагаан зээрийг хамтад нь хамгаалъя

2203

Дарьганга, ховордсон усны шувууд, цагаан зээрийг хамтад нь хамгаалъя

 

Дэлхий онгон дагшин, үзэсгэлэнт байгалиар баян ч дахин давтагдашгүй бас нөхөгдөшгүй газар нутаг гэж бий. Үүнийгээ дагаад эрх зүй хүрээнд хамгаалах, хайрлах зайлшгүй шаардлагатай байгалийн үзэсгэлэнт газар нутаг цөөнгүй. Тэдгээрийн нэг нь Ганга нуур төдийгүй түүнд хамааралтай амьтан, ургамал, шувууд, байгалийн ховор нандин тогтоц билээ.

 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс зүүн урагш арваннэгэн километрт орших Молцог элсний зүүн хойд захад оршихэлсэнд боогдон тогтсон нуур бол Ганга нуур юм. Эрт үеэс шүтэж ирсэн Дарь уул, Ганга нуур хоёрын барилдлагыг бэлгэдэн Дарьганга гэдэг нэрийг энэ газар нутагт хайрласан түүхтэй. Ганга нуур нь талбай бага ч цэнгэг устайн дээр өвөрмөц бичил уур амьсгалыг бүрдүүлдэг. Ганга нуур, Молцог элс, түүний захаар орших Холбоо, Сүмт зэрэг нууруудыг хамарсан 32860 га талбай бүхий нутгийг 1993 онд улсын хамгаалалтад авчээ. Ганга нуурын усыг 21 булаг тэтгэн тэжээдэг бөгөөд тэдний гол амин судас нь Дагшин оргихын булаг юм. Тэр булаг нуурын зүүн хойно 50 метр зайд газрын гүнээс оргилон гардаг бөгөөд маш тунгалаг хүйтэн устай. Нарийн ширхэгтэй элсний доороос даргилан буцалж байгаа юм шиг оргилон гарах бөгөөд чангаар дуугарах тусам улам ихээр элс бужигнан оргилдог онцлогтой билээ. 

Гэвч Ганган нуур мөхөхийн даваан дээр иржээ. Сүүлийн жилүүдэд дулаарал, цөлжилт, уул уурхайн хөгжил, хулгайгаар мод бутыг нь огтолсноос үүдэн нуурын ус эрс татарч, 21 булаг нь цөөрч, зарим жил хун шувууд чуулахгүй болсон тухай нутгийнхан ярьж буй. Түүнчлэн сүүлийн гурван жилд Ганга нуур уур амьсгалын өөрчлөлт, хэт халалт, хүн, малын нөлөөтэйгээр зарим сард бүр ширгэж, газарт шургах болсон мэдээлэл тасрахгүй байгаа. Үүнтэй холбототойгоор "Ганга нуураа хамгаалъя” гэх зэрэг хөдөлгөөн, аян хүртэл өрнөж байгаа ч төдийлэн ач холбогдолтой, үр дүнтэй байж чадахгүй байгаа билээ. Өөрөөр хэлбэл, тус байгалийн цогцолборт газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн өргөтгөлд хамруулан хамгаалалтын бүс нутгийг тэлэх зайлшгүй шаардлага тулгарсан гэсэн үг. Хүн, малын хөлөөс хамаарал бүхий газрыг нь тусгаарлах нь нуурын усны бохирдол хийгээд түвшинд ихээхэн ач холбогдолтойг эрдэмтэн, судлаачид хэлсээр байгаа. Дарьганга нутгийг Ганга нуураар нь дамжуулан хамгаалахаас аргагүй зарим зүйлийг тэмдэглэе.

Дарьганга нутагт Монголын эртний түүх, соёл холбогдох хүн дүрст 51 чулуун хөрөг бүртгэгдсэн байдаг. Эдгээр чулуун хөрөг нь Дарьгангын тал хээр нутагт тархан оршино. Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд эдгээр хүн чулуун дурсгалууд нь 13 зууны үеийн Монголын хаад, хатдын нас барсны дараах дурсгал, тахилгын зан үйлд зориулсан хөшөө болох нь тогтоогдсон байдаг.

Түүнчлэн тус нутагт монгол орны хээрийн бүсийн амьтад тархахын сацуу Зэрлэг амьтан ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци (CITES)-д II хавсралтад бүртгэгдсэн саарал чоно, Монгол орны хөхтөн амьтдын Улаан дансанд "Ховордож болзошгүй” ангиллаар бүртгэгдсэн саарал чоно, шар үнэг, хярс үнэг, "Устаж болзошгүй” ангиллаар орсон цагаан зээр зэрэг амьтад байнга болон нүүдэллэн амьдардаг нь биологийн төрөл зүйлийн хувьд амьдрах таатай орчин төдийгүй нүүдлийн зам коридор нутаг юм.

Ганга нуур болон ойр ойрмын нуурууд, тал хээрт нийтдээ 111 зүйлийн шувуу бүртгэгдсэнээс 20 орчим нь олон улсын болон үндэсний хэмжээнд хамгаалагдсан байдаг юм байна. Ялангуяа хун шувуу бол Ганга нуурын бэлгэдэл. Энэ ч утгаараа монголчуудын дунд "Мянган хунгийн чуулган” хэмээн алдаршиж, хунгийн чуулганаараа аялагч, жуулчдыг татдаг гол нутаг юм. Түүнчлэн усны шувууд хоол тэжээл, дулаан нутаг бараадан намрын турш аажмаар урагшилдаг. Энэ урагш чиглэсэн нүүдэл нь Өмнөговь, Дорноговь, Баянхонгор чиглэлээр дамжих боломж бараг байдаггүй байна. Учир нь тэнд цөл, говийн бүс үлэмж их үргэлжилж, нуур цөөрөм байхгүйтэй холбоотой. Монголын нутаг дээгүүр шувууны гурван их зам гардгийн нэг нь Сүхбаатар аймгийн өмнүүр гарах бөгөөд тэнд байх олон нуур цөөрмүүд шувуудыг энэ замаар дулаан орныг зорих шалтгаан болдог билээ. Түүний нэг нь Ганга нуур юм.

Үүнээс гадна устаж болзошгүй ангилалд нэгэнт орсон цагаан зээрийн нүүдлийн хийгээд амьдардаг нэг бүс нутаг нь Сүхбаатар аймгийн Дарьганга юм. Малчид төдийгүй нутгийн зарим айлд өдгөө ад үзэгдэх болсон цагаан зээр Дарьганга нутгийн экологийн тэнцвэрийг хадгалагч төдийгүй нэгэн бахархал нь яах аргагүй мөн. Цагаан зээр хурц туурайгаараа өвсний үрийг газарт шигтгэж өгдөгөөрөө ашигтай. Цагаан зээрийн тоо толгой эрс цөөрч буй хамгийн гол шалтгаан бол өвс тэжээлийн хомсдол, тархац нутаг нь жилээс жилд хумигдаж буй байдал, зарим төрлийн халдварт өвчин, түймэр, уул уурхайн салбарын хөгжил, хууль бус агнуурын нөлөөнөөс шууд хамаарч байгаа юм.

Ургамалжилтын хувьд тал хээрийн, хуурай хээрийн, нугын, цөлөрхөг хээрийн ургамал зонхилно. Дагуур огдой, тарвага, дагуурын зурам, орог зусаг, дорнодын шигнүүхэй, хэргэлзэй оготно, хярс зэрэг амьтадтай. Тоодог, тогоруу, ногтруу, улаан хошуут жунгаа, шар шувуу, болжмор, алаг шаазгай, тас, бүргэд зэрэг шувууд байнга нутагладаг онцлогтой.

Өөрөөр хэлбэл, байгалийн унаган төрхөө хадгалсан, түүх соёл, экологийн боловсрол хүмүүжил, танин мэдэхүйн ач холбогдолтой, аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой энэхүү газар нутгийг олны хөл, малын бэлчээрт талхалагдахаас өмнө, зэрлэг амьтад төдийгүй дэлхийд ховордсон шувууд дайжиж үргэхээс урьтаж, тив алгасан нүүдэллэж буй шувуудын цангаагаа тайлах Ганга нуурыг ширгэхээс сэргийлж тусгай хамгаалалттай газар нутгийн өргөтгөлд хамруулах зайлшгүй шаардлага байна.

 

 

 

Б.ЭНХМАРТ

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>