Халаа сэлгээ… УУХҮЯ
У.Хүрэлсүхийн багт УУХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар томилогдон ажиллаж байна. Энэ Засгийн газар салбар бүртээ халаа сэлгээ хийхгүй гэсэн бодлого баримталж байгаа. Гэсэн ч сайдууд тодорхой хэмжээнд томилгоо хийж байна. УУХҮЯ-ны хувьд дэд сайд Д.Загджавыг солино, солихгүй гэсэн яриа гараад өнгөрсөн. Бүр салбарын сайд нь "Засгийн газрын эсрэг ажиллаж байгаа Д.Загджавыг хална” гэдгээ мэдэгдэж байв. Гэхдээ тэдний зөрчил одоо түр намжаад байна. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалыг ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд М.Баярааг томилсон байна. М.Баяраа нь өмнө нь УИХ-ын Тамгын газар, олон улсын байгууллага, СХД-т удирдах албан тушаал хашиж байсан юм. Харин Б.Махбал Зам тээвэр, хөгжлийн яаманд Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар шилжин ажиллаж байна. Мөн Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатарын ажлаас нь чөлөөлж, Б.Дэлгэржаргалыг томилжээ. Тэрээр уул уурхайн хувийн хэвшилд таван жил, 2008-2018 он хүртэл АМГТГ-т уул уурхай хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байв. Түүнчлэн Геологийн бодлогын газрын даргаар Б.Мөнхтөрийг томилжээ. Б.Мөнхтөр нь 1995 онд Дорнодын Геологийн экспедицээс ажлын гараагаа эхэлсэн, мэргэжлээрээ 15 жил ажиллаад, 2010 оноос төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаа юм. Өмнө нь энэ албан тушаалд 2016 оноос Д.Ганбат ажиллаж байжээ. Ийнхүү УУХҮЯ-ны хувьд өнгөрсөн хугацаанд дотооддоо нэлээд халаа сэлгээ хийсэн байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Т.БАТСАЙХАН