ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС МӨНГӨН МЕДАЛЬТАЙ АЙМАГТАА ИРЛЭЭ
ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдсан Олон улсын өсвөрийн аварга шалгаруулах "Berlin-Cup 2018" сагсан бөмбөгийн тэмцээнд Даланзадгад сумын Төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын 7-р сургуулийн баг тамирчид МӨНГӨН МЕДАЛЬ хүртэж, улс аймгийнхаа нэрийг олон улсад алдаршууллаа.
Мөнгөн медалийн эзэд Б.Өлзийбат дасгалжуулагчтай баг тамирчид өнөөдөр аймагтаа ирж, аймгийн Засаг дарга Н.Наранбаатартай уулзаж, тэмцээн уралдаанд дэмжиж ажилласанд талархснаа илэрхийлэв.
Өмнөговь аймгийнхаа нэрийг олон улсад алдаршуулсан өсвөрийн шигшээ багийн тамирчиддаа дахин баяр хүргэж, цаашид илүү их амжилт гаргахыг ерөөлөө. Мөн аймаг орон нутгийн төсөв санхүүгийн боломж нөөцөөс тэмцээн уралдаанд оролцох, бэлтгэл сургуулилтаа хийхэд тодорхой хэмжээгээр дэмжиж ажиллана гэдгээ аймгийн Засаг дарга Н.Наранбаатар илэрхийллээ.
Монголыг олон улсад алдаршуулсан тамирчиддаа илүү их амжилтыг хүсье. Тамирчны алдар бадартугай.